
УИХ-ын чуулганы баасан гарагийн нэгдсэн хуралдаанаар Төрөөс мөнгөний бодлогын талаар 2012 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэх эсэхийг үргэлжлүүлэн хэлэлцээд, хуралдаанд оролцсон 40 гишүүнээс 31 нь “Хэлэлцэх нь зүйтэй” хэмээн үзсэнээр тогтоолын төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр УИХ-ын Эдийн засгийн байнгын хороонд шилжүүллээ.
УИХ-ын гишүүн Х.Бадамсүрэн хэлэхдээ эдийн засгийн өсөлт өндөр байгаа нь гарт баригдаж, нүдэнд үзэгдэх нь юу билээ гэдэг нь чухал. Өнгөрсөн онуудад явуулсан төсөв мөнгөний бодлого маань хүн амын бодит орлогыг нэмэгдүүлэх, нийгмийн үйлчилгээний бүтээмжийг дээшлүүлэх, бодит салбарын хөгжлийг тэтгэхэд чиглэж чадсан бол үр дүнг жишээ, тоо баримтаар батлах, инфляцийг бууруулахад төсөв мөнгөний бодлогод, худалдааны бодлого явуулах, эдгээр бодлогоо нягт уялдаатай явуулах учиртай. Ийм бодлогыг сүүлийн жилүүдэд явуулж чадав уу , бодит байдал учир дутагдалтай санагддаг гэсэн асуултанд Монгол банкны ерөнхийлөгч Пүрэвдорж хариулахдаа эдийн засгийн өсөлт ирэх онд 20 гаруй хувьтай гарах нь байна. Төсөв энэ онд болон ирэх онд 50 хувь өсөж байгаа. Зээл өнгөрсөн онд 50, ирэх онд 60 орчим хувиар өснө. Гэхдээ ядуурал буурахгүй байгаа, хөгжлийн чанарт анхаараач гэсэнтэй санал нэг байна. Гаднаас валютийн урсгал их орж ирж байна. Өргөн хэрэглээний барааны импорт нэмэгдэж байна. Төсвийн бодлогоос үндэслээд Монгол улсын эрсдлийн даац муудаж байгаа. Хувийн секторт очих зээлийн урсгал нэлээд саатаж байна. Халамж хүртэгчдийн тоо нэмэгдэж байна. Монгол банкин дээр алдагдал гарч байгаа нь макро бодлогын зарлага болон гарч ирлээ. Засах ёстой зүйл байна. Маш түргэн төсвөө хумьж, мөнгөний бодлогоо сулруулмаар байгаа юм. Энэ зорилтыг ядаж 2013 оноос хэрэгжүүлэхгүй бол Монгол улсын хөгжлийн төлөвт муу нөлөөтэй байна гэлээ. Түүнчлэн энэхүү мөнгөний бодлогод гишүүд шүүмжлэлтэй хандсан. Хэрвээ Монгол Улсын 2012 оны төсвийн зарлагыг бууруулж өгөхгүй бол мөнгөний 2012 оны бодлогыг одоо оруулж ирсэн хэлбэрээр УИХ-аас батлан гаргах боломжгүй. Инфляци ямагт зовоож, Төв банк бодлогын хүүгээ өсгөн эцсийн дүндээ энэ нь бизнес эрхлэгчид үйл ажиллагаа явуулах боломжгүйд хүрч бодит эдийн засгийг туйлдуулна гэж үзэж байна. Нөгөөтэйгүүр, Засгийн газрын хувьд УИХ-ын 2008 оны амлалтаа хэрэгжүүлэх хүрээнд бэлэн мөнгө ихээр цацсан, баялаг бүтээгчдийг туйлдуулсан, төрийг данхайлгасан нэг үгээр хэлбэл хэтэрхий сонгуульжсан төсөв оруулж ирсэн нь Монгол Улсын 2012 оны төсөв, 2012 оны мөнгөний бодлого хоёрыг ямар ч уялдаа холбоогүй болгож байна. Тийм учраас байнгын хорооны төвшинд сайн ажиллах шаардлага байна. Ер нь ирэх оны төсөв бол сонгуулийн төсөв биш бодлогын төсөв байх ёстой гэсэн саналыг ч УИХ-ын гишүүн С.Эрдэнэ хэллээ. Үүнтэй УИХ-ын дарга Д.Дэмбэрэл санал нэг байгаагаа онцоллоо. Мөн УИХ-ын гишүүн Х.Наранхүү “Үлдсэн цаг хугацааг ашиглаад төсвийн зардлыг хянаж, үйлдвэрлэлийн зээлийг яаж дэмжих вэ, үйлдвэрлэлийн бус зээлийг яаж хязгаарлах вэ гэдгийг хянах” хэрэгтэй байна гэсэн бол УИХ-ын гишүүн Я.Батсуурь “Монголбанкны хувьд импортын инфляцид судалгаа хийх шаардлага байна” гэлээ. Д.Балдан-Очир гишүүн хэлэхдээ, төрөөс мөнгөний талаар бодлого гэсэн баримт бичигт 3 жил дараалан оролцлоо. Өнөөдрийн энэ арга барил аргачлал, загвар мөн үү биш үү гэж асуулт тавьж байгаа. Үнэ өсөхөөр Төв банкны хүүг өсгөдөг ганцхан механизмтай, өөрөөр хэлбэл эдийн засгийн тэлэлтийг боомилдог ганцхан аргатай. Эдийн засаг тэлээд хөгжөөд байдаг. Гэтэл хувийн хэвшлийг боомилсон, гадны хүчтэй компаниудыг Монголын эдийн засаг дээр тоглох боломжийг нээж өгсөн бодлого явж байна. Үүнийг Төв банк руу хандаж хэлээгүй, УИХ эргэж хармаар байна . Макро зохицуулалт буюу дотоод худалдаа, экспорт, импортын асуудал, эдийн засгийн нэгдсэн бодлого гэж зангилаа байхгүй бол хэдэн жилийн дараах мөнгөний бодлогыг яаж харах вэ, харанхуй явж байна гэлээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ