
Монголчууд тэр жилийн зуд гэж ярьдаг байлаа. Тэгэхэд л нэг зуд шиг зуд болсон юм уу даа. Тэгэхэд жинхэнэ байгалийн зуд тохиосон болж таараад байгаа юм. Үхрийн сүүл угаараа тасарч унаж байсан гэдэг юм. Махан хэсгээрээ тас хөлдөхгүй юу. Тэрийг харин ёстой зуд гэж болохоор санагдах юм. Харин сүүлийн үед жил бүр зуд тохиодог болох нь ээ. Тэгэхээр “Энэ чухам ямар зуд болоод байна аа?” гэдэг асуулт урган гарах нь зүйн хэрэг билээ. Цас ороод шуурчихаар зуд болдог юм бол жил бүр тохиох нь мэдээж.
Тэгтэл өвөг дээдэс маань тэр болгоныг зуд гэдэггүй, байгалийн ердийн үзэгдэл, нэг л өвөл болж байна хэмээн үздэг байжээ. Малчид ч өвөлдөө бэлдээд хэрэгцээнийхээ хэрээр өвс тэжээлээ бэлдэж орхино. Мал нь цас малтаад хоолоо олоод идчихнэ. Өнөөдрийн мал, хүн хоёр нэг л биш болжээ. Хэрэгцээгээр гэдэг юм байхгүй болсноос хүн бүр хүч, нөөцөө мэдэхгүй 1000 малтай болохын дон шүглэжээ. Малыг нэгмөсөн хувьчилсан нь зөв байсан ч цаг ямагт туслах гэсэн төр, засгийн өр зөөлөн сэтгэл малчдыг бүр давраасан байна.
Өвсийг албатай юм шиг тонн тонноор нь бэлтгэн, заримдаа худалдаж аван илгээдэг нь тэднийг бэлэнчлэх сэтгэлгээнд нэг мөр автуулжээ. Мал нь хотоороо үхчихээр малжуулж орхих юм чинь юундаа ч санаа зовох билээ. Биднийг хүүхэд байхад малын элгэвч, нэмнээ, лаа, шүдэнзхэн илгээгээд л болдог байсан биш үү? Саяхан болсон нэгэн зудын зураглалыг сонирхоход ямар зуд болоод байгаа нь бүрэн харагдах бөлгөө. Зурагтаар жишээ болгон гаргасан шүү дээ. Нэг нутгийн, нэг голын, мал хуй ойролцоо саахалт хоёр айлын нэг нь хотоо харлуулчихаад байхад нөгөө нь хот дүүрэн хоньтой байсныг хараад гайхахын ихээр гайхаж байснаа санаж байна.
Нууц нь ганцхан юманд байлаа. Хоньтойгоо үлдсэн малчин өглөө бүр хөрзөнгөө гараар ховхлон малынхаа хэвтрийг хатаадаг байж. Мал нь орой хотлохдоо дулаан хэвтэрт ирнэ шүү дээ. Нөгөө малчных нь малын хэвтэр мөсөн каток шиг л юм харагдсан билээ. Түүн дээр хэвтсэн мал өлдөж биш жиндэж үхдэг юм байгаа биз дээ. Эндээс юу харагдаад байнав гэхээр байгалийн зуд тохиосон гэхэд хэцүү санагдана. Сэтгэлийн зуд л тохиогоод байгаа хэрэг л дээ. Ний нуугүй хэлэхэд, жирийн цас орж, салхи шуурахаар зуд болж байна гэдэг болоо юу даа. Сэтгэлийн зудыг давахад харин хэцүү, хэцүү.
Эх сурвалж
www.wikimon.mn
СЭТГЭГДЭЛ БИЧИХ