
АНУ-ын Нью-Йорк мужийн Монрогийн Вебстэрт их хэмжээний гал гарч гарсан галыг унтраахаар очсон гал сөнөөгч Томас Казкова, Майк Чиарерин нар буудуулан амиа алдаж, хоёр албан хаагч биедээ хүнд гэмтэл авчээ. Биедээ гэмтэл авсан албан хаагчдыг одоогоор эмнэлэгт хүргээд байгаа аж.
Цагдаа нар болон гал сөнөөгчдийг ирэхэд байшингийн ихэнх хэсэг галд автсан байжээ. Галыг унтраахаар албан хаагчид дотогш нэвтрэх үед тэдэн рүү зэвсэглэсэн этгээд буудсан аж. Тэрээр гэртээ санаатайгаар гал тавьсан байж болзошгүй хэмээн цагдаа нар сэжиглэж байна. Гэмт этгээд гэрийнхээ ойролцоо машиндаа галт зэвсэг хадгалж байсныг цагдаа энэ үеэр олж тогтоожээ. Албаныхны мэдээлснээр хэргийн газраас гэмт этгээдийн цогцос олдсон бөгөөд 62 настай Уильям Спэнглер байсныг орон нутгийн цагдаа нар тогтоосон байна.
Цагдаа нарын мэдээлснээр Спэнглер гал тавьж, албан хаагчдын аминд хүрсний дараа толгойн тус газраа өөрийгөө буудаж амиа хорлосон бөгөөд тэрээр эмээгийнхээ амийг хөнөөсөн хэргээр өмнө нь 17 жилийн хорих ял эдэлж байсан гэмт этгээд юм.
Түүний эгч одоогоор сураггүй байгаа бөгөөд гал гарсан байшинд үлдэж амиа алдсан байж болзошгүй хэмээн цагдаагийнхан таамаглаж эрлийг үргэлжлүүлж байгаа юм.
Ньютауны 27 хүний амийг хөнөөсөн хэрэг Америк даяар иргэдийг цочирдуулж байсан бол өчигдөр дахин галт зэвсэг хэрэглэн хүний аминд хүрсэн хэрэг гарсан байна. Цагдаа нарын мэдээлснээр одоогоор хэргийн газар мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа гэнэ.
Э.Мөнхнасан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ