Нийслэлийн хүнсний худалдааны төв, дэлгүүрийн лангуун дээр худалдаалагдаж буй пирошки, гамбургер, чизбургер зэрэг нь яарсан нэгний хамгийн амархан “хоол” нь болдог. Иргэд эдгээр авсаархан, хямдхан “хоолны”-хоо орц, найрлага болоод хаана, хэзээ, хэн үйлдвэрлэснийг нэг их чухалчилж үздэггүй нь манайхны зан. Тэгвэл энэ төрлийн бүтээгдэхүүнийг ямар ч чанарын шаардлага хангаагүй орчинд үйлдвэрлэж, хэрэглэгчдэд худалдан борлуулдаг байсан нөхдийг НМХГ-аас илрүүлжээ. Энэ талаар НМХГ-ийн ХХААҮҮХХ-ийн хүнсний чанар, аюулгүй байдлын хяналтын улсын ахлах байцаагч О.Нямдаваагаас тодрууллаа.
-Гамбургер, чизбургер зэргийг нууцаар хийж байсан иргэдийг илрүүлсэн гэж байна. Энэ талаараа тодруулаач?
-Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас Баянгол дүүргийн VI дугаар хороо, Дилав хутагт Жамсранжавын гудамж буюу III эмэнэлгийн яг хойно байрлах амины орон сууцанд гамбургер, чизбургер хийж, Бөмбөгөр худалдааны төвийн 23 дугаар лангуугаар борлуулдаг байсан БНХАУ-ын иргэн Лю Пан, Жи Зин Вү гэдэг хоёр иргэнийг илрүүлсэн. Илрүүллээ гэдгийн учир нь тэд гаднаа ямарч нэр хаяггүй нууцлагдмал байдалтайгаар үйл ажиллагаагаа явуулж байсныг иргэдийн мэдээллийн дагуу шалгасан.
-Тэд ямар зөрчил гаргасан юм бэ?
- Эдгээр хүмүүс 2006 онд Хятадын 100 хувийн хөрөнгө оруулалттай “Фэнци” ХХК-ийг байгуулж, монголд үйл ажиллагаа явуулж ирсэн байна. Гамбургер, чизбургер зэргийг урьд өдөр нь бэлтгээд маргааш өглөө нь Бөмбөгөр худалдааны төвд борлуулдаг болохыг тогтоосон. Тэд түргэн гэмтэх өндгийг хагас болгож хонуулж, гамбургер, чизбургерээ бэлтгэж байгаа нь хүнсний аюулгүй байдлыг алдагдуулж, улмаар эрсдэлтэй хүнсийг нийтэд худалдаалсан ноцтой зөрчил гаргасан. Тодруулбал, тус компани нь хүнс тээвэрлэх зориулалтын тээврийн хэрэгсэлгүй, тогооч нь мэргэжлийн үнэмлэхгүй, эрүүл мэндийн шинжилгээнд хамрагдаагүй, үйлдвэрлэлийн ажлын байрны ариун цэвэр муу, хир тоос хуримтлагдсан, ажиллах хүчин дутагдалтай, стандарт технологийн шаардлагуудыг зөрчсөн, бэлэн бүтээгдэхүүнийг урьдчилан бэлтгээд ил задгай бохир орчинд хадгалсан, тогоочийн гэр ажлын байр нь шууд холбогдсон зэрэг эрүүл ахуйн шаардлагыг ноцтой зөрчсөн тул “Төрийн хяналт шалгалтын тухай” хуулийн 10.9.7 дахь заалтыг үндэслэн 2012 оны арванхоёрдугаар сарын 20-ны өдрөөс эхлэн үйл ажиллагааг зогсоохоор шийдвэрлэсэн.
-Эдгээр иргэдийн Монгол Улсад оршин суух зөвшөөрөл нь байсан уу?
Түр оршин суух “виза”-тай. Ирэх оны гуравдугаар сард визаны хугацаа дуусах юм билээ. Ер нь Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх газраас түр оршин суух виз олгохдоо Мэргэжлийн хяналтын байгууллагаас мэдээлэл авдаг байгаасай. Хүнсний аюулгүй байдал нь үндэсний аюулгүй байдлын нэг бүрэлдэхүүн гэж үздэг. Тийм ч учраас энэ тал онцгой анхаарах хэрэгтэй. Жишээ нь, Герман улсад гэхэд л түр оршин суух зөвшөөрөл бүхий иргэдэд хоол хүнсний үйлдвэрлэл эрхлэх эрх олгодоггүй юм билээ. Энэ нь тухайн улс хүнсний аюулгүй байдалдаа хэрхэн анхаарч байгааг харуулж байна. Гэтэл манай улсад хэн дуртай гадаадын иргэн ирээд хоолны газар нээж, хүнсний үйлдвэрлэл эрхлэх боломжтой байна. Эдгээрт мэргэжлийн хяналтын байгууллагаас өөр анхаарал хандуулдаг байгууллага байхгүй байна.
-Ер нь хагас бэлэн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, худалдаанд хэр шалгалт хийгдэж байна. Цаашид ямар арга хэмжээ авах вэ?
-Ер нь дахин боловсруулалтад /халуун ажиллагаанд/ орохгүй, түргэн муудаж чанар байдлаа алддаг өндөг, кремтэй бүтээгдэхүүн гэх мэт шууд хүний аманд ордог хүнсийг стандарт эрүүл ахуйн шаардлага хангасан орчинд нарийн хяналтан дор үйлдвэрлэж хэрэглэгчдэд нийлүүлдэг байх естой. Цаашид энэ талаар онцгой анхаарч хяналт шалгалтыг хийх болно. Мөн Хүнсний чанар аюулгүй байдлын шаардлага хангахгүй, удаа дараа зөрчил гаргадаг гадаад иргэдийн визний асуудал дээр ГИХАЭА-тай манай байгууллага хамтарч ажиллах саналтай байгаа.
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ