
Улс орон даяар хэрэгжүүлж байгаа “Авьяас” хөтөлбөрийн хүрээнд хөгжим сургалтын ухаалаг самбарыг сургуулиудад өглөө. Самбар дээр суурилуулсан төгөлдөр хуур дээр сурагчдад хичээл зааж, сурагчид тус бүр жижигхэн даралтат, үлээвэр хөгжим дээр туршиж суралцах юм. Самбар дээрх төгөлдөр хуур нь хэмнэл тохируулагчаас эхлээд олон үйлдэлтэй. Самбар нь ч мэдрэмтгий. Самбар дээр бичсэн ноот дээр дарахад тухайн өнгө дуугарна. Мөн автомат удирдлага нь бичсэн ноот, тоглосон хөгжмийг бичих, 180 төрлийн дуу, авиаг хурдан, удаан хэмнэлээр тоглох чадвартай.
Төгөлдөр хууртай самбар бүрийг дагуулж 30 ширхэг үлээвэр даралтат хөгжим өглөө. Энэ хөгжмийн зэмсгийг сургалтад хэрэглэснээр багшийн арга зүйн ур чадвар сайжирч суралцагчийн сурах идэвхи оролцоо дээшилнэ гэж үзэж байгаа юм.
Ухаалаг самбарыг нийслэлийн Баянзүрх дүүргийн 44, Сүхбаатар дүүргийн 45, Чингэлтэй дүүргийн 5, Хан-Уул дүүргийн 52, Сонгинохайрхан дүүргийн 65, Багануур дүүргийн “Боловсрол” цогцолбор гэсэн долоон сургуульд бэлэглэсэн юм. Хөрөнгө мөнгөний бололцооноос шалтгаалж өнөөдрийн түвшинд долоон сургуульд нийлүүлж туршиж байна. Хүүхдийн хөгжмийн мэдлэгт ухаалаг самбар хэр нөлөөлж байгаа үр дүнгээс шалтгаалж цаашид хэр хэмжээнд нийлүүлэх эсэхийг шийдэх юм байна. Ер нь боловсролын салбар ухаалаг хэрэглэгдэхүүн рүү цаашид ч орно. Үүний эхлэл болгож, ухаалаг төгөлдөр хууртай самбарыг нийлүүлж байгаа бол дараа жилээс хоёр сургуулийг жишиг болгож смарт сургууль болгох юм байна.
Ухаалаг самбар нь Итали, Хятад улсын хамтарсан “Oves” компанийн бүтээл бөгөөд “Про Арт” ХХК Монголын зах зээлд нийлүүлж байна. Нийт өртөг нь 2.8 сая төгрөг бөгөөд 1.6 сарын баталгаа өгчээ. Ирэх онд хоёр сургуулийг ухаалаг тоног төхөөрөмжөөр иж бүрэн тоноглох аж. Манай улс ухаалаг самбарыг боловсролын салбарт ашиглаж буй 50 дахь улс болжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ