
Барбадос гаралтай поп од Рианна төрөлх нутгийнхаа эмнэлэгт 1.75 сая ам.доллар хандивлажээ. Тэрбээр эмэг эхийнхээ дурсгалд зориулж энэ хандивыг өргөж байгаа бөгөөд төрсөн нутагтаа оруулах бага ч гэсэн хувь нэмэр болно гэжээ. Түүний эмээ өнгөрсөн зургадугаар сард хорт хавдрын улмаас нас барсан бөгөөд удаан хугацаанд өвчинтэйгөө тэмцсэн аж.
Дуучин бүсгүй хандиваа гурав хувааж эмнэлгийн тоног төхөөрөмжийг шинэчлэх байдлаар тусламж үзүүлэх юм. Рианна “Миний үзүүлж байгаа энэ тусламж Барбадосын ард түмэнд бага ч болов тус нэмрээ өгнө гэдэгт итгэлтэй байна. Бага ч гэсэн энэ хандив тэдний амьдралыг уртсгах хүчин зүйл байгаасай гэж хүсч байна” гэжээ.
Рианна ээж өвөөгийнхөө хамтаар өнгөрсөн амралтын өдрүүдээр эмнэлэг очиж эмнэлгийн өвчтөнүүдтэй уулзаж, нөхцөл байдалтай танилцжээ.
Тэрээр Барбадос улсаас дэлхийн хэмжээнд нэр алдар нь түгсэн ховорхон эмэгтэйчүүдийн нэг гэдэг утгаараа улс орондоо нэр хүнд, нөлөө сайтай.
Энэ жилийн хамгийн орлого сайтай дуучдын тоонд 53 сая ам.долларын ашиг орлого олсноор дуучин Рианна багтсан ажээ.
Э.Мөнхнасан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ