
Японы парламентын доод танхимын гишүүд Шинзо Абэг өчигдөр (арванхоёрдугаар сарын 26) засгийн газрын тэргүүнээр томилсон билээ. “Харцага” хэмээх хочоо батлах гэсэн юм шиг тэр Японы нутаг дэвсгэр аюулд ороод байна гэж мэдэгдээд, нутгаа хамгаална гэдгээ амлажээ. Гэвч Японы засгийн газар хөршүүдтэйгээ харилцаагаа хурцатгана гэдэгт ажиглагчид эргэлзэж байна. Юу гэвэл эхний удаа засгийн эрх барьж байхдаа ерөнхий сайд Хятадтай харилцан ойлголцож чадсан юм.
Батлан хамгаалалт, аюулгүй байдлын асуудлаар хатуу байр суурь баримтладаг либерал-ардчилсан намын дарга Абэ тийнхүү энэ өндөр албан тушаалд дахин сонгогдлоо. Тэр 2006-2007 онд сайд нарын танхимыг тэргүүлж байсан юм.
Саяхан болсон парламентын сонгуулиар либерал-ардчилсан нам болон түүний эвслийн түнш Комэйто нам олонхи болж, доод танхимын мандатын гуравны хоёрыг авсан юм. Гурван жил засгийн эрх барьж байсан Ардчилсан нам ноцтой ялагдал хүлээж, намын удирдагч Ёсихико Нода огцорлоо.

58 настай Абэ сонгуулийн өмнөх кампанит ажлын үеэр хэлэхдээ, Хятадтай хийж буй нутаг дэвсгэрийн маргаанд хатуу чиг шугам баримтлана гэж ярьж байв. ”Газар нутаг, усан хил, түүнчлэн ямар ч хохирол үзлээ гэсэн япончуудын амь нас, амьдралыг хамгаална гэдгээ амлаж байна” гэж тэр мэдэгдэж байв.
“Япон улс өөрийн нөлөөг бэхжүүлэхийн зорин, олон улсын тавцанд шийдэмгий ажиллах ёстой.
Харин энэ үүднээс улс төрийн бодлогын хэрэгсэл болох дайн хийхээс татгалзаж тунхагласан Үндсэн хуулийг өөрчлөх хэрэгтэй” Абэ хэлж байв.
Эхний удаа засгийн эрх барьж байхдаа Абэгийн засгийн газар Үндсэн хуульд өөрчлөлт оруулах тухай асуудлаар санал хураалт явуулах арга хэмжээ авахаар заасан хуулийн төслийг сайшаалгаж чадсан юм. Сургуулийн сурах бичигт эх оронч үзлийн тухай хичээл оруулах хууль батлахыг Либерал-ардчилсан намын удирдагч бас дэмжиж байв. Иргэд эх орноороо улам бүр бахархах ёстой гэж тэр үздэг байна. Гэвч Абэг засгийн эрх барьж байх үед хэд хэдэн дуулиант хэрэг мандаж, засгийн газрын тэргүүн болон танхимын гишүүдийн аль аль нь хариуцлагагүй мэдэгдэл хийж байснаас болоод ерөнхий сайдын нэр хүнд унах болсон юм.

2007 оны парламентын доод танхимын сонгуулиар либерал-ардчилсан нам сүрхий ялагдал хүлээж, ингэснээр Абэг огцроход хүргэсэн билээ.
Гэвч одоо энэ улс төрч засгийн эрхэнд дахин гарч ирлээ. Энэ нь Японы гадаад бодлого болон түүний эдийн засгийн ирээдүйд хэрхэн нөлөөлөх талаар тоймчид санал зөрөөтэй байна.
Ингэхдээ 2006, 2007 онд Абэ хатуухан мэдэгдэл хийж байсан ч, гадаадад хийсэн анхны айлчлалаа чухамхүү Хятадаас эхэлж, энэ улстай харилцан ойлголцолд хүрсэн юм.
БНХАУ-ын Хонконгийн “Мин бао” сонинд бичихдээ, “Абэг хоёр талаас нь харж болно. Нэг талаас, тэр бол Японыг цэргийн гэмт үйлдсэн баримтыг нэг бус удаа няцааж, Ясукуни сүмд очиж байсан барууны хатуу чиг шугам баримтлагч төлөөлөгч юм. Нөгөө талаас, тэр засгийн эрхэнд дахин эргэж ирсэн нь хятад-японы харилцааг мухардлаас гаргах боломжийг нээж байна” гэж тэмдэглэжээ.
Харин японы хэвлэл либерал-ардчилсан намыг засгийн эрхэнд дахин гарсныг тайлбарлахдаа, саяны сонгуулийн дүн нь сонгогчид ЛАН-ыг дэмжих гэхээсээ өмнөх засгийн газрын талаар яллах шийдвэр гаргалаа гэж онцлон тэмдэглэжээ.

Либерал-ардчилсан намын тэргүүн Шинзо Абэ өөрийн орны хамгийн цэмцгэр хүмүүсийн нэгэнд тооцогддог бөгөөд тэр зөөлөн зан ааштай, намуухан дуу хоолойтой ч, “харцага”, үнэнч сүжигт хуучинсаг үзэлтэн юм.
Японы түүхэнд чухал үүрэг гүйцэтгэж байсан үе залгамжилсан улс төрч төрөл төрөгсөд нь түүний үзэл бодолд асар их нөлөө үзүүлжээ.
Шинэ ерөнхий сайдын өвөө Нобусукэ Киси дэлхийн хоёрдугаар дайны үед Аж үйлдвэрийн сайд байсан бөгөөд 1945 онд Японыг үг дуугүй бууж өгсний дараа цэргийн гэмт хэрэгтний хувиар шоронд сууж байжээ. Гэвч тэр ял сонсоогүй бөгөөд коммунизмын эсрэг үзэл улам хүчтэй болж байсан нөхцөлд америкийн эзэмшлийн эрх баригчид түүнийг хорионоос сулласан байна.
Киси дахин улс төрд эргэн ирж, ерөнхий сайд болж чадсанаар, АНУ-тай цэрэг-улс төрийн холбооны тухай гэрээг батлуулж чадсан юм. Шинзо Абэгийн үеэл өвөө Эйсаку Сато мөн засгийн газрын тэргүүний алба хашиж, цөмийн зэвсэгтэй болохоос Японы улсыг татгалзуулснаар Нобелийн энх тайвны шагнал хүртжээ. Сүүлд нь шинэ ерөнхий сайдын эцэг Синтаро Абэ эрх баригч Либерал-ардчилсан намын удирдагчдын нэг байсан бөгөөд 1991 онд хорт хавдраар нас барснаар сайд нарын танхимын тэргүүн болж чадаагүй юм.
Шинзо Абэ “Сэйкэй” их сургуулийн хуулийн факультетыг төгсгөж, америкийн Калифорнид сурч байсан юм. Тэр гангийн “Кобэ стил” компанид гурван жил гаруйхан ажиллаж, харин дараа нь эцгийнхээ гарын нарийн бичгийн дарга болсноор улс төрд оржээ. 1993 онд парламентад анх удаа сонгогдсон юм.
2006 онд Шинзо Абэ Японы дайны дараахи түүхэнд хамгийн залуу ерөнхий сайд болсон билээ. Гэвч энэ албан тушаалд жил хүрэхгүй хугацаанд ажилласан юм. 2007 онд тэр бие муу байна гэсэн шалтаг заан, гэнэт огцорсон юм. Гэдэсний хурц өвчин туссан тэр үнэхээр удалгүй эмнэлэгт хэвтжээ.
Тэр АНУ-тай дээд зэргээр ойртон нягтрахыг зорьдог бөгөөд ерөнхий сайдын хувиар ирэх нэгдүгээр сард анхны айлчлалаа Америкт хийх бодолтой байна.

Японы шинэ удирдагч өдөр тутмын амьдралдаа хувцас хунараа зөв сонгож, зангиагаа маш аятайхан зангидаж чаддаг гэдгээрээ нэрд гарсан хүн юм. Шинзо Абэ япон хүний хувьд нэлээд өндөр – 175 сантиметр өндөртэй, 70 килограмм жинтэй гэнэ. Тэр спортоор хичээллэж, японы улс төрчдийн хувьд ердийн зүйл болсон гольфоор тоглодог бөгөөд нэг үе нум сум харваж байжээ.
Абэгийн гэргий 50 настай Акиэ бол хүнсний “Моринага” гэдэг томхон компанийн тэргүүний охин юм. Тэр маш эрч хүчтэй хүн бөгөөд тухайн үедээ нэг радиостанцын ди-жей байж, одоо Токио хотод нэртэй нэг баар ажиллуулж, заримдаа өөрөө лангууны ард зогсдог байна. Гэргийнх нь эрхлэдэг ажил Шинзо Абэгийн сонирхолд нийцдэг бөгөөд амттанд маш дуртай, үнэндээ зайрмаг идэхгүйгээр байж чаддаггүй нэгэн гэнэ.
С.Золбоо
СЭТГЭГДЭЛ БИЧИХ