
Өмнөд Африкийн өмнөх ерөнхийлөгч энэ сарын 10-нд хатгаа нь хүндэрсний улмаас Преториа хотын эмнэлэгт хэвтэж эмчлүүлж байсан. Харин түүний биеийн байдал дээрдэж өчигдөр эмнэлгээс гарсныг тус улсын ерөнхийлөгч ард иргэддээ мэдэгдсэн юм. Хэдийгээр эмнэлгээс гарсан ч гэсэн Йоханесбург дахь гэртээ эмчилгээгээ үргэлжлүүлэн хийлгэж, бүрэн тэнхэртлээ эмч нарын хяналтад байх тухай ерөнхийлөгч Жакоб Зумагийн хэвлэлийн албанаас мэдээлэв.
Уушигны хатгалгаанаас гадна түүний цөс нь чулуужиж нэлээд хүндэрсэн учир эдгэрэлт нь нэлээд удаашралтай байгаа аж. Тэрээр 1980-аад онд шоронд хоригдож байх үедээ уушигны сүрьеэгээр өвчилж байсан. Тэр цагаас хойш байнгын эмчилгээ сувилгаа хийлгэж байгаа ч бүрэн эдгэрч чадахгүй өдийг хүрсэн байна. Мандела сүүлийн хоёр жилийн хугацаанд гурван ч удаа уушигны өвчнөө эмчлэхээр эмнэлэгт хэвтсэн юм.
Өдгөө 94 настай Өмнөд Африкын түүхэн дэх хамгийн сайн ерөнхийлөгч гэгддэг түүний бие өвдөхөд иргэд нь ихээхэн санаа зовж байгаа. 18 хоног хэвтэж эмчлүүлсэн бөгөөд энэ хугацаанд тэрээр зул сараа эмнэлэгт угтсан юм.
Зул сарын баяраар Манделаг эргэж түүний эхнэр болон одоогийн ерөнхийлөгч Жакоб Зума нар эмэнлэгт ирж зул сарын мэнд хүргэж, хурдан тэнхрэхийг хүсссэн юм. Түүний дараагаар ерөнхийлөгч Зума Манделагийн хувийн эмчтэй уулзаж аль болох хурдан хугацаанд анхаарал халамж тавьж, эмчилгээг сайн хийхийг хүсчээ. 1994-1999 оны хооронд Өмнөд Африкын Бүгд найрамдах улсын ерөнхийлөгчөөр ажиллаж ард түмнийхээ эрч чөлөө тусгаар тогтнолын дуу хоолой болж чадсан учир түүнийг ард түмэн нь үндэстний эцэг хэмээн нэрлэдэг билээ.
Түүнчлэн зул сарын баяраар ерөнхийлөгч Зума ард иргэддээ хандан баярын мэндчилгээ дэвшүүлж сайн сайхан бүхнийг хүсэн мэндчилжээ.
Э.Мөнхнасан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ