
АНУ-ын зүүн эргийн хотууд цас мөсөнд дарагдаж байна. Өвлийн улирал тохиож байгаа энэ цагт далайн хар шуурга бус хүчтэй цасан шуурганд өртөж байгааг CNN агентлаг уламжилж байгаа юм.
Хүчтэй цасан шуурганы улмаас зургаан хүн осгож, нас барсан байна. Шуурганд боогдсон иргэд гэрээсээ гарч чадахгүйд хүрсэн бөгөөд замууд машин явахын аргагүй хаагдаад байна. Тиймээс оршин суугчид цаг агаар дулаарахыг хүлээн гэртээ сууцгааж байгаа юм. Эх сурвалжийн мэдээлж буйгаар Миссиссиппи, Албама муж хамгийн хүнд байгаа юм. Цаашлаад Нью-Йорк, Буффало хотыг чиглэн хүчтэй шуурга ирж байгааг цаг уурынхан анхааруулж байна. Дээрх хотуудын зарим дүүрэгт олон зуун өрх тог, цахилгаангүй байгаа аж. Цаг агаарын энэхүү таагүй байдлаас үүдэн хотуудын бүх нислэг цуцлагдасан байна. Сүүлийн 24 цагийн дотор цасан хунгар 46 см-ээс багагүй зузаантай тогтсон гэнэ. Нэгэнт цасан шуурганд өртөх нь гарцаагүй болсон учир иргэд хоол хүнсээ нөөцөлж эхэлсэн байна.
Энэ цасан шуурга Англиас эхлэлтэй бөгөөд наашлах тусам эрч нь чангарч байгааг цаг уурчид тогтоосон байна. Түүнчлэн ойрын өдрүүдэд дунджаар 34 шуурга АНУ-ыг дайрч өнгөрнө гэсэн тойм гарчээ.
Э.Мөнхнасан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ