Байгаль орчноо хайрладаг хүүхдүүд бүтээлээрээ өрсөлдлөө

img

БОНХЯ, Байгаль хамгаалах сан хамтран “Миний мөрөөдөл-Эрүүл, аюулгүй орчин” сэдвийн хүрээнд  ерөнхий боловсролын сургуулийн 7-12 насны сурагчдын  дунд зохион бичлэг, 13-18 насныханд эссе бичих уралдаан зарласанаа дүгнэлээ. Хүүхдүүд өөрсдийнхөө өдөр тутмын амьдралд тохиолдож буй байгаль орчинтой холбоотой ямар асуудлыг хэрхэн шийдэх, эрүүл, аюулгүй орчинд амьдрах талаар ямар хүсэл мөрөөдөлтэй явдгаа  бодит баримтаар бичиж,  асуудлыг шийдвэрлэдэг томчуулд хүргэх зорилгоор уралдаанд оролцсон байна.  Уралдаанд хот, хөдөөгийн 40 гаруй хүүхдүүд бүтээлээ ирүүлснээс  зохион бичлэгийн төрөлд “Муу зүйлийг хэн ч анзаарахгүй бол тэр зүйл хэзээ ч сайжрахгүй” бичлэгээрээ  “Кингс Кидс” дунд сургуулийн 5б ангийн сурагч Б.Оюунбилэг тэргүүн,   “Миний мөрөөдөл-Эрүүл, аюулгүй орчин” бичлэгээрээ Өвөрхангай аймгийн “Мэргэд” цогцолбор сургуулийн 5б ангийн  сурагч Ц. Хонгорзул дэд,  нийслэлийн 51-р сургуулийн 5 в ангийн сурагч Ш. Хүслэн гутгаар,  “Диваажинд аялсан минь” бүтээлээрээ БЗД-ийн 33-р сургуулийн 4б ангийн сурагч Б. Намуун, “Хэрэмтэй, бөөрөлзгөнөтэй ногоон хотод би амьдрах дуртай” бичлэгээрээ  Дархан-Уул аймгийн Дархан хотын 19-р дунд сургуулийн 2а ангийн сурагч Ж. Галтбилэг тусгай байр тус тус эзэлжээ. Уралдаанд ирүүлсэн зохион бичлэгүүдэд хүүхдүүд мод, цэцэг тарих, хогоо хаяхгүй байх хүмүүжлийг багаас нь ээж, аав нь хэвшүүлэх, байгаль орчныг хамгаалах уламжлалт зан үйлийн хичээлийг сургалтын хөтөлбөрт оруулах, түүнчлэн цаасаа хэмнэж модоо гамнах,  хэрэглээгүй байгаа цахилгаан хэрэгслээ унтраах, шүдээ угаахдаа аяганд ус хийж угаах, модны хажуугаар гарахдаа мөчрийг нь гэмтээхгүй байх, цаасаа хогийн сав руу хийх ухамсрыг хүүхэд бүрт төлөвшүүлэх зэрэг санал дэвшүүлж, өөрсдөө дүү нар болон үеийнхэндээ үлгэрлэх тухай бичжээ. Эссэ бичлэгийн уралдаанд “Эрүүл орчинд амьдармаар байна”бүтээлээрээ нийслэлийн  38-р сургуулийн 9б ангийн сурагч Г. Оюунтүлхүүр тэргүүн, “Миний мөрөөдөл-Эрүүл, аюулгүй орчин” бичлэгээр нийслэлийн 93-р сургуулийн 11а ангийн сурагч Б. Анужин дэд, “Миний мөрөөдөл-Эрүүл, аюулгүй орчин”бүтээлээр Г. В. Плехановын нэрэмжит Эдийн засгийн сургуулийн “Улаанбаатар” лицей сургуулийн 8а ангийн сурагч Б. Батцэцэг гутгаар байр, Хөгжим бүжгийн коллежийн 10а ангийн сурагч Э. Шүтээн “Үлгэрийн орон”, Архангай аймгийн  Эрдэнэбулган сумын  Хүмүүн цогцолбор 1-р сургуулийн 10а ангийн сурагч А.Намуун “Миний мөрөөдөл-Эрүүл, аюулгүй орчин”, Дархан-Уул аймаг, Монгол-Туркийн хамтарсан сургуулийн 11а ангийн сурагч Ч.Золзаяа “Миний ирээдүй-Эрүүл орчин” бүтээлээрээ тус тус шалгарсан байна. Уралдаанд ирсэн бүтээлүүд нь хотыг ногооруулах, айл бүр худаг гаргахыг хориглох, айл, албан газрууд хогийн ургамлаа түүх, зусланд нүүрс түлж буйг анхаарах, Үндэсний хүрээлэнд тоорой, заган төгөл бүтээж, ургамал, модны үзэсгэлэнг бий болгох, хүүхдүүд ургамал, судлалын хичээлээр хүрээлэнд аяладаг болох, нийгмийн мэдээллийн хэрэгслийг  ашиглаж соён гэгээрүүлэх үйл ажиллагаа явуулах, мод тарих хөдөлгөөнд оюутан, залуучууд, сурагчдыг өргөнөөр зохион байгууллалттай оролцуулах, хот суурин болон зам дагуух газар хогийн сав тавих, гэр хороолынхон бохир усаа гудамжинд асгаж байгаа, хог хаясан хүмүүсийг торгох, шатахуун бага зарцуулдаг машин хэрэглэх, түүхий эдийн цэгийг олшруулах зэрэг олон бүтээлч саналыг томчуулд хүргэсэн байна. П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ