
Үндэсний статистикийн хорооноос мал тооллогын урьдчилсан дүнг танилцууллаа. 2012 оны жилийн эцэст манай улсын мал сүргийн нийт дүн 40432.9 мянган толгойд хүрч, 2011 оныхоос 11.3 хувь буюу 4097.1 мянгаар өслөө. Урьдчилсан дүнгээр адуун сүргийн тоо толгой 2298.9 мянга, үхэр 2551.9 мянга, тэмээ 304.2 мянга, хонь 17908.7 мянга, ямаа 17369.3 мянгад хүрч, 2011 оныхоос адуу 186.0 мянга, үхэр 212.2 мянга, тэмээ 24.1 мянга, хонь 2240.2 мянга, ямаа 1434.7 мянган толгойгоор тус тус өсчээ. Нийт мал сүргийн дотор адуу 5.7 хувь, үхэр 6.3 хувь, тэмээ 0.8 хувь, хонь 44.3 хувь, ямаа 42.9 хувийг тус тус эзэлж, өмнөх оныхоос адуу, үхэр, ямааны эзлэх хувь 0.1-1.0 пунктээр буурч, хониных 1.2 пунктээр өсч, тэмээний эзлэх хувьд өөрчлөлт орсонгүй. Урьдчилсан дүнгээр бүх аймагт малын тоо 5.0-521.8 мянган толгойгоор өсчээ. Тухайлбал, Өвөрхангай, Баянхонгор, Архангай, Дундговь, Завхан, Төв, Говь-Алтай, Ховд, Хөвсгөл, Сүхбаатар, Өмнөговь, Хэнтий, Увс, Булган, Дорноговь аймгуудад малын тоо хамгийн олон буюу 119.1-521.8 мянгаар өсөв. Архангай, Баян-Өлгий, Баянхонгор, Булган, Говь-Алтай, Дорноговь, Дундговь, Өвөрхангай, Өмнөговь, Увс, Ховд, Говьсүмбэр зэрэг 12 аймаг малаа таван төрлөөр өсгөсөн байна.
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ