Спортын шилдэг сэтгүүлчээр Д.Нанжид, С.Шижирбат нар тодорлоо

img

Монголын спортын сэтгүүлчдийн холбооны Шинэ жилийн арга хэмжээ өчигдөр ёслол төгөлдөр боллоо. Тус холбооны гишүүдийн эгнээ хэдийнэ 100-гаар тоологдох болж, спортын сэдвээр дагнан бичдэг сэтгүүлчдийн үйл ажиллагаа эрчимжсэн тул МССХ 22 жилийн түүхэндээ анх удаа уг арга хэмжээг зохион байгуулжээ. Спортын дуучдын баяр наадамд олимп дэлхийн алдартнууд, спортын холбоодын төлөөлөл хүрэлцэн ирж чимэг нэмлээ. Энэ үеэр холбооны 2012 оны шилдгүүдээ тодруулсан бөгөөд шилдгээр сонин сэтгүүл, вэбсайтын сэтгүүлчдээс Д.Нанжид, телевиз радиогийн уран бүтээлчдээс С.Шижирбат, шилдэг байгууллагаар "Спортбокс" сувгийн хамт олон тодорлоо. Д.Нанжид 2012 оны туршид “Өдрийн шуудан” сонинд спортын алдартнуудын тухай олон сайхан ярилцлага, нийтлэл бичиж нийтлүүлсэн төдийгүй хөлбөмбөгийн Европийн АШТ-ийг цэнхэр дэлгэцээр тайлбарлан үзэгч, уншигчдын эчнээ танил болоод буй залуу сэтгүүлч юм. Бөхийн спортоор хичээллэж явсан С.Шижирбат TV9 телевизэд цөөнгүй жил ажиллаж, “Лондон-2012” олимпийн наадам болон бусад уралдаан тэмцээний тайлбараараа энэхүү шагналыг хүртсэн билээ. Шилдгүүдийг 2013 онд болох Азийн спортын наадмуудад сурвалжлах эрхээр шагнасан болно. Мөн Чөлөөт бөхийн холбооноос Үндэсний телевизийн Д.Батжаргалыг Будапештэд болох чөлөөт бөхийн ДАШТ, “Ганьт” компаниас “Монгол HD” телевизийн сэтгүүлч Ж.Баттөмөрийг тив дэлхийн аль нэг тэмцээнд, Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбооноос www.news.mn-ий сэтгүүлч С.Шүрийг NBA China games-т, Байт харвааны холбооноос “Өглөөний шуудан” сонины сурвалжлагч Ж.Цэцэгмааг Шанхайн гранпри тэмцээн сурвалжлах унааны зардлаар урамшууллаа. Энэ үеэр олон хүн энгэр цоолсны дунд Үндэсний телевизийн нэртэй сэтгүүлч Л.Цагаандалай МҮОХ-ны дээд шагнал Алтан очир одонгоор, “Хасу-Бөх” сэтгүүлийн эрхлэгч, фоточ Ч.Ганбат, www.news.mn-ий редактор Б.Бадамгарав, “Өнөөдөр” сонины фото сурвалжлагч Э.Харцага, “Таван цагариг” сонины сэтгүүлч Г.Баярсайхан нар Олимпийн алдар одонгоор, NTV телевизийн спортын албаны дарга И.Отгонбаатар, залуу сэтгүүлч Д.Нанжид, “Шууд” телевизийн спортын албаны сэтгүүлч А.Алтанчимэг, NTV телевизийн сэтгүүлч А.Түмэнбаяр нар МҮОХ-ны алтан медалиар шагнуулав. М.Бүүвэй

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Zochin:
Tsagaandalai metiin mash ih hozrogdson nuhud odoo boli doo.Umand bas hemjee bii.Ta tetgevertee suuhgui yaah gej ingej doog boldog um be dee.
2013-01-01
Oogii:
Amjilt husie .. Sportiin setguulch nartaa sport sonirhogch bidendee tsag aldalgui turgen shurhai uilcjilj bgaarai.. Sport uuruu aguu shuu..
2012-12-31