Умард Солонгосын удирдагч сүүлийн 19 жилд анх удаа эх орон нэгтнүүддээ телевизээр шинэ жилийн мэндчилгээ дэвшүүллээ гэж ВВС news сувгаар мэдээлсэн байна.
1994 онд БНАСАУ-ын удирдагч Ким Ир Сен шинэ жилээр телевиз үзэгчдэд хандан сүүлчийн удаа үг хэлсэн юм. Дараачийн удирдагч Ким Чен Ир энэ уламжлалыг үргэлжлүүлээгүй бөгөөд ерөөс олны өмнө маш цөөхөн үг хэлдэг байв. Харин 2011 оноос улс орныг удирдаж байгаа Ким Чен Ун уламжлалыг сэргээхээр шийджээ.
Тэр хэлсэн үгэндээ Умард, Өмнөд Солонгос дахин нэгдэх хэрэгтэй гэж мэдэгдсэн байна. Санал зөрөлдөөн дайнд хүргэнэ гэж Ким Чен Ун онцлон тэмдэглэжээ. БНАСАУ-ын удирдагч тус орны цэрэг, улс төрийн хүчийг бэхжүүлэхийг уриалсан байна. Цэргийн хүчирхэг чадавхитай улс л хөгжил цэцэглэлд хүрч чадна гэж тэр мэдэгджээ.
2012 оны арванхоёрдугаар сард Ким Чен Ун америкийн “Тайм” сэтгүүлийн шалгаруулалтаар оны хүн болж болох байсан юм. Тэр уншигчдын санал хураалтын дүнгээр тэргүүлжээ. Гэвч эцсийн дүнд сэтгүүлийн редакторууд АНУ-ын ерөнхийлөгч Барак Обамаг оны хүнээр тодруулсан юм. Түрүүнд нь Ким Чен Ун тодорсон нь хакеруудын халдлагатай холбоотой байсан бөгөөд гэвч БНАСАУ энэ хувилбарыг зөвшөөрөөгүй байна.
С.Золбоо
СЭТГЭГДЭЛ БИЧИХ