Өнгөрөгч 2012 оныг гэрэл зургийн дуранд

img

Саяхан хамт байсан 2012 он түүхийн шарласан хуудсуудтай хамт улиран одож, 2013 оны анхны ажлын өдөр эхэллээ. Өнгөрсөн оныг монголчууд бид амжилт бүтээл, алдаа дутагдал, аюул осол гээд юмтай юмтай үдэж өнгөрүүлсэн. Ирэх дөрвөн жилд төрийн эрх барих хүчнээ сонгосон, дуулиан шуугиантай томоохон шүүх хурлуудаар бүтэн он дамнасан гээд түүхэнд үлдэх онцгой үйл явдлуудаар дүүрэн 2012 он манай “мэдээллийн дэлгэц”-ийн гэрэл зургийн дуранд хэрхэн бууж үлдсэнийг эргэн саная. Дашрамд дурдахад нийгэмд болж буй бүхий л үйл явдлыг Шууд.мн сайт уншигч та бүхэндаа хамгийн түрүүнд, шуурхай мэдээлдэг билээ. Нэгдүгээр сарын 09. Шатахууны үнэ нэмэгдэв 2012 он гармагц Петровис компани албан ёсны мэдэгдэл хийж шатахууны үнэ нэмснийг олон нийтэд мэдээлсэн. Ингэснээр оны эхэнд шатахууны үнийн өсөлтөөр дамжин, түүнийг дагасан замбараагүй, хяналтгүй олон үнийн өсөлтүүд нийгмийн бухимдлыг хөөргөдсөн юм. Нэгдүгээр сарын 18. Жизель Монголд Анх 1841 онд Парисын Дуурийн театрын тайзнаа тавигдаж байсан “Жизель” бүжгэн жүжиг Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрт нээлтээ хийлээ. А.Аданы дэлхийд алдартай “Жизель” балетыг АНУ-ын Бостон балет компанийн хөгжмийн удирдаач, Харвардын их сургуулийн Хөгжмийн урлагийн доктор Марк Черчиль уригдан ажиллаж гол дүр болох Жизель  буюу тариачин бүсгүйд  Английн Хатан хааны нэрэмжит Рояал балетын гоцлол бүжигчин Тамара Рохо, Альберьт Гүнд  МУГЖ, Д.Алтанхуяг, нар тоглосон юм. Ийнхүү дэлхийд данстай  авьяаслаг бүжигчдийн тоглосон “Жизель” бүжгэн жүжиг манай сонгодог урлагийн түүхэнд  бас нэгэн шинэ хуудсыг нээсэн юм. Нэгдүгээр сарын 23. “Дашваанжил” дэлбэрэв Дархан хотын арванхоёрдугаар багийн шинэ хорооллын 14 дүгээр байрны долоон давхрын 26 тоотод газ дэлбэрч, ослын улмаас хоёр эмэгтэй, нэг эрэгтэй хүн бэртсэнээр нэг хэсэг л хийн түлштэй холбоотой шуугиан дэгдсэн. Уг айл гэртээ “Дашваанжил” компанийн хоёр ширхэг газ хадгалж байсан бөгөөд 5 литрийн баллонтой хийн түлш нь ийнхүү дэлбэрч орон сууцны хана туурганд цууралт үүсэж, улмаар тус байрны оршин суугчдыг нүүлгэн шилжүүлж байлаа. 2012 оны турш нийгмийг цочирдуулсан олон ослуудын анхдагч нь энэ байлаа. Нэгдүгээр сарын 27. 1990-ээд оны дүр зураг давтагдав Сар бүр иргэдэд олгож байгаа Хүний хөгжил сангийн 21 мянган төгрөгийг авахын тулд сар бүрийн 15-ны өдрийн өглөөний 05.00 цагаас эхлэн иргэд банкны үүдэнд дугаарлан зогсдог боллоо. Энэ сарын хувьд Хүний хөгжлийн мөнгө хугацаанаасаа бага зэрэг хожимдож орсон тул бүр ч илүү оочер, дугаарлалт үүсгэж 1990-ээд оны картын бараанд оочерлож байсан дүр зургийг эргэн сэргээсэн юм. Нэгдүгээр сарын 28. Нүүрс алтнаас, аминаас ч үнэтэй боллоо Дүн өвлийн хүйтэн тачигнасан цагаар нийслэлчүүдийн ихэнх нь амьдардаг хотын захын хорооллынхон нүүрсгүйгээр “онд орохгүй”. Тиймээс жилээс жилд сав нь жижгэрч, үнэ нь нэмэгдсээр ирсэн хар алт- нүүрсний үнэ цэн Цайз захын хашаанд магадгүй хүний аминаас ч үнэтэй байж мэдхээр болжээ. Тэрхүү алгын чинээ нүүрсний шуудайг дүүргэхэд тун ч нэмэр болдог учир захын хашаанаас нүүрс ачсан машин гарахад араас нь амь өрсөн уралдан авирч атга ч болтугай нүүрс унаган авч үлдэх нь чухал. Тиймээс нүүрсний наймаачид үр хүүхдээ ашиглаж, тэднийг эрсдэлд оруулж байгаагаа  ч үл тоодог бололтой. Хоёрдугаар сарын 02. МАН-ын их ялагдлын өмнөхөн III Бага хурлаа хийв МАН-ын III Бага хурал Тусгаар тогтнолын ордонд 90 орчим хувийн ирцтэйгээр эхэллээ. Хурлыг нээж,  МАН-ын дарга, Ерөнхий сайд С.Батболд үг хэлсэн юм. Тэрбээр “Ард түмний хөгжлийн хөтөлбөр 2011-2031 он” сэдвээр илтгэл тавьсан. Өнгөрсөн онд шат шатны сонгуульд ялагдал хүлээсэн МАН-ынхан сонгуулийн өмнөхөн ийнхүү цугларч байлаа. Хоёрдугаар сарын 27. Цагдаагийн экс удирдлагуудыг шүүх эхний хурал болов. Бүтэн жил дамнан үргэлжилсэн шүүх хурал энэ өдөр эхэлсэн. 2008 оны УИХ-ын сонгуулийн дараахь үймээний үеэр галт зэвсэг хэрэглэх үүрэг өгсөн хэрэгт холбогдсон цагдаагийн экс удирдлагуудыг шүүх хурал өнөөдөр Сүхбаатар дүүргийн шүүхэд 14.00 цагт товлогдсон боловч хойшиллоо. Улмаар бүтэн жил дамнан үргэлжилсэн юм. Гуравдугаар сарын 28. Ганц худаг дахь шүүх хурал Долдугаар сарын 01-ний хэргийн ээлжит шүүх хурал Ганц худагт болж тухайн үеийн төрийн өндөрлөгүүд гэрчээр байлцав Дөрөвдүгээр сарын 01. Инээдмийн баярын өдөр Монголын хошин урлагийнхан анх удаа улаан хивсний ёслол зохион байгуулав. Дөрөвдүгээр сарын 09. Оны эхний суулт МАН-ын төв байр буюу Тусгаар тогтнолын ордны өмнөх талбайд Хадгаламж зээлийн хоршооны хохирогчдын түр хорооны гишүүд  цугларч суулт зарлав. Дөрөвдүгээр сарын 12. Н.Энхбаяр баривчлагдахынхаа өмнөх өдөр нь долдугаар сарын 1-ний талаар 300 гаруй хуудас баримт дэлгэв. Дөрөвдүгээр сарын 13. Н.Энхбаярыг баривчлав МАХН-ын дарга Н.Энхбаярыг шүүхийн шийдвэрийн дагуу Удирдлагын академийн хашаан доторх байшингаас 06.08 цагт албадан баривчилсан юм. Түүнийг саатуулахад дөрвөн автобус цагдаагийн албан хаагч, нэг автомашинтай тусгай албаны ажилтнууд  оролцсон гэдэг. Дөрөвдүгээр сарын 23. Шинэ нисэх буудал Улаанбаатар хотын шинэ нисэх буудлын шав тавих ёслол Төв аймгийн Сэргэлэн сумын Хөшигтийн хөндийд  болов Тавдугаар сарын 01. МАХН-МҮАН эвслээ Улс төрийн гурав дахь хүчин хэмээн өөрсдийгөө нэрийдэж, Төрийн ордны гадаа “ард түмний эрх ашиг” хэмээн жагссан МАХН, МҮАН-тай эвсэж сонгуульд оролцох гэж буйгаа зарлав. Тавдугаар сарын 03. Аврагчид эрсдэв Дорнод аймгийн Баяндун сумын Шивэртийн-Ам гэдэг газарт гарсан ой, хээрийн түймрийг унтраахаар ажиллаж байсан Дорнод аймгийн Онцгой байдлын хэлтсийн  гурван  албан хаагч амь эрсдэж, хоёр  албан хаагч 80-90 хувь түлэгдсэн эмгэнэлт явдал нийгмийг цочирдууллаа. Тавдугаар сарын 09. Барилгын осол Нүхтэд баригдаж байсан 30х14 хэмжээтэй барилга нурж, тэнд ажиллаж байсан 14 хүний зургаа нь дарагдсан бөгөөд нэг хүнийх нь амийг аварч чадсангүй. Тавдугаар сарын 19. Бүх нийтийн гүйлт болов Лондон хотноо болох зуны XXX олимп, паралимпийн XIV наадамд хүч чадал, авхаалж самбаагаа сорих тамирчдаа дэмжсэн бүх нийтийн гүйлт болов. Зургадугаар сарын 06.Гэрэлт зул өргөлөө Зуны тэргүүн сарын шинийн 15-н буюу Бурхан багшийн гэгээрсэн их дүйчин өдөр тохиож сүсэгтэн олон тэнгэрт гэрэлт зул өргөлөө. Тав дахь жилдээ зохион явуулсан гэрэлт зул өргөх ёслолд  4000 гаруй хүн оролцсон юм. Зургадугаар сарын 07. Цагдаагийн удирдлагуудад ял сонсгов УИХ-ын 2008 оны сонгуулийн үеэр эмх замбараагүй байдал үүсч, таван хүн амь үрэгдэж олон арван цагдаагийн албан хаагч гэмтэж бэртсэн хэрэгт холбогдон шүүгдсэн Цагдаагийн экс дарга нарт 2-6.6 жилийн ял оноов. Зургадугаар сарын 28.  УИХ-ын ээлжит сонгуульд АН нам олонхи болов. Үргэлжлэл бий. Шууд.мн-Мэдээллийн дэлгэц

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Mnkhb:
Niigmiig buzarlagsad jinhene utgaaraa baindaa ter Bayr alkashiin zuragnuudaas ehleed bvr bvren bvreldhvvneeree geech
2013-01-03
Mnkhb:
Niigmiig buzarlagsad jinhene utgaaraa baindaa ter Bayr alkashiin zuragnuudaas ehleed
2013-01-03