Н.Батцэрэг: Намын гишүүд хоёр тийш харсан юм алга
УИХ дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгийн хуралдаан хоёр долоо хоног дамжин хуралдсангүй. Энэ талаар тус бүлгийн дарга Н.Батцэрэгээс тодрууллаа.
-Эвслийн бүлгийн хуралдаан товлосон цагтаа болсонгүй. Ямар үндэслэлээр хуралдсангүй вэ?
-Энэ долоо хоногт УИХ-ын байнгын хороо болон нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлыг урд нь манай МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлэг хэлэлцсэн учраас өнөөдөр хуралдах шаардлагагүй гэж үзсэн. Тухайлбал, Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай хуулийн төслийн ажлын хэсгийг манай гишүүн О.Баасанхүү ахалж ажиллаж байна. Цаг үеийн гол чухал тогтоолын төслүүд дээр бүлэг хуралдсан эсхүл бүлгийн гишүүд гар бие оролцон ажиллаж байгаа зэрэг байдлаас шалтгаалан энэ долоо хоногт бүлэг хуралдахгүй болсон.
-Өнгөрөгч долоо хоногт Ц.Оюунбаатар гишүүн тангараг өргөсөн. Эл асуудлыг УИХ-аас хэлэлцэх асуудлын жагсаалтад оруулаагүй шууд тангараг өргүүлсэн. Ингэж нууцлах болсон шалтгаан нь юу байв?
-Нууцлаагүй. Ц.Оюунбаатар гишүүн 2012 ондоо багтаж тангарагаа өргөх хүсэлтээ гаргасан байна. Нэгэнт УИХ-ын сонгуулийн үр дүнд сонгогдсон гишүүн бол тангарагаа өргөх л ёстой шүү дээ. Хуулийн зөрүүтэй ойлголт, нэрсийн жагсаалтаас хасагдсан хүмүүсийн тухай асуудлаар хууль хяналтын байгууллага, шүүхээс тодорхой шийдвэр гарах хүртэл тангараг өргөхөө түр хүлээе гэсэн байр суурьтай байсан юм билээ. Гэхдээ УИХ-ын сонгууль 2012 онд болсон учраас ондоо багтаж гишүүний тангарагаа өргөмөөр байна гэсэн хүсэлтийг өөрөө албан ёсоор гаргасан учраас тэрхүү хүсэлтийг нь хүндэтгэж үзсэн байгаа.
-УИХ-аар хэлэлцэх асуудлын дараалалд байхгүй учраас Ц.Оюунбаатар гишүүн тангараг өргөх эсэхийг мэдэхгүй гэсэн хариултыг сэтгүүлчдэд өгч байсан шүү дээ та?
- УИХ-ын гишүүний 2012 оны сүүлийн чуулганы нэгдсэн хуралдаанаар тангараг өргөх ёстой гэж албан ёсоор бүлгийн гишүүдэд асуудлаа тавьсан. Тиймээс бид тангараг өргүүлэх нь зүйтэй гэж үзсэн. Ер нь УИХ-ын Дэгийн тухай хуулиар тухайн сонгогдсон гишүүн өөрөө хүрэлцэн ирсэн тохиолдолд хуулиараа хэн нэгэн хүн үүнийг хориглох аль эсхүл өөр байдлаар авч үзэх эрхгүй. Тийм учраас Ц.Оюунбаатар гишүүний тангараг өргөх хүсэлтийг бүлгийн зүгээс хангах учиртай.
-УИХ дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгийн хуралдаан удаа дараа хойшилж буйд зарим эх сурвалж МАХН, МҮАН-ын гишүүнд үзэл бодол нэгдэхгүй, таарамжгүй байгаагаас болж байна гэсэн мэдээлэл байна. Үүнд тус бүлгийг ахалж байгаа хүний хувьд ямар тайлбар өгөх вэ?
-Хэн нэгэн хүн мэдээлэл тараадаг байдал цаг зуурын асуудал гэж бодож байна. Аль ч парламентад байдаг л асуудал. Намаараа хоёр тийшаа хараад суугаад байгаа юм алга. Огт зөрчилгүй ажиллаж байгаа ч гэж хэлэхгүй. Үзэл бодол, ойлголцлын зөрүү, асуудалд хандах хандлагын зөрүү бий. Гэхдээ түүнийгээ ярьж даван туулахыг нь улс төрийн урлаг шүүдээ. Манай бүлэг доторх улс төрийн амьдрал жирийн өрнөж байна.
-Өнгөрсөн хугацаанд “Шударга ёс” эвслийн бүлэг ямар чухал хууль дээр ажиллав?
-Ерөнхийлөгчийн сонгууль, орон нутгийн сонгуулийн тухай хууль, төсөв гэх мэтчилэн томоохон хуульд санаачлагчаар ажиллаж ирсэн. Ажлын хэсгүүдэд бүлгийн байр суурийг хүргэсэн. Нэлээн дорвитой ажилласан гэж хэлж болно.
-Н.Энхбаяр даргын биеийн байдал ямар байгаа вэ. Мэдээлэл байна уу?
-Өнгөрөгч 2012 онд биеийн байдал нь тааруу байна гэж сонссон. Одоогоор мэдэх юм алга.
-Холбоо харилцаагүй болсон юм уу?
- Үгүй, зарим талаараа мэдээлэл авч байгаа шүү дээ.
Н.Түвшин
СЭТГЭГДЭЛ БИЧИХ