"Мөрдөн байцаагчийн саналаар эрх түдгэлзүүлэхийг дэмжихгүй гэж үзлээ"
УИХ дахь АН-ын бүлгийн хуралдааны дараа тус бүлгийн дэд дарга С.Одонтуяа сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
-АН-ын бүлэг хуралдаанаараа ямар асуудлыг хэлэлцсэн бэ?
-Манай Ардчилсан намын бүлэг өнөөдрийн хуралдаанаараа байнгын хороо, УИХ-ын чуулганаар хэлэлцэж байгаа хэд, хэдэн хуулийн төслийг хэлэлцлээ. Тухайлбал, Үндсэн хуульд өөрчлөлт оруулах бүхий ажлын хэсэг байгуулахаар болсон. Түүнчлэн Улстөрийн намуудын тухай хуульд өөрчлөлт оруулах хүрээнд санхүүжилтийн асуудлыг нэлээд нухацтай хэлэлцлээ.
Ингэхгүй бол нам бүр анхан шатандаа улсын хэмжээнд нүсэр бүтэцтэй тэр нь эргээд зардал чирэгдэл ихээр шаардаж байгаа нь өөрөө сөрөг үр дагавар дагуулдаг. Тиймээс сонгуульд олонхи болсон нам нь ИТХ-ын төлөөлөгчөөрөө дамжуулж бодлогоо хэрэгжүүлэх хүрээнд эл асуудлыг шийддэг байх нь зөв гэж үзээд холбогдох хууль эрх зүйн зохицуулалтыг дэмжих ёстой хэмээн үзлээ.
-Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түтгэлзүүлэх тухай төсөлд ямар байр суурьтай байна вэ?
-Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн Монгол Улсын Их хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцээд эхний заалтыг дэмжих бололцоотой хэмээн үзсэн. Үүнд УИХ-ын гишүүн гэмт хэрэг үйлдээд газар дээрээ баригдвал УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай асуудлыг чуулганаар хэлэлцэн шийдвэрлэнэ гэсэн заалтыг дэмжихэд гишүүд санал нэгдсэн. Харин хоёр дахь заалт болох УИХ-ын гишүүнийг хэрэг үйлдсэнийг мөрдөн байцаагчийн саналаар бүрэн эрхийг нь түдгэлзүүлнэ гэсэн заалтыг дэмжихгүй гэж үзсэн.
Мөн өнөөдрийн хуралдаанаар бүлэг Төрийн нууцын жагсаалт батлах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцээд “Хэлэлцэх нь зүйтэй” хэмээн үзсэн. Хуулийн гол агуулга нь 1х5000 харьцаатай Монгол Улсын газрын зургийг нууцын жагсаалтаас гаргах тухай асуудал. Эл хэмжээст зураг нь улсын нууцын зэрэглэлд хамаардгаас олон асуудал нууцад хамаарч иргэдэд мэдээллийг нээлтэй ил тод хүргэхэд бэрхшээл учруулдаг.Тиймээс Төрийн нууцын жагсаалтад өөрчлөлт оруулах хуулийн төслийг дэмжиж байгаа.
-Улс төрийн намуудын гишүүдийн гишүүнчлэлийн хувьд хуулийн ямар зохицуулалт хийх вэ?
-Өнөөдөр бүлэг аливаа асуудлыг хэлэлцэх эсэхийг голчлон ярилцлаа. Үүний дараа ажлын хэсэг байгуулагдана. Манай дийлэнх гишүүд улс төрийн намын хатуу гишүүнчлэлээс татгалзах өөрчлөлт шинэчлэлт хийх хэрэгтэй гэсэн байр суурьтай байгаа.
Н.Түвшин
СЭТГЭГДЭЛ БИЧИХ