
Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчид өнөөдөр болсон шинэ оны анхны хуралдаанаараа гурван асуудал хэлэлцэв.
Нэгдүгээрт, нийслэлийн өмчид үнэ төлбөргүйгээр шилжин ирж буй нийтийн эзэмшлийн эд хөрөнгийг бүртгэн авах тухай журамд нэмэлт өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцсэн. Уг асуудлыг Нийслэлийн Өмчийн харилцааны газрын дарга Ш.Төмөрбаатар хариуцан ИТХ-ын төлөөлөгчдийн асуултад хариулт өгсөн. Нийслэлийн эзэмшлийн эд хөрөнгийн бүртгэлд эд хөрөнгийг бүртгэн авахад иргэд, аж ахуйн хүсэлтэээр шийдвэрлэдэг аж. Энэ удаад 25 СӨХ өөрийн харъяа орон сууцны шугам сүлжээг нийслэлийн өмчид шилжүүлэх хүсэлтээ илэрхийлсэн гэнэ. Гэвч энэхүү нийслэлийн өмчид үнэн төлбөргүйгээр шилжих эд хөрөнгийг бүртгэх журамд зааснаар “Ашиглалтын зардал өндөртэй, нийтийн эзэмшлийн эд хөрөнгийг нийслэлийн өмчид бүртгэн авахгүй” гэсэн заалтаас үүдэн уг асуудал буцаагдсан юм . Учир нь нийслэлийн иргэдийн ая тухтай байдлыг хангахад НИТХ-ын төлөөлөгчид анхаарч ажилладаг. Гэтэл ашиглалтын зардал өндөр хэмээн иргэдийг чирэгдүүлж, шугам сүлжээг нь шийдэхгүй, хохироодог байж болохгүй. Нөгөө талаар дан ганц шугам сүлжээ гэлтгүй, дулаан цахилгааны асуудлыг ч мөн хамтад нь шийдэх нь чухал. Тиймээс Нийслэлийн орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газар, Нийслэлийн Цахилгаан түгээх сүлжээ, Нийслэлийн өмчийн газар хамтран дээрх асуудлыг хэлэлцэн, иргэдийг чирэгдүүлэхгүй нэгдсэн бодлоготойгоор асуудал хандах ёстой хэмээн НИТХ-ын төлөөлөгчид санал нэгтэйгээр уг асуудлыг буцаасан юм.
Хоёрдугаарт, “Цахилгаан тээвэр” ХК-ний нийслэлийн төсөвт төвлөрүүлэх түрээсийн төлбөрөөс чөлөөлж өгөхийг хүссэн хүсэлтийг хэлэлцсэн. Тус компани нь жилдээ 100 сая орчим төгрөгийг гадны түрээслэгчээс авдаг бөгөөд үүнийхээ 60 орчим хувийг нийслэлийн төсөвт төвлөрүүлдэг аж. Гэхдээ 2007 оноос нийслэлд хүсэлт гарган уг мөнгийг өөрийн байгууллагад ашиглаж, байгууллагийн урсгал зардал, техник тоног төхөөрөмжийн шинэчлэлд ашиглаж ирсэн аж. Энэ удаад ч мөн адил ийнхүү төсөвт төвлөрүүлэх мөнгийг өөрийн мэдэлд үлдээх хүсэлт гаргасан бөгөөд тэдний хүсэлтийг зөвшөөрч ирэх 2015 он хүртэл нийслэлийн төсөвт түрээсээс орж ирэх орлогыг шилжүүлэхгүй байх тогтоолыг батлав. Мөн энэ үеэр тус компанийн буюу нийтийн тээврийн салбарын хөгжилд өөрчлөлт хийх шаардлагатай болсныг хэлэлцсэн юм.

Гуравдугаарт, нийслэлийн Засаг даргын орлогчийн асуудлыг хэлэлцсэн бөгөөд нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл зургаан орлогчтой байхаар тогтжээ. Тодруулбал, Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч даргад Н.Батаа, Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч даргад С.Очирбат, Зам, тээвэр, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч даргад Н.Гантөмөр, Хөдөлмөр эрхлэлт нийгмийн хамгааллын асуудал хариуцсан орлогч даргад Ц.Буяндалай, Экологи, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч даргад Т.Бат-Эрдэнэ нарыг НИТХ-ын төлөөлөгчид санал нэгтэйгээр баталлаа. Харин Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогчийг дараагийн НИТХ-ын хурлаар баталах аж. Учир нь нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогчоор Ц.Баатархүү ажлаа хүлээлгэн өгсөн тул түүний оронд хэнийг томилох нь одоогоор тодорхойгүй байгаа гэнэ. Хурлын төгсгөлд нийслэл хотын хөгжил, иргэдийн ая тухтай амьдрах нөхцөл болоцоог бүрдүүлж, ажилтай, орлоготой нийслэлийн иргэдийн төлөө, мөн АН-ын нэр хүндийг өндөрт өргөж ажиллахыг НИТХ-ын төлөөлөгчид Засаг даргын орлогч нартаа сануулсан юм.
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ