2012 оны баатар
Жил бүрийн төгсгөлд ажлынхаа үр дүнг авч хэлэлцдэг нь нэгэнт тогтсон уламжлал. Өндөр ач холбогдолтой цол хэргэм, шагналууд тодорхой болж, эзэддээ очно. Хаа нэгтээ, Аргентиний бурхан залууд ээлжит “Алтан бөмбөг”-ийг нь гардуулахаар бэлтгэж байгаа ч, энэ удаа өөр нэгэн хэргэмийн талаар бичихийг хүслээ. Өөрийн амьдралын жишээгээр хөлбөмбөг бол зөвхөн тоглолтоос ч илүү зүйл төдийгүй, тактикийн схем, гоол, азгүйтлээр хязгаарлагддаггүй гэдгийг батлан харуулсан хөлбөмбөгчинд олгодог “Оны баатар” хэмээх хэргэмийн талаар ярих болно. Нэр дэвшигчийн сонголтонд эргэлзээ байж болно гэж үү? Сар гаруйн турш тэргүүн нүүрээс салахаа байсан нэрийг бүү дуудаарай гэж гуйя. Түүний хувьд шагнал гэдэг бол ирлээ-харлаа-гоол хийлээ-яллаа (авлаа). Ийм л зүйл. Түүний хувьд зовлогоо зулгааж, арай гэж бариулаас зуурсан гэх үгс тохирохгүй. Баатрууд өөрийнхөө араас бусдыг дагуулан, гачигдал, хүндрэлийн эсрэг сөрөн зогсдог. Шилдгүүд баатар байх албагүй. Өнгөрөн одож буй “Луу” жил “Челси”-гийн хувьд олон талаар галт жил боллоо. Алсарч буй жилийн эхэнд “Челси”-гийн гал нам гүмхэн ассан бөгөөд тавдугаар сар гэхэд дэлхийг гэрэлтүүлэн ноцож, харамсалтай нь үүнээс хойш аажуу горимоор уугин сүүмэлзэх төлөвт шилжсээр ... Гэвч ямар ч салхи (үүнийг Бенитес гэж уншсан ч болно) тавдугаар сард ноцсон галыг унтгааж хүчрэхгүй. Тавдугаар сар мөнхөд бидэнтэй үлдэх болно. Тавдугаар сард манай Дидье Дрогба бидний зүрх сэтгэлд үүрд гагнагдсан юм. Тэр зүрхнээ тамгалагдсан, үүрдийн ялагч, мөнхийн домог. 2012 оны баатар Толь бичигт “баатар” гэдэг үгийг “гавъяа байгуулагч, өөрийн эрэлхэг, баатарлаг, амь хайргүй байдлаар ер бусын хүн”, мөн “цаг хугацааг эзэгнэсэн хүн” хэмээн тодорхойлжээ.
Дидьегийн хувьд хэрэглэвэл “амь хайргүй чанар” болон “Челси 2012” гэсэн холбоо үгүүдийн хооронд тэнцүүгийн тэмдгийг зоригтой тавьж болно. Манай жанжин бусад багийг айдас хүйдсээр хучсан юм. Жанжин маань Терри, Лампард, Коул, Чех нарын хамтаар өнгөрөгч онд “Челси”-г ялалтын бурхан болгосон билээ. Бичигч миний хувьд Дидье өөрийн минь шүтээн тоглогч байгаагүй ч одоо түүний зургийг ширтэн эргэн дурсахад, нэг л тийм бурханлиг, ер бусын ариун гэгээн давалгаа эзэмдэнэ. Түүний “Наполи”-гийн эсрэг тоглолтонд хийсэн гоолоор “Челси” Аваргуудын лигт эргэн ирснээ зарласан бөгөөд мөн л түүний гоолоор ер бусын гайхамшигт улирал өндөрлөсөн.
Энэхүү улирлыг “Дрогбагийн эрин үе” гэж зоригтой, чанга дуугаар зарлахад эмээх зүйл огтхон ч алга.
Бидэнд Мюнхен зүүдлэгдсээр л байна
Нойер болон түүний арын улаан хананы өмнө нэг секунд ч зүрх үл алдан, эцсийн цэгийг итгэл дүүрэн тавьж буй Дидьегийн пеналтийн цохилтыг хэдэн мянга дахин давтан үзсэн ч, үзэх бүрт ер бусын мэдрэмж төрдөг. Энэ бол 2011-2012 оны улирлын Аваргуудын лигийн эцсийн цэг, түүний “Челси” дэх найман жилийн замналын эцсийн цэг. Энэ цэг түүний бүх алдаа эндлийг бидний ой санамжаас үүрд арчин хаясан бөгөөд Дидьег “Стэмфорд Бриж”-ийн тэнгэрт үүрд мандуулсан юм. Ди-Ди цохилт хийсэн агшнаас бөмбөг хаалганы шугам хүрэх хугацаа бидний хувьд амьдралын минь торгон агшны нэг болон үлдсэн нь бодит түүх.
Drogba Legend-Домогт Дрогба буюу Дрогбагийн домог хэмээх нэрлэх нь зүйд нийцэх буюу
2011-2012 оны Аваргуудын лиг Дидьед жигүүр бэлэглэсэн юм. Бид одоо Жанжнаа санагалзан дурсаж, уйтгарлан байна. Өөрийгөө эрж хайн, дасгалжуулагчаа хүлээсэн одоогийн “Челси”-д Дидье шиг тоглогч олдохгүй.
Мюнхенд гялалзсан ялалт байгуулсны дараачаар, 2012 онд Ди-Дигийн оруулсан багагүй чухал гоолуудыг мартагнасан байж болох. Тэр гоолуудгүйгээр Мюнхений ялалт ирэх учиргүй. “Барселона”-тай хийсэн тоглолтын цорын ганц гоол, Английн цомын шигшээ тоглолтонд Уэмблид “Ливерпуль”-ийн хаалганд оруулсан ялалтын гоол.
Ди-Ди-гийн хувьд Уэмбли онцгой сэтгэгдэл төрүүлдэг. Найман тоглолтонд найман гоол. Ивуар залуу бол Английн хамгийн гол цэнгэлдэх хүрээлэнд, Английн цомын дөрвөн шигшээ тоглолтонд гоолдсон цорын ганц тоглогч. Тэр шигшээ тоглолтын хөлбөмбөгчин. Улсынхаа шигшээд тоглон Африкийн цомын шийдвэрлэх тоглолтонд хоёр удаа хожигдсон нь түүний статистикийг бага зэрэг муутгадаг ч, дэлхийн хөлбөмбөгийн бүх хөгжөөн дэмжигчдийн хувьд Дидье үүрд, шигшээ тоглолтын хөлбөмбөгчнөөр үлдэх болно.
Үнэндээ Дрогба бусад топ довтлогчдоос авъяас, ур чадвараар илт давуу биш ч, дээд шатны тэмүүлэл, зорилготой, саад тотгорт үл автах хүсэл эргэлзэл, эсэргүүцлээрээ ялгардаг. Тэрбээр хожимдож тодорсон ч, амжилтын дуудлагыг хүлээн авч чадсан юм. Дидьед асуудал, хүндрэл хэрэгтэй. Тэгмэгц л бүхнийг шийдвэрлэж эхэлдэг нь түүний зан. Зааны Ясан Эрэг Улсын ард түмэн худал хэлэхийг зөвшөөрөхгүй. Тэдний хувьд Дрогба бол бурхны хөрөг, урам зоригийг бадруулагч, тэнгэрийн элч, тэрс үзэлтний бэлгэ тэмдэг, хэрхэн хөдөлмөрлөх, амьдрах, бэрхшээлийг даван туулахын амьд жишээ.
Саяхан “Челси”-гийн сэтгүүлийн, тохиолдлоор ч юм уу 100 дахь дугаарт уншигчдын дунд “Челси”-гийн түүхэн дэх шилдэг тоглогчийг тодруулах санал асуулга явуулжээ. Тэнд мэдээж манай баатар ялсан. Дрогба “Челси”-г хайрладаг, “Челси” ч Дрогбад хайртай. Жанжинтай холбоотой халуун дулаан бүх дурсамж, сэтгэл хөдлөлийг хэн ч, юу ч бидний ой санамжаас, сэтгэл зүрхнээс арчиж чадахгүй. Кобхэмийн самбарт бичигдсэн дөрвөн үг хэзээ ч арилахгүй. Клубын музейг чимсээр байх болно.
“Челси”-гээс явснаас хойш өгсөн анхныхаа ярилцлагад Дидье “Челси” дэх найман жил түүнийг өөрчилж, илүү сайн болгосон гэсэн бол, “Челси” ч түүний ачаар шилдэг клуб болсон юм.
Аугаа хүнд илүү нэмэлт тайлбар
2009 онд Дидьегийн намтар хэвлэгдсэн бөгөөд тэргүүн үгийг нь Жозе Моуриньо бичсэн юм. Тэрхүү үгийг сонирхоцгооё.
“Би дурсамж хадгалах дуртай, олонтой хуваалцах зүйл надад нилээд бий. Би зохиолч, яруу найрагч биш боловч, туулан өнгөрүүлсэн амьдрал минь ер бусын агшин хором бүхий түүхээр арвин байдаг юм. Гэхдээ эргэн харахад, зүрх сэтгэлд минь мөнхөд орших ердөө хэдхэн онцгой гайхамшигт хүмүүс тодордог.
Дидье Дрогба Велодромд “Марсель”-тай хийсэн Аваргуудын лигийн тоглолтын таван минутанд миний амьдралд орж ирж билээ. Нуруундаа “11” гэсэн дугаартай энэ аварга эрийн гоолын дараах баяр хөөрийг тод санаж байна. Тэрхүү баяр бөөр цэнгэлдэх хүрээлэнгийн дайсагналцсан уур амьсгалыг эерэгжүүлж, чимээ шуугиан чих дүлийрүүлэх дөхөж байлаа.
Би завсарлагаанаар хонгилд түүнийг таараад “Надад чамайг худалдаж авахаар мөнгө даанч алга, харин чамд, чам шиг тоглож чаддаг Кот д’Ивуар ах дүү байхгүй биз?” гэж асуухад тэрбээр инээмсэглэглээд “Чи намайг худалдан авч чадахаар багт очих нь гарцаагүй” хэмээн хариулсан юм.
Харин би хагас жилийн дараа “Челси”-д очиж билээ. Хүн бүхэн ямар нэг байдлаар холбоотой байхыг хүсдэг клубт оччихлоо. Бүгд л “Челси”-тэй яриа хэлцэл хийж, “Челси”-гийн төлөө тоглохыг хүсч байсан. Надад өөр сонголт байсан боловч би энд ирсэн. Ирмэгцээ “Би Дидье Дрогбаг авахыг хүсч байна” гэж хэлсэн юм. “Яагаад энэ биш гэж, яагаад тэр биш гэж? Дрогба энд тохирох юм уу? Тэр үнэхээр тийм сайн гэж үү? хэмээн эргэлзэнгүй асуух хүн олон байсан.
“Дидье Дрогбаг авахыг хүсч байна” гэж би давтан хэлсэн.
Би хэд хоногийн дараа Лондоны хувийн, нэгэн онгоцны буудалд Дидьетэй таарлаа. Тэр намайг дахин, гэхдээ огт мартагдашгүйгээр тэвэрсэн юм. Энэ бол түүний хувьд онцгой ач холбогдолтой дотно хүндээ хандсан, талархсан тэврэлт байлаа. Дидье дараа нь “Баярлалаа, Би чиний төлөө тэмцэх болно. Чи хэзээ ч харамсахгүй ээ, би чамд үүрд үнэнч байх болно” гэсэн юм.
Тэр амлалтаа биелүүлсэн.
Түүний үнэнч чанар манлайлагчийн онцлогт бүрэн байраа олсон бөгөөд, хүнд хэцүү бэрхшээлийн өмнө үл сөхөрдөг. Бэрхшээлийн эсрэг зогсож чадсан нь, энэ агшинд манлайлагч байх нь хамгийн чухал.
Ямар ч агшин, нөхцөл байдалд түүнд итгэж, найдаж болно гэдгийг би цаг үргэлж мэдэрдэг, Баг шахалт, дарамтанд ороход тэр ухран, хамгаалагч нарт тусалдаг. Хөндүүр мэдэрмэгц даван туулж, эцсээ хүртэл тэмцдэг. Харин бүхнээс илүү хийж чаддаг зүйл болох, гоолоо оруулсаар байсан нь мэдээж. Эдгээр гоолууд түүнд шагнал, цол хэргэм авчирсан боловч миний зүрх сэтгэл, оюун бодолд хамтдаа даван туулсан төгсгөлгүй түүх болон үлдэх болно.
2007 он. Уэмблид болсон Английн Холбооны цомын шигшээ тоглолт. “Челси”-“Манчестер Юнайтед”. Улирлын сүүлчийн тоглолт. Олон хүн энэ бол Жозегийн хувьд “Челси”-гийн жолоон дээр сууж буй эцсийн өдөр байх болно гэж бодож байсан. Аугаа тулаан. Нэмэлт цагт Дидье гоолдлоо. Тоглолт дууссаныг зарласан шүглийн эцсийн дуу. Бүгд баярлан дэвхцэж, ухаан алдах дөхөж байлаа. Гэхдээ хоёр хүнээс бусад нь... Би гэргийтэйгээ утсаар ярихаар хувцас солих өрөө рүү гүйлээ. Харин нэгэн тоглогч талбайг орхин, миний араас хонгил руу зүтгэх нь тэр. Дидье аль болох хурдан ирж намайг тэврэхийг хүссэн юм. Тухайн үед Дидье, бидний анхны болон хоёр дахь уулзалтын талаар дурсан санасан болов уу? Эсвэл, энэ тэврэлт сүүлчийнх ч байж болох юм гэж бодсон болов уу?
Тэр ирээд намайг тэврэхэд, хамтдаа өөрийн эрхгүй эхэр татаж билээ.
Дидье бол онцгой хүн. Би түүнийг “тоглогч”, эсвэл “ер бусын тоглогч гэж” гэж хэлсэн ч болох л доо. Гэхдээ хүрээлэн буй орчин ертөнцдөө үзүүлж буй түүний нөлөөнд “жинхэнэ хүн” гэдэг үг бүхнээс илүү тохирно. Африк эр, Зааны Ясан Эрэг Улсын Эзэн хаан, аав, хүү, энд нөхрийн хувьд ч тэр. Бидний олонхи нь түүнийг амьдралынхаа нэгэн хэсэг гэж мэдрэхийг хүсдэг. Тиймдээ ч аз жаргалтай байдаг.
Английн Холбооны цомын шигшээ тоглолтоос хоёр сарын дараа би “Челси”-тэй салах ёс гүйцэтгэлээ. Дахин, анхны удаагийнхтай адилхан тэврэлт. Юу ч хэлж зүрхэлсэнгүй, харин Дидье “Үгүй, ийм байж болохгүй, ингэх ёсгүй, худлаа!!!” гэж билээ. Би арайхийн хүч гарган, цааш явсан юм.
Дидьегийн хөлбөмбөгчин гэдэгт илүү өргөлт өгөн ярих ёстой байсан ч байж магадгүй. Гэхдээ хөлбөмбөгчин Дидьегийн талаар бид дэндүү сайн мэднэ. Тэр бол лидер, шагнал цуглуулагч, буяны үйлд бүхнээ зориулдаг тоглогч. Тэрбээр энэ бүхэнд өөрийн авъяас, хөдөлмөрч чанар, даруу зангийн ачаар хүрсэн юм. Дидье бол хамтран ажиллаж байсан хөлбөмбөгчдийн минь шилдгүүдийн нэг нь. Тэгэхдээ, миний амьдралын үл мартагдах хамгийн сайн анд нарын минь нэг гэдэг нь илүү чухал. Үүний л төлөө хамтдаа байх болно. Харин өөр өөр клубт, өөр улсад байх нь, эсвэл өтөл Дидьетэй тахир дутуу хүний тэргэн дээр хамтдаа суугаад ямар нэг клубыг цуг дасгалжуулах нь чухал биш юм шүү.
Дидье зүрх сэтгэлд минь үүрд тамгалаастай орших болно!!!
Л.Эрдэнэсоёл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ