Мөрдөн байцаагчийн саналыг үндэслэнэ гэсэн заалтыг хасахыг дэмжлээ
Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар өнөөдөр Монгол Улсын Их Хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн/-ийн анхны хэлэлцүүлгийг хийж дэмжлээ. Түүнчлэн ”Улсын Их Хурлын даргын ажлын хэсгийн орон тоог батлах тухай” УИХ-ын тогтоол хүчингүй болсонд тооцох тухай тогтоолын төслийг мөн хэлэлцлээ. Дараа нь Төрийн албаны зөвлөлийн дарга, гишүүнийг үүрэгт ажлаас чөлөөлөх, томилох тухай асуудлыг байнгын хорооны хуралдаанаар хэлэлцсэн.
УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэхтэй холбоотой хоёр заалт туссан байгааг эхлээд хэлэлцсэн. Үүнд, УИХ-ын гишүүн гэмт хэрэг үйлдээд газар дээрээ баригдсан бол, бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх асуудлыг УИХ-аар хэлэлцэн шийдвэрлэнэ, мөрдөн байцаагчийн саналыг үндэслэн Улсын Ерөнхий прокуророос гэмт хэрэгт холбогдсон гишүүнийг яллагдагчаар татах хүсэлтийг гаргаж болно гэсэн хоёр заалт багтсан байна.
Гишүүд харин хоёр дахь заалтын талаар байр сууриа тодорхой илэрхийлж байв. УИХ-ын гишүүн Н.Энхболд, Р.Гончигдорж, О.Баасанхүү нар энэ заалтыг хасах саналтай байсан нь дэмжлэг хүлээсэн. Харин УИХ-ын дэд дарга Л.Цог, Ерөнхийлөгчөөс оруулж ирсэн уг саналыг дэмжиж буйгаа хэлж, асуудал хоёр талтай, бид зөв ойлгож, олон нийтэд ч зөв ойлголт төрүүлэх ёстой юм хэмээн онцолсон.
Мөн УИХ-ын гишүүн Д.Дэмбэрэл, гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай асуудал нь нэлээн маргаантай явж ирсэн гэдгийг дурдаад, найруулгын шинжтэй зарчмын зөрүүтэй саналаа илэрхийлж байв. Жишээ нь, “түдгэлзүүлнэ” гэсэн нь шууд утгатай гэдгийг тэрээр хэлж, “түдгэлзүүлэх эсэх” гэж засах нь зөв гэсэн байр суурьтай байв. Энэ саналтай адил утгатай найруулгын засвар хийхийг УИХ-ын гишүүн Р.Гончигдорж хэлж, гишүүд ч дэмжсэн. Ингээд байнгын хорооны гишүүдийн гаргасан зарчмын зөрүүтэй саналуудаар санал хураалгахад олонхи нь дэмжлээ.
Н.Түвшин
СЭТГЭГДЭЛ БИЧИХ