
Эрүүл мэндийн сайд Н.Удвал болон Гэмтэл, согог судлалын үндэсний төв /ГССҮТ/, Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв /ЭХЭМҮТ/-ийн эмч, мэргэжилтнүүд Баянхонгор аймгийн нэгдсэн эмнэлэгт дөнгөж төрсөн нярайг түлж, гэмтээсэн асуудлаар мэдээлэл хийлээ.
Эрүүл мэндийн сайд Н.Удвал “Эрүүл мэндийн салбартай холбоотой сайн муу мэдээлэл их гардаг нь нууц биш. Эмч нарын харилцаа, алдаа дутагдал, сэтгэлгүй, хариуцлагагүй байдалтай холбоотой санал гомдол иргэдээс их ирдэг. Тиймдээ ч би ЭМ-ийн сайд болсон цагаас эхлэн нийслэл, аймаг сумдын эмнэлгийн удирдлага, эмч нартай хариуцлагын тогтолцоог сайжруулах, иргэдэд чирэгдэлгүй үйлчилгээ үзүүлэх зэрэг ёс зүйн гэрээ хийсэн. Энэхүү гэрээг хийхэд Баянхонгор аймгийн эмнэлгийн удирдлагууд ч байлцсан. Гэтэл тухайн эмнэлгийн сувилагчийн хариуцлагагүй үйлдээс болж дөнгөж төрсөн, эрүүл саруул нярай түлэгдэж, одоо сэхээнд эмчлүүлж байна. Энэ бол яах аргагүй манай салбарын эмч, эмнэлгийн ажилтнуудын алдаа, хариуцлагагүй хайнга байдлын илрэл тул бяцхан охины ээж, аав, ар гэрийнхнээс уучлалт гуйж байна. Би энэ асуудлыг өчигдөр л мэдлээ. Орон нутгаас нь мэдээ ирсэн мөн Засгийн газрын ордонд УИХ-ын гишүүн Н.Батцэрэгтэй таарахдаа мэдсэн. Одоо тухайн үед хариуцлага алдсан эмнэлгийн сувилагчид гэмт хэргийн шинжтэй хэмээн эрүү үүсгэн шалгаж байгаа юм байна. Дэлгэрэнгүй мэдээлэл маргааш гэхэд бэлэн болно. Бид шаардлагатай бүх арга хэмжээг авч хүүхдийг эмчлэх болно” гэв.
ГССҮТ-ийн Түлэнхийн эмнэлгийн Эрчимт эмчилгээний тасгийн эрхлэгч Б.Баттөгс “ ГССҮТ-д энэ сарын 1-ний өдөр Баянхонгор аймгаас өнгөрөгч арванхоёрдугаар сарын 29-ний өдөр буцламгай халуун усаар угаасны улмаас бяцхан охины биеийн 50-55 хувь нь түлэгдэж, гуравдугаар зэргийн түлэгдэлтэйгээр ээж, аавын хамт ирсэн. Манай эмнэлэгт ирэхэд нярайн биеийн байдал хүнд, түлэгдэлтийн шок, хордлогод орсон байсан. Ирсэн даруйд нь ГССҮТ-ийн Түлэнхийн эмнэлгийн Эрчимт эмчилгээний тасагт хэвтүүлэн, хордлогыг тайлах, шинжилгээ авах зэрэг эмчилгээг эхлүүлсэн. Шинжилгээгээр түлэгдсэн нярайн цасанд халдварын шинж илэрснийг бид зогсоох арга хэмжээ авч байгаа. Гэхдээ шингэн алдалт хавсарсан, шагайн орчмын нарийн судаснуудаас нь цус шүүрсэн байдалтай байгаа. Бид өнөөдөр түлэгдсэн нярайг эхийн хамт ЭХЭМҮТ-д шилжүүллээ. Тэнд манай эмч нар очиж, түлэнхийн эмчилгээ, боолт зэргийг үргэлжлүүлэн хийнэ” гэлээ.
ЭХЭМҮТ-ийн Нярайн тасгийн эрхлэгч н.Чимгээ “Өнөөдөр манай эмнэлэгт хүүхдийг 11.30 цагт шилжүүлсэн. Биднийг хүлээж авахад хүүхдийн уйлах дуу чанга, эхийнхээ хөхийг хөхөж байгаа ч түлэгдэлтийн улмаас авсан шархандаа болон хордлогийн байдалтай байсан. Хүүхдийг унтаж байх үед нь л боолт хийж байгаа. Баянхонгорын эмнэлгийн сувилагч дөнгөж төрсөн нярайг угаах олон улсын стандартыг зөрчсөн байсан. Хүүхдийг угаахдаа зорилго-заалт-анхаарах зүйл-үйлдлийн технологи-явц-эцсийн гүйцэтгэл гэсэн технологийн дагуу угаадаг. Гэтэл тус аймгийн Төрөх эмнэлгийн сувилагч үйлдлийн технологийг зөрчсөн байна. Одоо бид хүүхдэд үзүүлэх ёстой бүх тусламжийг үзүүлж байгаа. Одоогоор дутагдсан эм тариа байхгүй. Бид шаардлагатай бүх эмчилгээг хийж байна” гэв.
ГССҮТ-ийн эмч нарын хэлж буйгаар гуравдугаар зэргийн түлэгдэлтэй өвчтөнд олон хүндрэл гардаг. Гэтэл төрөөд 10-аадхан хонож буй нярайд түлэгдэлтээс үүдсэн халдвар, шингэн алдалт, цусархаг хам шинж илэрсэн нь амь настай нь холбоотой эрсдлийг дагуулаад байгаа юм. Мөн хүүхдийн бие эдгэсэн ч насан туршдаа хөгжлийн бэрхшээлтэй болох эрсдэл ч учрахыг үгүйсгэхгүй. Учир нь гуравдугаар зэргийн түлэгдэлт эдгэхдээ сорви болон тогтдог, гэхдээ хүүхэд амархан өсөж төлждөг тул түлэгдэлтийн дараа үеийн хор нөлөө бага байх боломжтой хэмээн мэдэгдсэн юм.
Дашрамд дуулгахад, ЭМЯ-ны зүгээс хариуцлага алдсан эмч, сувилагч болон тухай үед үүрэг гүйцэтгэж байсан албан хаагчдад хариуцлага тооцох, ажлаас нь халах хүртэл арга хэмжээ авахыг Баянхонгор аймгийн Засаг даргад үүрэг болгосон гэлээ. Учир нь орон нутгийн эмнэлгийн дарга томилох, төсөв санхүүгийн асуудал зэргийг тухайн аймгийн Засаг дарга шийддэг гэнэ. Мөн энэ үеэр ЭМ-ийн сайд Н.Удвал эрүүл мэндийн салбарын хариуцлагыг сайжруулахад эмнэлгийн дарга, удирдалгыг томилох хариуцлага тооцох эрхийг салбарын яам хариуцдаг болох асуудлыг нухацтай ярих цаг болсон хэмээн мэдэгдэв.
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ