Жил бүр шинэ оны өмнөхөн айл гэр, албан байгууллага бүр том, жижиг өндөр нам янз бүрийн гацуураар гоёдог уламжлалтай. Харин энэ жил эдгээр гоёмсог гацууруудаас арай л өөр, гэрлээр чимж, цагаан ягаан өнгөөр хослуулсан өхөөрдөм хөөрхөн бамбаруушаар сүлд мод урласан эзэдтэй таарсан юм. Энэхүү өхөөрдөм сүлд модонд 100 ширхэг бамбарууш орсон гэнэ. Харин энэ бүхнийг хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдээ харан ажил эрхлэх боломжгүй суудаг ээжүүд урласан гэдгийг сонсоод уг модыг улам ч ихээр хайрлах сэтгэл төрснийг нуух юун. Эгдүүтэй бамбаруушуудыг урлаж, урлагийн бүтээл болгож чадсан ээж нарын төлөөлөл болох Ч.Ганцэцэгтэй уулзаж ярилцсанаа уншигч танд хүргэж байна.
-Бамбаруушаар сүлд мод урласан нь үнэхээр өвөрмөц харагдах юм. Ингэж сүлд мод болгох засах санаа яаж төрөв?
-Энэ миний болон бидний санаа бишээ. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ээжүүд хамтдаа “Ээлтэй ертөнц” ТББ-ыг байгуулаад гурван жил болж байна. Энэ хугацаанд хүүхдүүдийнхээ сурч, хүмүүжих орчинг ээлтэй болгох, нийгмийн хандлагыг эергээр өөрчлөх зэрэг олон ажлыг бид хийж санаачилсан. Мөн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ асран гэртээ суугаа ээжүүд маань ажил эрхлэх боломжгүйгээс орлогогүй, үүнээс болж өдрөөс өдөрт амьдрал нь хүнд хэцүү болж байгаа маань хамгийн анхаарал тавих асуудал болсон юм. Тиймээс хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ орхиод гарч чадахгүй ээжүүддээ гэрээр хийх ажил байна уу гэж удаан хайсан. Өнгөрсөн жил “Баяр хөөрийн ивээл хүмүүнлэгийн сан”-ийн санаачилгаар “Хайрын холбоос” төсөл хэрэгжиж 500 чихмэл бамбарууш хийсэн. Энэ жил бидэнд Casablanca рестораны хамт олноос захиалга ирж бид урласан юм. Ийм сайхан сүлд мод болно гэж төсөөлөөгүй шүү.
-Ээжүүд хүүхдээ харангаа гэртээ хийсэн гэж үү?
-Тийм ээ. Энэ нь маш их хөдөлмөр орох чимхлүүр ажил л даа. Ажиллагаа ихтэй. Бидэнд үнэхээр сайхан байсан. Гарч орохгүй, ажлын цаг гээд л яарч сандрахгүй гараасаа бүтээл гаргана гэдэг сайхан шүү. Зөөлөн тоглоом хийх их гоё. Заримтай нь ярилцана. Тоглоом гэхээрээ л хөөрхөн.
-Зөөлөн тоглоом монголд хийж байна гэж огт сонсоогүй юм байна?
-Монголд хийхэд хүндрэлтэй л дээ. Гадаадаас илүү сайн эсгүүртэй, сайн материалтай хямд тоглоом орж ирдэг болохоор. Бид материал их хайж, цаг их алддаг. Гадуур чанартай сайн үсний олдоц ховор, байсан ч өндөр үнэтэй, бусад зүйлүүд ч монголоос олдохгүй сонголт багатай байдаг. Тийм ч учраас энд үйлдвэрлэхэд хэцүү л дээ. Гэхдээ энэ ажилд олон хүн оролцож ажлын байртай болох боломжтой. Нэг бамбарууш гарахад зургаан хүн ажлын байртай болно. Тэгээд ч жилд нэг удаа л хөдөлмөрийн хөлс авдаг учраас үнэлгээ өндөртэй.
-Энэ жил хэдэн зөөлөн тоглоом хийсэн бэ?
-Бид 250 ширхэгийг хийсэн. Мөн чихмэл хурга хийх гэж оролдлоо. Илүү их ажиллагаа шаардах юм билээ. Өнгөрсөн жил бамбарууш хийсэн болохоор илүү туршлагатай болсондоо ч тэрүү бамбаруушаараа дагнасан гэх үү дээ. Энэ дашрамд бидний ажлыг дэмжиж бамбарууш худалдан авсан хүмүүстээ баярлалаа гэж хэлмээр байнаа. НАЗХолбооны залуучууд тэр дундаа СБД-ийн V хорооны ИХТ н.Оюун-Эрдэнэдээ үнэхээр их баярлалаа. Мөн УИХ-ын гишүүн С.Одонтуяа, Д.Хаянхярваа, ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ нартаа бидний ажлыг үнэлсэнд баярлаж байна.
-Та нар УИХ-ын 76 гишүүнд мессеж явуулсан гэж дуулдсан. Ямар утгатай мессеж явуулсан юм?
-Тийм ээ. Бидэнд 78 бамбарууш үлдсэн юм. Шинэ жилээр ганцхан удаа хөдөлмөрийнхөө хөлсийг авдаг болохоор бүгдийг нь борлуулахад цаг зав их орох нь гэж ярьж байгаад гишүүддээ хандсан юм. Заримд нь хоёр ч удаа хандсан. 76 гишүүнээс гурав нь л бидэнтэй эргэж холбоо барьсан даа.
-Бамбарууш нь ямар үнэтэй вэ?
-15 мянган төгрөг. Энэ жил найман ээж хамтран ажилласан юм. Бүгдээрээ ярилцаж байгаад үнээ тогтоосон. Нэг бамбаруушаас гарч буй дөрвөн мянган төгрөгөө нийлүүлж байгаад зайлшгүй гэж хэлж болохоор хэрэгцээндээ зориулахаар шийдээд ёолкгүй айлууддаа мод авч өгсөн юм. Манайхны олон жилийн бодол л доо. Нийт зургаан айлд мод авсан. Хүүхдүүд маань ямар их баярласан гээч. Хэлж ярьж чадахгүй ч нүдэнд нь тодорсон тэр их баярыг хүн бүртэй хуваалцмаар санагдсан.
-Би ч бас хамт байсан юм шиг мэдэрч байна. Үнэхээр сайхан санагдлаа.
-Баярлалаа. Хүүхдүүд модтой болохыг олон жил хүлээсэн байх. Тэгээд л тэгж баярласан байх. Зурагтаар ёолк зассан айлууд, баярын нэвтрүүлгүүд гарч байхад хүүхдэдээ мод авч өгөх нь битгий хэл өдрийн хоол, түлээ нүүрсний мөнгө гэж зовж суугаа айл өрх, тэр дундаа хүүхэд нь бэрхшээлтэй олон айлууд, өрх толгойлсон ээжүүд байдаг. Энэ бамбарууш оёсон ээжүүд маань ч бас өөрсдөө хөдлөөд түүнийгээ үнэлүүлж, хүүхдэдээ эм, тариа памперс авахдаа үнэхээр баяртай байсан.
-Та бүхний ажлыг хүмүүс дэмжээсэй гэж хүсч байна. Та түрүүн хэлсэн, жилд нэг удаа хөдөлмөрийн хөлсөө авдаг гэж. . .
-Тийм шүү. Нэг бамбарууш хийхэд материал дээрээ зурах хайчлах, эсгэсэн зүйлээ оёх, шалгах, хамгийн сүүлд нь нүд хамар хийх, чихэх, холбох гээд зургаан хүний хөдөлмөр орсон байгаа. Энэ бүгдийгээ нэг бүрчлэн үнэлсэн л дээ. Гэхдээ байнгын биш түр ажлын байр болохоор жаахан тиймхэн байгаа ч бид баяртай байна.
-Одоо үлдсэн бамбаруушаа хаана борлуулж байгаа вэ?
-Тогтсон лангуу, дэлгүүр байхгүй ээ. Бидэнтэй утсаар холбоо барьж тоогоо хэлэхэд хүргээд л өгнө.
Уншигч танд энэхүү ярилцлагыг уншаад өвчтэй хүүхдээ асран, гэрээс гарч, ажил хийхээ боломжгүй болсон ээжүүдийн төлөөлөл гэдгийг нь ойлгосон бизээ. Хөгжлийн брэхшээлтэй хүүхэд гэдэг байнгын асрамж халамж шаардан ээжийгээ, гэр бүлийнхэндээ багагүй ачаа үүрүүлдэг. Гэхдээ л “Ээлтэй ертөнц” ТББ –ийн ээжүүд маань амьдрал хүнд гээд алгаа тосоод суусангүй, тэсвэр тэвчээр, цаг заваа зориулан бүтэн жилийн турш 250 бамбарууш урлажээ. Тиймээс тэдний халуун сэтгэл шингэсэн “Хайрын бамбарууш”-ийг 8830-2278, 9919-1331 утсаар холбогдон худалдан аваасай гэж хүсэж байна. Тун удахгүй Гэгээн хайрын өдөр ч болох нь …
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ