
Сирийн нийслэл Дамаск хотын Барзех аль-Балаш дүүрэгт шатахуун түгээх станцын дэргэд машин дэлбэрч, есөн хүн амь насаа алдаж, олон тооны иргэд шархдсан гэсэн мэдээллийг ВВС агентлаг уламжлан хүргэж байна.
Сири дэх хүний эрхийг хамгаалах байгууллагын өгч буй мэдээллээр өнгөрсөн мягмар гаригт гаргасан тойм судалгаагаар иргэний дайн эхэлсэн цагаас хойш амиа алдагсдын тоо 60 мянга давсан гэсэн мэдээллийг өгөөд буй. Сүүлийн гурван сарын дотор амиа алдагсдын тоо эрс нэмэгдсэн байгааг ч онцолсон. Шатахуун түгээгүүрийн станц дахь дэлбэрэлтээс өмнө олон тооны хүн агаарын дайралтад өртөж амь насаа алдсан хэрэг гарсан.
Мөн түүнчлэн энэ сарын 02-ны өдөр Сирийн хоёр дахь том хот болох Алеппо хотын нисэх буудлын ойролцоо хүчтэй дэлбэрэлт болсон. Нисэх буудлын ойролцоо гарсан энэхүү дэлбэрэлт нь Засгийн газрын цэргүүдийн эсрэг босогчдын үйлдсэн ээлжит зохион байгуулалттай ажиллагаа хэмээн тус улсын “Sana” агентлаг мэдээлсэн юм.
Дэлбэрэлтээс үүдэн Алеппо хотын нисэх буудлыг түр хугацаагаар хаагаад байгаа бөгөөд Сирийн чөлөөт армийнхан өмнө нь Дамаскийн олон улсын нисэх буудлын ойролцоо мөн бөмбөг дэлбэлж байсан удаатай.
Э.Мөнхнасан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ