
Улаанбаатар хотын хүн ам өсөн нэмэгдэж, өнөөгийн байдлаар 1,2 сая хүн амьдарч байгаа бөгөөд Баянзүрх, Сонгинохайрхан дүүргийн хүн ам тал хувийг нь эзэлдэг. Үүнтэй холбоотой түргэн тусламж авах иргэдийн тоо жил бүр тогтмол өсөж байгаа. 2012 онд л гэхэд нийт 204701 дуудлагад үйлчилсэн нь өмнөх онтой харьцуулахад 23167 буюу 11, хувиар нэмэгдсэн байна.
Нийслэлийн эрүүл мэндийн газраас хүүхдийн түргэн тусламжийн үйлчилгээний чанар хүртээмж, шуурхай байдлыг хангах зорилгоор Баянзүрх, Сонгинохайрхан дүүргийн Хүүхдийн түргэн тусламжийн нэгжийг Нийслэлийн Түргэн тусламжийн төвийн бүтцэнд нэгтгэх шийдвэр гаргажээ.
Ингэснээр дээрх дүүргийн 600-гаад мянган хүн ам хүүхдиийн түргэн тусламжийн дуудлагыг өнөөдрөөс эхлэн “103” дугаараар буюу үнэ төлбөргүй дуудах боломж бүрдэж байгаа юм байна.
Нийслэлийн түргэн тусламжийн төвийн Баянзүрх, Сонгинохайрхан дүүрэг дэх салбарууд ирсэн дуудлаганд насанд хүрэгчдийн, хүүхдийн гэсэн ялгаагүйгээр үйлчлэх бөгөөд хүүхдийн биеийн байдал хүнд байгаа яаралтай тохиолдолд хүүхдийн нарийн мэргэжлийн эмчийн баг үйлчлэх юм. Мөн хүүхдийн түргэн тусламжийн дуудлагыг 103 дугаарын утсаар авах болсныг мэдээгүй байгаа иргэд үйлчлүүлчдийг чирэгдүүлэхгүйн үүднээс өмнө нь дуудлага авч байсан Баянзүрх дүүргийн Хүүхдийн түргэн тусламжийн 70150052, Сонгинохайрхан дүүргийн Хүүхдийн түргэн тусламжийн 685065 дугаарын утсаар энэ сарын 31-нийг хүртэл дуудлагыг давхар хүлээн авч байхаар болжээ.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ