
БНАСАУ-ын удирдагчийн эхнэр хоёр дахь хүүхдээ төрүүлсэн тухай олон нийтийн мэдээллийн хэрэгслүүд мэдээлж байна
Умард Солонгосын удирдагч Ким Чен Ун хоёр дахь удаагаа аав болсон бололтой. Өмнөд Солонгосын олон нийтийн мэдээллийн хэрэгслүүд ингэж мэдээлж байна. Бие шалтгаантай болсон тухай өмнө нь мэдээлж байсан БНАСАУ-ын удирдагчийн гэргий Ли Соль Жу-гийн шинэ гэрэл зургийг үндэслэн ийм дүгнэлт хийжээ. Шинэ жилийн албан ёсны дайллага дээр авсан гэрэл зурагт банзал, цамц өмсөж, бие шалтгаантай ямар ч шинж байгаагүй тэр “нэлээд турсан” байдалтай гарсан байна гэж “The Chosunilbo” сонинд бичжээ. Тэр охин, эсвэл хүү төрүүлсэн эсэхийг Ёнхап агентлаг тодруулаагүй байна.
Ли Соль Жу-г тус орны удирдагчийн эцэг Ким Чен Ирийг нас барснаас хойш нэг жил болсонд зориулсан гашуудлын арга хэмжээнд ирсний дараа түүнийг бие шалтгаантай болсон гэх цуу яриа арванхоёрдугаар сарын дундуур сүүлчийн удаа гарсан юм. Ким Чен Уны гэргий гашуудлын уламжлалт хувцас өмссөн ч, хэлхэгэр даашинз түүний нэлээд томорсон гэдсийг далдалж чадаагүй байна. Жирэмсэн болсон тухай мэдээ түүнийг олны өмнө үзэгдэлгүй 50 орчим өдөр болсны дараа аравдугаар сард гарсан юм.
Умард Солонгосын эрх баригчид тарсан мэдээллийг одоогоор огт тайлбарлахгүй байна. Хосын анхны хүүхдийн тухай мэдээ ч одоо болтол албан ёсоор нотлогдоогүй юм. Төрийн тэргүүний гэр бүлд хамаатай бүхнийг БНАСАУ-д уламжлал ёсоор маш хатуу нууцладаг юм.
Ким Чен Ун 2011 оны арванхоёрдугаар сарын 31-нд шинэ жилийн баярын арга хэмжээний үеэр Ли Соль Жу-тай танилцсан гэх мэдээ байдаг. Бүсгүй 27 настай бөгөөд Ким Ир Сений нэрэмжит их сургууль төгссөн, эцэг нь багш, эх нь эмч ажээ. Хос 2012 оны зун гэрлэсэн байна. Ингэхдээ Өмнөд Солонгосын тагнуулын алба хурим бүр 2009 онд болсон гэж нэг бус удаа мэдээлж байсан юм.
С.Золбоо
СЭТГЭГДЭЛ БИЧИХ