
Хоттой ойрхон байдаг Партизаны сангийн аж ахуйг мэдэхгүй хүн ховор. Хотын харьяанд байдаг хэрнээ хөдөөгөөс буурай хөгжилтэй энэ тосгоныг төр, засаг мартаж орхижээ.
Хотын Засаг дарга Э.Бат-Үүлийн захирамжаар Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчид нэгдсэн автобусаар хичээлдээ явж байгаа.
Автобус унаа элбэгтэй хотын төвийн дүүргийн сурагчид энэ боломжийг эдэлж байхад хотын захын алслагдсан, жинхэнэ автобусаар нэгдсэн журмаар зөөлгөж байх ёстой хүүхдүүд өдгөө хичээлдээ явган явсан хэвээрээ байна.
Тэр дундаа Партизаны сангийн аж ахуйд сурч, боловсорч байгаа хүүхдүүд нас харгалзахгүй саахалтаараа нийлэн хичээлдээ алхаж ирж, очдог байх юм. Тэд гэрээсээ сургууль руугаа ирж очихдоо нийт 50 гаруй километр замыг туулдаг.
Тэглээ гээд хичээлээ тасалдаггүй, муу сурдаггүй. Улсаас мөнгө төсөвлөж Нийслэлийн харьяаны сургуулийн сурагчдыг автобустай болгосон 400 орчим сурагчтай тус сангийн аж ахуйг тас мартжээ.
Үүний хажуугаар 70 хүүхдийн амьдрах багтаамжтай сургуулийн дотуур байрандаа тус сангийн аж ахуйн хүүхдүүд чихэлдэн амьдарч 160-уулаа болжээ. Хөдөө гэхэд хөдөө биш, тэгсэн хэрнээ хотын хөгжил, бодлогоос хол хоцорсон сангийн аж ахуйд 400 орчим сурагчдын байдал хэцүүхэн байна.
Цас зудтай ойрын өдрүүдэд бага насны 1-4 ангийн хүүхдүүд хацар, гар нь ихээр хөлдөж байгаа нь багш нарын болон ар гэрийнхнийх нь санааг ихээр зовоож байна. Боловсролын сайдад олон удаа хандсан ч тэрбээр “Би жижиг асуудалд оролцдоггүй” гээд тоймтой хариу өгдөггүй учраас арга буюу сэтгүүлчдэд хандаж байгаагаа өгүүлэв. Хотын хөгжлөөс хоцрогдсон мөртлөө хотын харьяалалтай энэ газрыг анхааралдаа авч өвлийн хүйтэн, хаврын хавсарганд алхаж байгаа Партизаны сангийн аж ахуйн сурагчдыг анхааралдаа авах төр, засаг гэж байна уу?
Эх сурвалж
www.wikimon.mn
СЭТГЭГДЭЛ БИЧИХ