
БНСУ-д аялал жуулчлалын визтэй нэвтрэн орсон Монгол улсын иргэн ээж, охин хоёрыг гар утас хулгайлсан хэмээн шинэ жилийн өмнөхөн Пусан хотын цагдаагийн газраас саатуулсан талаар бид өмнө нь мэдээлсэн билээ. Тэд эх орондоо аваачин зарж борлуулах зорилгоор Солонгосын гар утасны есөн дэлгүүрээс 10 сая орчим воноор үнэлэгдэх 12 ширхэг смарт гар утсыг хулгайлсан нь тодорхой болсон гэнэ. Харин тэд хамтран хулгай хийхдээ тус тусын гүйцэтгэдэг үүрэгтэй байсан тухай өчигдөр Пусан хотын цагдаагийн газраас мэдээлжээ. Тухайлбал, Солонгос хэл мэдэхгүй ээж охин гар утасны дэлгүүрт орж, Монголд хэрэглэх боломжтой олон төрлийн смарт гар утаснуудыг худалдан авахаар үзэж эхэлдэг ба ээж нь худалдагчтай юм ярилцан анхаарлыг сарниулах үүрэг гүйцэтгэдэг бол, охин нь үзүүлж байсан олон гар утаснуудаас хамгийн үнэтэйг нь шилэн сонгож хулгайлах үүрэг гүйцэтгэдэг байсан ажээ. Тэд хулгайлсан гар утаснуудаа метроний тээшинд хадгалж байсан ба тэднийг гар утаснаас өөр хулгайн хэрэг үйлдсэн байх болзошгүй хэмээн шалгаж байгаа аж.
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ