Хөлбөмбөгийн солилцоо, наймааны мэдээнээс

img

Сенегалын шигшээ багийн болон Английн “Ньюкасл” багийн довтлогч, 27 настай Демба Ба 7 сая паундаар “Чэлси”-д ирлээ. Тэрбээр “Язгууртнууд”-тай 3,5 жилийн гэрээ байгуулсан бөгөөд 7 хоногийн 75 000 паундын цалин авах юм байна. Д.Ба 2011 онд “Ньюкасл”-д ирсэн бөгөөд 54 тоглолтонд 29 гоол оруулж байжээ.

Бразилийн шигшээ болон Италийн “Милан” багийн довтлогч А.Пато нутгийнхаа “Коринтианс”-д тоглохоор болсон байна.

А.Патотой хамт нэг багт зүтгэдэг Робиньо ойрын үед мөн л нутгаа зорих бололтой. Түүнийг Бразилийн шилдэг клубууд болох “Сантос”, “Фламенго” нар идэвхтэй сонирхсоор байна.

Лондонгийн “Арсенал” клубын тоглогч А.Аршавиныг сонирхох багийн тоо “Ридинг”-ээс гадна нэгээр нэмэгдлээ. ОХУ-ын шигшээ багийн дасгалжуулагч асан Дик Адвокатын дасгалжуулдаг Голландын ”ПСВ Эйндховен” баг түүнд санал тавьсан байна.

Италийн “Фиорентина” багийн удирдлагууд өөрийн багийн ахмад довтлогч, 35 настай Лука Тонитой гэрээгээ сунгах санал тавьжээ. Л.Тони 15 тоглолтонд оролцож 6 гоол, 1 ашигтай дамжуулалт өгчээ.

Английн “Сток Сити” багийн ахлагч Р.Шоукросс 2018 он хүртэл багтайгаа гэрээгээ сунгасан байна. 25 настай  Р.Шоукросс 2007 оноос хойш багийнхаа төлөө нийт 227 тоглолтонд 18 гоол оруулжээ. Өнгөрсөн оны 11 сард шигшээ багийнхаа (Англи - Швед) төлөө анхны тоглолтоо хийсэн байна.

Италийн “Ювентус” клуб “Аталанта”-гийн хамгаалагч 28 настай Федерико Пелузог улирал дуустал багтаа зээлээр тоглуулахаар болжээ. Ф.Пелузо “Сери А” лигийн 13 тоглолтонд 1 гоол хийсэн бөгөөд шигшээ багийнхаа төлөө 3 тоглолтонд оролцжээ.

Английн шигшээ багийн болон “Эвертон” багийн хамгаалагч 30 настай Фил Жагелька 2017 оны зун хүртэл багтайгаа гэрээгээ сунгажээ. 2007 онд “Шеффилд Юнайтед”-аас ирж байсан тэрбээр энэ улиралд лигийн 21 тоглолтонд оролцож 1 гоол оруулжээ.

Лондонгийн “Чэлси” багийн хагас хамгаалагч Флорен Малуда нутгийнхаа “Эвиан” клубт хүчин зүтгэхээр болж магадгүй байна. Тэрбээр өөрийнхөө шийдвэрийг хүүхдүүдийнхээ ирээдүйн төлөө хийж байгаа хэмээн тайлбарлажээ. Өнгөрсөн жилийн Аваргуудын Лигийн финалын тоглолтоос хойш талбайд гараагүй Ф.Малуда 2007 онд Францын “Лион” багаас Лондонд иржээ.

“Ливэрпуль”- ийн хагас хамгаалагч Жо Коул өөрийн төрөлх баг болох “Вест Хэм”-д эргэн ирлээ

Жо Коул “Вест Хэм”-д ирэнгүүт зөрөөд 31 настай Иосси Бенаюн зээлийн хугацаагаа дуусгаад “Чэлси” рүү явсан байна.

Италийн “Ювентус” клуб Испанийн шигшээ багийн болон “Атлетик Бильбао” багийн довтлогч 27 настай Ф.Льорентед өөрийн болгох хүсэлтээ албан ёсоор илэрхийлжээ.

Лондонгийн “Тоттэнхэм” клуб “Барса”-гийн Давид Вилъягийн төлөө өрсөлдөөнд нэгдлээ. Тэд 12-14 сая паундаар худалдан авах хүсэлтэйгээ “Барселона”-д албан ёсоор санал тавьжээ.

Испанийн  “Реал“ Мадрид клуб өөрийн багийн довтлогч К.Рональдуд шинэ гэрээ санал болголоо. Одоогийн байдлаар К.Рональду 1 жилд 12 сая еврогийн цалин авдаг бол шинэ гэрээнд түүний цалинг 15-18 сая евро болгохоор санал болгосон байна.

Э.Баттөр

СЭТГЭГДЭЛ БИЧИХ