Их өр бүр мөсөн “баяртай”
Энэ сарын 14-ний өдөр ОХУ-ын Москва хотноо гарын үсэг зурсан “Оросын Холбооны Улсын өмнө Монгол Улсын хүлээх санхүүгийн үүргийг зохицуулах тухай Монгол Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын Хэлэлцээр”-ийг Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар баталлаа.
Хэлэлцээрийг хүчин төгөлдөр болгоход шаардлагатай дотоодын журмыг Монголын тал хангасан тухай Оросын талд мэдэгдэхийг Гадаад харилцааны сайд Г.Занданшатарт даалгажээ. Хэлэлцээрийн дагуу Оросын “Хөгжил, гадаад эдийн засгийн үйл ажиллагааны банк” улсын корпораци болон Монголбанкны хооронд “Тооцооны бүртгэл, хөтлөлтийн техникийн журмын тухай Хэлэлцээр”-ийг заагдсан хугацаанд нь байгуулахыг Монголбанкны Ерөнхийлөгч Л.Пүрэвдоржид зөвлөсөн байна.
Монгол-Оросын хамтарсан “Монголросцветмет” нэгдлийн дүрмийн сангийн Монголын талын хувь хөрөнгийг бүрдүүлэхээр ЗСБНХУ-аас /хуучин нэрээр/ авсан зээлийн үлдэгдэл оросын талын тооцоогоор 2010 оны байдлаар 163.7 сая шилжих рубль болсон байсан юм.
Мөн Монгол Улс, Оросын хооронд бараа солилцох үйл ажиллагаанд зориулан нээсэн дансны үлдэгдэл 10.4 сая клирингийн ам. доллар болсон ч энэ өрийг талууд эцэслэн зохицуулаагүй байлаа.
Дээрх хоёр төрлийн өрийг зохицуулахаар талууд удаа дараа уулзалт, хэлэлцээ хийсний дүнд Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдын Оросод хийсэн албан ёсны айлчлалын үеэр хоёр улсын Сангийн сайд Засгийн газар хоорондын Хэлэлцээрт гарын үсэг зурж баталгаажуулжээ.
Хэлэлцээрт зааснаар манай улсын өр болох 174.2 сая ам. доллараас 97.8 хувийг хүчингүй болгож, үлдэх 3.8 сая ам долларыг манай тал Хэлэлцээр хүчин төгөлдөр болсноос эхлэн 30 хоногийн дотор нэг удаагийн мөнгөн төлбөрөөр Оросын талд төлснөөр их өрийн асуудалд цэг тавих юм. Энэ мөнгийг 2011 оны улсын төсөвт тусгажээ.
Ж.Хишиг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ