
Нийслэлийн засаг дарга, Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл нийслэлийн засаг захиргааны бүтцэд өөрчлөлт оруулж, хүчээ зузаатган, багаа шинэчилж, шинэ томилгоо хийлээ.
Засгийн газрын энэ сарын 22-нд баталсан 190 дүгээр тогтоолоор нийслэлийн Засаг даргын Тамгын газрын бүтцийг шинэчлэн баталсан билээ. Шинэ бүтцээр нийслэлийн Засаг дарга зургаан орлогчтой ажиллахаар болсон юм.
Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч даргад Н.Батаа, Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч даргад С.Очирбат, Зам, тээвэр, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч даргад Н.Гантөмөр, Хөдөлмөр эрхлэлт нийгмийн хамгааллын асуудал хариуцсан орлогч даргад Ц.Буяндалай, Экологи, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч даргад Т.Бат-Эрдэнэ нарыг нэр дэвшүүлснийг Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчид хэлэлцээд санал нэгтэйгээр дэмжсэн байгаа. Ийнхүү дөрвөн орлогчийн тоог зургаа болгож нэмэгдүүлэн, хариуцах ажлын хүрээг нь зааглан өгч, хариуцлагатай ажиллахыг даалгахаар болжээ.
Нийслэл гэдэг том "айл". Монголын нийт хүн амын бараг талаас илүү хувь нь Улаанбаатар хотдоо төвлөрсөн. Хотын бүхий л асуудлыг засаг дарга ганцаараа хариуцаад, шийдвэр гаргаад явахад төвөгтэй нь мэдээж. Тиймээс засаг даргын орлогчийн орон тоог нэмсэн гэх. Мөн Шинээр Дотоод аудитын газар, Хотын хөгжлийн газар, Гэр хорооллын хөгжлийн газар, Үйлдвэр хөдөө аж ахуйн газрыг шинээр бий болгосон байна.
Нийслэлийн засаг захиргааны бүтцэд өөрчлөлт хийж байгаа учир дүүргүүдэд ч хамаатай. Эхний ээлжинд дүүргийн Засаг дарга нар хоёр орлогчтой болох нь. Нэг орлогч нь дүүргийн хөгжлийн асуудлыг, нөгөөх нь хот тохижилтын асуудал хариуцаж ажиллах аж.
Ийнхүү Үүл баатар Засгийн газарт шинэ бүтцийн саналаа оруулж, дэмжүүлж тогтоолоо батлуулаад, зургаан орлогчтой болж, ажлын ачааллаа хөнгөвчилсөн бол өмнө нь томилогдсон байсан нэг орлогч нь үүрэгт ажлаасаа өөрийн хүсэлтээр гаргахаар болсноо танилцуулсан нь анхаарал татаж байлаа.
Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан Нийслэлийн Засаг даргын орлогч Ц.Баатархүү ажлаасаа чөлөөлөгдлөө. Ц.Баатархүү өргөдөлдөө сайн дураараа ажлаа өгөх болсноо мэдэгдээд, ямар нэг албан тушаалгүйгээр ард олонд хэрэгтэй зүйл хийх ялангуяа залуучуудад хандан ажиллах сонирхолтой байгаагаас ийм шийдвэрт хүрсэн хэмээжээ. Зөвхөн энэ шалтгаанаас үүдэн ажлаа өгөөгүй бололтой. Түүнийг төрийн ажил хийж байгаагүй учир туршлага тааруухан, амбиц ихтэй гэх. Ц.Баатархүү ямар шалтгаанаас болж хүсэлтээрээ татгалзах болсноо дараа нь тайлбарлана хэмээн хэвлэлийнхнээс бултаж буй. Тэрээр " Яривал их зүйл болно оо. Залуучууд, олон нийтийн байгууллагад ажиллах сонирхолтой байна. Мөн улс төр, цаг үеийн нөхцөл байдлаас болсон гэж ойлгож болно. Манай нам олон фракцтай. Ойлголцол гэдэг маш чухал" хэмээн онцлохоос шинжихэд үл ойлголцол үүссэн гэдэг нь үнэний ортой байж ч мэднэ. Алтан гадас фракцынхан шахалт үзүүлсэн, түүний хэт бие даасан байдал нь багаар ажиллахад төвөгтэй учир таарч тохиороогүйгээс ийм шийдвэрт хүрсэн гэх өөр эх сурвалжийн ч мэдээлэл байна. Орон нутгийн сонгуулиар Чингэлтэй дүүрэгт АН-ыг ялуулна хэмээн амлалт авсан гэдэг. Гэвч сонгуулийн дүн эсрэгээрээ эргэж, Ц.Баатархүүгийн том амлалт "будаа" болсон гэх. Тиймээс тэрээр улстөрийн соёл гаргаж, хариуцлагаа үүрч албан тушаалаасаа татгалзаж байгаа гэсэн мэдээлэл бий. Хэдийгээр Ц.Баатархүү Нийслэлийн Засаг даргын орлогчийн ажлаа өгсөн ч Нийслэлийн АН-ын дэд даргын албан тушаалыг хашиж буй. Үүл баатар "Лектор" төвийн захирал, илтгэгч Ц.Баатархүүд ихээхэн найдлага тавьж, өнгөрсөн наймдугаар сард орлогчоороо томилсон ч таван сар шахуу ажиллаад итгэл хүлээлгэсэн залуу өөрийнхөө зам мөрөө хөөлөө.Хотын засаг дарга Э.Бат-Үүл Зүүн хойд Ази фракцынх. Түүний фракцынхан намдаа хүч тааруухан. Сайд Л.Болд, Э.Бат-Үүл гээд цөөн хэдэн лидерүүдтэй. Тэд хэдийгээр намдаа нөлөөлөл нь хүчтэй биш ч томилгоо хийгдэхэд хоосон хоцордоггүй.
Нийслэлийн засаг дарга Э.Бат-Үүлийг томилгоо хийхэд Алтангадас, МоАХ, МҮДН-ынхэн хүнээ шургуулах гэж лоббидож байгаа нь нууц биш. Хот хэмээх их "айлд" фракцынхаа төлөөллийг оруулж, шийдвэр гаргах эрх мэдэлтэй гайгүйхэн албан тушаалд зүтгүүлж буй. Гэхдээ Э.Бат-Үүл барагтай шахалтад орж жижгэрэх нэгэн биш. Тэгэхээр Ц.Баатархүү дүүргийн засаг даргад санаархав уу эсвэл Лектор төвийнхөө ажлыг хийгээд залуучуудад хандсан үйл ажиллагаа явуулахаар шийдэв үү гэдгийг цаг хугацаа л харуулна. Уг нь залуу хүний хувьд нийслэлийн засаг даргын орлогчийн ажлыг сайн хийж, туршлага хуримтлуулах нь цаашдын улс төрийн карьерт нь дэмтэй байсан ч өөр сонголт хийлээ. Хувь хүний сонголтыг хүндэтгэх учиртай.
Х.Тэргэл
Эх сурвалж:
www.times.mn
СЭТГЭГДЭЛ БИЧИХ