
Талибуудын шархдуулсан пакистаны сурагч охин Малала Юсуфзаи 2012 оны аравдугаар сараас эмчлүүлж байсан Бирмингемийн эмнэлгээс гарлаа гэж ВВС News мэдээлжээ.
Одоо 15 настай Юсуфзаи түүний араас ирсэн гэр бүлийнхнийхээ хамт Их Британид аж төрнө. Нэгдүгээр сарын сүүлч – хоёрдугаар сарын эхээр түүний эрүүг сэргээн засах мэс засал хийх ажээ.
11 наснаасаа Юсуфзаи 2007-2009 онд талибуудын мэдэлд байсан өөрийн төрөлх Сват нутгийн амьдралын тухай “Би-Би-Си” радистанцад зориулан блог хөтлөх болжээ. Тэр үүндээ “Талибан” хөдөлгөөний аллага хядлага зэрэг бусад гэмт хэргийн тухай бичдэг байсан байна.
Үүнээс гадна, Пакистанд эмэгтэйчүүдийг хавчин гадуурхаж байдаг тухай бичиж, тэднийг боловсролтой болгохыг уриалж байжээ.
Өөрийнхөө итгэл үнэмшилд үнэнч байж, блогийнхоо хүчинд нэрд гарснаар Юсуфзаи “Талибан” хөдөлгөөний хар дансанд орсон байна. 2012 оны есдүгээр сарын 9-нд энэ хөдөлгөөнийхөн түүнийг хүндээр шархдуулсан юм. Сум түүний хүзүү, толгойнд туссан байна. Талибчууд энэ халдлагыг Юсуфзаин “өрнөдийн тал баримтладаг” бодлынх нь хариуд авсан өшөө хэмээн мэдэгджээ. Охин эхлээд Пакистаны цэргийн эмнэлэгт эмчлүүлж, харин дараа нь түүнийг Их Британи руу явуулсан юм.
Энэ халдлага их дуулиан тарьсан юм. Хоёр сая гаруй хүн Малала Юсуфзаиг дэмжин Пакистанд заавал үнэ төлбөргүй боловсрол олгохыг шаардлсан өргөх бичигт гарын үсэг зуржээ. НҮБ арваннэгдүгээр сарын 10-ныг шархадсан сурагч охиныг дэмжсэн дэлхийн өдөр гэж зарласан юм.
Өмнө нь сургуулийн захирлаар ажиллаж байсан охины эцэг Зияуддин Фсуфзаи НҮБ-ын дэлхийн боловсролын асуудал эрхэлсэн тусгай зөвлөхийн албан тушаалд томилогджээ. Нэгдүгээр сарын эхээр тэр Бирмингем дэх Пакистаны консулын газрын боловсролын асуудал эрхэлсэн атташе боллоо гэж “The Guardian” сонинд бичжээ.
С.Золбоо
СЭТГЭГДЭЛ БИЧИХ