Номер нэг алан хядагчийн Лондон хотоос авсан тушаал

img

..."Домодедово" нисэх онгоцны буудалд алан хядах ажиллагаа явуулах зөвшөөрлийг Доку Умаров Лондон хотоос авчээ... ОХУ-ын Улсын мөрдөн байцаах газрын ажилтнууд “Домодедово” нисэх онгоцны буудалд болсон дэлбэрэлтийг мөрдөн шалгах ажиллагааг явуулж дууссаныг мэдээллийн агентлагууд дамжуулж байна. Уг хэрэгт сэжигтнээр татагдсан дөрвөн хүнд ялын тогтоолыг төлөвлөжээ. Эрэн сурвалжлагдаж буйг нь зарласан Доку Умаровыг баривчлах шийдвэрийг гаргасан аж. ОХУ-ын Чеченийн Бүгд найрамдах улсын Ерөнхийлөгч Рамзан Кадыров түүнийг “Гол чөтгөр” хэмээн нэрлэжээ. Ингэснээр хэдэн жилийн туршид өөрийгөө олон арван цуст хядлагыг зохион байгуулсан хэмээн нэрлэж буй Умаров ОХУ-ын номер нэг алан хядагч гэсэн "хүндтэй" цолыг эзэмших болов. Үхэл ямар үнэртэй вэ?

2010 оны 12 дугаар сар, Туркийн Стамбул хот. “Үхэл тэр чигээрээ жимсний амттай байна. Олон арван цогцос ялзарч муудсан жимснээс ялгагдах зүйлгүй. Харин диваажинд шинэхэн жимсний үнэр ханхалж байгаа биз ээ”. Энэ бодол замын хажуугийн цайны газрын бохир өрөөнд суугаа Кавказын эмир Доку Умаровын толгойд эргэлдэж байв. Түүний харааг Оросын номертой жимс ачсан ачааны машин булаав. Энэ жимс гурван хоногийн дараа Москва хотын лангуун дээр тавигдаж, цаашаагаа Финландын Хельсинки хотод хүрэх учиртай байлаа.

“... Оросууд 15 жилийн өмнөх хэргийг хааж орхижээ. Инээдтэй юм шүү. Ялзарч муудсан цогцоснуудыг хэн санах билээ дээ?” Оросын хууль сахиулах байгууллагууд үүний өмнөхөн Тюмень мужийн хоёр иргэнийг хороосон эрүүгийн хэргийг мөрдөн шалгахаа зогсоосон тухайгаа мэдээлжээ. 1992 онд энэ хэргийг үйлдсэнд сэжиглэн Чеченийн алан хядагчдын удирдагчийг эрж хайх болсон билээ. Тэгэхэд “Тюмень-Агда Ф-4” пүүсийн удирдлагууд болох үйл ажиллагаа хариуцсан захирал Доку Умаров болон захиргааны хэлтсийн дарга Мусса Атаев нар Патрушево тосгонд очсон гэдэг. Тэд гар бууныхаа бариулаар нэгэн хувийн эзэмшлийн орон сууцны хаалгыг тогшсон байдаг. Тэд ийшээгээ аллага үйлдэхээр ирсэн учраас элдэв маяглал гаргахыг хүссэнгүй. Тамара Субботинагийн аав хаалга онгойлгож өгтөл түүнийг гэдсэнд нь буудаж унагаажээ. Залуу эмэгтэй болон гэр бүлийн танил Олег Кривой нарыг толгойн тус газар нь буудаж хороов. Ингээд хэрэгтнүүд гэрт нэвтэрч ороод үнэ цэнэтэй зүйлсийг нь авч зүг бууруулжээ. Дээрх гурван хүнээс ердөө Александр Субботин л амьд үлдэв. Түүнээс мэдүүлэг авснаар хэрэгтнүүдийн нэрийг тогтоож чадсан байна. Аавынх нь хэлснээр бол аллага болохоос өмнөхөн чечень эрчүүд охин Тамараг нь үсдэж машин руугаа оруулахаар чирч байсан гэдэг. Аав нь охиноо хамгаалан тэдний гараас мулталж авчээ. Доромжлогдсон уулын эрчүүд төдөлгүй тэдний амьдардаг тосгонд зэвсэглэн буцаж ирсэн байна. Тэд “Аллахын нэрийг барьж тангараглая. Уучлахгүй. Уулынхны хууль бол хууль. Алах л ёстой. Өөр зам үгүй” хэмээн бувтнаж байлаа. 1992 оны долоодугаар сарын 13-ны өдөр Умаров, Атаев нарт ЗСБНХОУ-ын Эрүүгийн хуулийн 102 дугаар зүйл анги буюу хүн амины хэрэг үйлдсэн хэмээн эчнээгээр ял оноосон аж. Тэднийг саатуулж амжаагүй юм. Балмад этгээдүүд төрөлх нутагтаа очин нуугдаж амжжээ. 2007 онд тэднийг эрүүгийн хариуцлагад татах хугацаа буюу 15 жил дуусгавар болсон тул хэргийг арга буюу хаасныг ОХУ-ын Хууль зүйн яамны албан ёсны төлөөлөгч мэдэгдэв.

Диваажинг эзлэн түрэмгийлсэн нь

Умаров 1964 онд Чечень-Ингушийн автономит улсын Шатой дүүргийн Харсеной тосгонд мэндэлжээ. Тэрбээр Мулкой омогт харъяалагддаг аж. Умаров Грозный хотын газрын тосны дээд сургуулийг барилгын инженер мэргэжлээр дүүргэсэн байна. Дараа нь тэр Оросын бүс нутгуудад барилга дээр ажиллаж байсан юм. Анх Умаров 1980-аад оны дундуур “санамсаргүй”-гээсээ болж хүн алсан аж. Ялаа Грозный хотын шоронд эдэлсэн байна. Чөлөөнд гараад тэрбээр Тюмень мужид барилгын инженерээр ажилд оржээ. 1992 онд хүн амины хэрэг үйлдэн Сибириэс зугтаж үймээнд автаад байсан төрөлх Чеченьдээ очоод Доку Умаров шууд л Дудаевын салан тусгаарлагчидтай нэгджээ. Тэр “дивизийн генерал” Руслан Гелаевын удирдаж байсан “Борз” хорооны дайчин болов. Удалгүй тэрбээр их удирдагч Жохар Дудаевын ойрын хүрээний хүн болох Дауд Ахмадовын охинтой гэрлэсэн аж. Хадам эцгийгээ нас барсны дараа түүний бүлэглэлийг тэргүүлэх болжээ. Чеченийн зэвсэгт дайчдын хээрийн даргын хувиар тэрбээр Чеченийн нэг болон хоёрдугаар дайнуудад оролцсон юм. Энэ үед тэрбээр “… Би ариун дайныг сонгож байна. Аллах бурханыг өндөрт өргөж байхаа тангараглая” хэмээн андгай тангараг тавьсан гэдэг. 1996 оны зун “бригадын генерал” Умаров ОХУ-ын талд алба хааж байсан Чеченийн сэргийлэхийн ажилтан 30 хүнийг цаазалсан билээ. Тэрбээр Арби Бараевын хамтаар хүмүүсийг барьцаанд авч төлбөр нэхдэг болов. 1999 оны гуравдугаар сард тэрбээр Чечень дахь ОХУ-ын Хууль зүйн яамны тусгай төлөөлөгч генерал Геннадий Шпигуныг хулгайлах хэрэгт хамсан оролцжээ. Генералыг сулласны хариуд гэмт этгээдүүд 15 сая доллар нэхсэн юм. Төдөлгүй 2000 онд генералын амьгүй цогцос Итум-Кале тосгоны орчмоос олдсон аж. Аслан Масхадовын Засгийн газарт Доку Умаров Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн даргын ажлыг хийж байсан бөгөөд гэмт хэрэгтэй тэмцэх албыг “удирдсан” юм. 1998 онд Масхадов түүнийг хүмүүс рүү зэвсэглэн халдсан гэж буруутгаад бүх албан тушаалаас нь буулгажээ. Тэгэхэд Умаров хэрэв Масхадов Оросын удирдлагатай яриа хэлэлцээр хийж эхэлбэл буудан хорооно гэдгээ тангарагласан аж. 2000 онд Доку Умаров минжүүлсэн талбайгаар нэвтэрч яваад хүнд шархдсан гэдэг. Тэрбээр Нальчик хотод Бүгд найрамдах улсын нэгдсэн эмнэлэгт эрүү, нүүрний мэс заслын тасагт хэвтэн эмчлүүлжээ. Тэгэхэд ОХУ-ын Хууль зүйн сайд Владимир Рушайло түүний биеийн байдлыг нь асууж, сурж байсан гэдэг. Дараа нь Умаров Оросын олигарх Борис Березовскийд гадаадын барьцаанд буй хүмүүсийг суллах ажилд нь тус болж байсан юм. 2002 онд Масхадов түүнийг Баруун фронтын командлагчаар томилжээ. 2004 онд Умаров Үндэсний аюулгүй байдлын албаны дарга болов. 2006 онд тэрбээр өөрийгөө зарлан тунхагласан Ичкерийн Бүгд Найрамдах Улсын Ерөнхийлөгч болсон гэдгийг зарласан аж. Энэ цагаас эхлэн тэрбээр энд тэнд үйлдэгдсэн олон алан хядах ажиллагааны хариуцлагыг өөртөө үүрсэн юм. 2007 онд тэрбээр нас нөгчсөн Шамиль Басаевт “генералиссимус” цолыг нөхөн олгожээ. Умаров өөрөө Басаеваас номер нэг алан хядагчийн хэргэмийг залгамжилж үлдсэн юм. Түүний өөрийн гараар хороосон хүмүүсийн тоо талийж өгчээ. Тэрбээр олон ч хүний улаан хоолойг хэрчиж алсан байдаг. Зарим нэг мэдээллээр бол тэр 400 орчим хүнийг өөрийн гараар хороосон байна. 2007 оны аравдугаар сарын 7-ны өдөр Чеченийн Ичкери улсын Ерөнхийлөгч бөгөөд Кавказын зэвсэгт байлдагчдын тэргүүн Доку Умаров тус улсын газар нутаг дээр Шариатын хуулийг тогтоож буйгаа зарлан тунхаглажээ. Ингэж тэрбээр лалын Бүгд найрамдах улс болох Имарат Кавказыг байгуулж буйгаа зарласан байна. Метрод үйлдэгдсэн дэлбэрэлтүүд

2011 оны нэгдүгээр сарын 1, Стамбул хот. Хийх юмаа олж ядсан Умаров Кавказын зэвсэгт дайчдын албан ёсны сайт болох Kavkazcenter-ээр аялж байв. Холын холд нэгэн чечень залуу интернэтэд сүүлийн үеийн мэдээ, мэдээллийг байршуулсан байжээ. Шинэ жилийн шөнө Александрия хотын коптын сүмийн өмнө дэлбэрэлт болж христийн шашинт 20 гаруй хүн амь насаа алдсан байлаа. Уг халдлагын улмаас 80 орчим хүн шархджээ. Умаров энэ мэдээг үзээд уулга алдсан гэдэг. Лалын шашинтнууд дуг нойрноосоо сэрж байгааг тэрбээр талархалтайгаар хүлээн авчээ.

2010 оны гуравдугаар сарын 28-ны орой Москва хотын Төв цагдан сэргийлэх газрын шуурхай утас руу нэгэн эмэгтэй утасджээ. “Коньково” метроны буудал дээр тэрээр уулын бололтой хүмүүс халдлага хийх тухай ярилцсан гэж мэдээлсэн байна. Хууль сахиулах ажилтнууд тэр даруй хөдлөн үзлэг хийсэн боловч тэсрэх бөмбөг олоогүй юм. Маргааш өдөр нь Москва хотын метрод аймшигт халдлагууд болсон билээ. 43 минутын зайтай хоёр лалын шашинт бүсгүй амиа золиослон биедээ зүүсэн тэслэх төхөөрөмжөө ажиллагаанд оруулсан юм. Халдлагууд өглөө эрт хүмүүс ажилдаа явах гэж метрог дүүргэсэн байх үеэр болжээ. 41 хүн амь насаа алдаж, олон зуун хүн шархадсан билээ. Лалын шашинт хоёр бүсгүй ийм төлөөс төлөн байж диваажинд очсон аж. Тэдний нэг нь Дагестаны багшийн их сургуулийг улаан дипломтой төгссөн бөгөөд математик, сэтгэл судлаачийн мэргэжил эзэмшсэн байв. Гурав хоногийн дараа Доку Умаров энэ халдлагуудыг явуулахыг биечлэн тушаасан гэдгээ мэдэгджээ. “Би та нарыг бүгдийг чинь ална!”

2011 оны нэгдүгээр сар, Ингушети. Чечень болон Ингушети улсуудын хиллэдэг Асса, Фортанга голуудын хавцалд Умаров очсон байв. Тэрбээр нутаг нэгтнүүдээ өөрийн биеэр тэмцэлд уриалан дуудахын тулд Стамбулыг орхисон аж. Энэ үеэрээ Доку Умаров ээлжит даалгавраа өгчээ. Төдөлгүй Москва хотын “Домодедово” нисэх онгоцны буудалд амьд тэсрэх бөмбөгийг хүргэсэн юм. Тэр үеэр тус хотын тусгай албад амиа золиослогч алан хядагч Москва хотод ирсэн гэх мэдээллийг шалгаж байлаа. Гэхдээ түүнийг нисэх онгоцны буудалд бус Зеленоград хотод хайж байсан юм. Алан хядагч нисэх онгоцны буудалд дэлбэрэлт болохоос 68 минутын өмнө нэвтрээд ямар ч сэжиг төрүүлэлгүйгээр төмөр илрүүлэгч төхөөрөмжөөр орж чадсан байна. Ийнхүү 2011 оны нэгдүгээр сарын 24-ний өдрийн 16 цаг 32 минутад “Домодедово” нисэх онгоцны буудлын олон улсын зорчигчдын хүлээлгийн танхимд хүчтэй дэлбэрэлт болсон билээ. Тэнд байсан гэрчүүдийн өгүүлж байгаагаар тэсрэх төхөөрөмжөө ажиллагаанд оруулахынхаа өмнө амиа золиослогч эр чанга дуугаар “Би та нарыг бүгдийг чинь алж орхино!” хэмээн хашгирчээ. Нисэх онгоцны буудал тэр чигээрээ утаа, униар, тоосонцорт автсан юм. Дэлбэрэлтийн долгионд цохиулж хэсэг зуур юу ч сонсохоо больсон хүмүүс өөрсдийн орилоон, чарлааныг сонсохгүй байв. Хүмүүс айж сандарсандаа үймээн дэгдээжээ. Нисэх онгоцны буудлын ажилтнууд зорчигчдыг тэндээс үтэр түргэн гаргахын тулд зарим ханаа нураахад хүрчээ.

Энэхүү алан хядлага болсныг сэтгүүлчид 10 минутын дараа олж мэдэв. 16 цаг 38 минутад интернэт ашиглагч нэгэн эмэгтэй “Та бүхэн залбирах хэрэгтэй. Манай нисэх онгоцны буудалд тэсрэх бөмбөг дэлбэллээ” хэмээн бичсэн аж. Энэ мэдээллийг тэр даруй интернэт серверүүдийг ажиллагаанд оруулдаг хүмүүс олж уншаад цааш нь холбогдох газруудад нь дамжуулсан гэдэг. Энэ явдлын дараа ОХУ-ын Ерөнхийлөгч нисэх онгоцны буудлууд болон зорчигч тээврийн томоохон цэгүүдэд аюулгүй байдлыг чангатгахыг үүрэгдсэн билээ. Хүмүүсийн зовлон, аймшиг дээр мөнгө хийхийг оролдогсод олон гарчээ. Тэр үед “Домодедово” нисэх онгоцны буудлын гадаа зогсч байсан таксины жолооч нар үнэ ханшаа хэд дахин нэмж, Москва хотын төв ороход 10-20 мянган рубль нэхэх болов. Дэлхийн улс орнууд Москва хотын нисэх онгоцны буудалд аймшигт халдлага болсонд эмгэнэн харуусч буйгаа илэрхийлж эхэлжээ. Нас барсан хүмүүсийн дотор гадаадын иргэд байсан гэнэ. Төдөлгүй YouTube дээр нисэх онгоцны буудлын хяналтын камерт бичигдэж үлдсэн 17 секундын бичлэг тавигдсан байна. Хэрэг явдал болсноос тав хоногийн дараа ОХУ-ын Улсын мөрдөн байцаах газрын ажилтнууд амиа золиослогч алан хядагч эрийн нэр усыг тогтоосноо мэдэгдсэн юм. Тэр хүн нь Умард Кавказын нэгэн бүгд найрамдах улсын 20 настай иргэн байжээ. Амиа золиослогч эр сэтгэцэд хүчтэй нөлөөлөл үзүүлдэг эм бэлдмэлийг ихээр хэрэглэдэг байсныг тусгай албад тогтоосон аж. Төдөлгүй алан хядагчдын сайт дээр амиа золиослогч эр Умаров, Битукаев нартай жихадын туг далбааны өмнө инээмсэглэн зогсч буй гэрэл зураг тавигджээ. Мөн Умаров энэ ажиллагааг явуулах тушаалыг өөрийн биеэр өгсөн гэдгээ мэдэгдэж, цаашдаа ч ийм ажиллагаа үргэлжлэх болно гэдгийг амласан байна. “Та бүхэн удахгүй цус болон нулимсандаа хутгалдах болно” гэж тэрбээр мэдэгдэв. Ингэхдээ тэрбээр өөрсдийгөө ариун зорилготой гэдгийг онцлоод дэлхий дээр шударга ёсыг тогтоохын төлөө тэмцэж байгаагаа өгүүлсэн байна. Гуравдугаар сарын 11-ний өдөр НҮБ Доку Умаровыг “Аль-Каида” болон “Талибан” байгууллагуудтай ямар нэг байдлаар холбоотой ажилладаг хүмүүсийн жагсаалтад багтаажээ. Тавдугаар сарын 26-ны өдөр АНУ Доку Умаровын байгаа газрыг мэдээлсэн хүнд 5 сая долларын шан харамж өгөхөө зарлав. Зургаадугаар сард нь Умаров дэлхийн хамгийн аюултай 10 гэмт хэрэгтний тоонд багтсан аж. Түүнээс гадна энэ жагсаалтад Оросын харъяат хоёр хүн багтсан нь Семён Могилевич, Алимжан Тохтахунов нар байлаа. Умаровыг бодвол тэд эрүүгийн ертөнцөд тийм ч нөлөөтэй биш байсан юм. Мөн оны аравдугаар сард ОХУ-ын Улсын мөрдөн байцаах газрын ажилтнууд “Домодедово” нисэх онгоцны буудалд үйлдэгдсэн алан хядах ажиллагааг мөрдөн шалгах хэргийг дуусгавар болгожээ. Сэжигтнээр татагдсан Башир Хамхоев, Ахмед Евлоев болон ах, дүү Ислам, Илез Яндиев нарт ОХУ-ын эрүүгийн хуулийн 205, 209, 210, 222 дугаар зүйл ангид заасан эрүүгийн хэргүүдийг тохсон билээ. Мөрдөн шалгалтын явцад Хамхоев, Евлоев нар алан хядагчийг бэлтгэхэд оролцсон бол ах, дүү Яндиевууд амиа золиослогчийг нисэх онгоцны буудалд хүргэж өгчээ.

Бүтээгүй хордуулалт

Умаров Кавказад очих үеэрээ өдөр бүр өглөөний таван цагт босч байгаа газраа өөрчилдөг байна. Тэрбээр маш болгоомжтой, хянуур нэгэн тул элдэв зэвсэгт мөргөлдөөнд орохоос зайлсхийдэг аж. Түүний дэргэд үргэлж үнэнч гурван дайчин дагалдаж явдаг бөгөөд заримдаа бие хамгаалагчдынх нь тоо зургаа хүртэл нэмэгддэг гэнэ. Идэх хоол ундыг нь зэргэлдээх суурингуудаас авчирдаг хэдий ч тэд аль болох өөрсдөө хоол ундаа зохицуулахыг хичээдэг байна. 2009 оны 11 дүгээр сард тусгай албадын нэгэн ажилтан тэдний хоол унданд хор хийж орхижээ. Умаров азаар амьд үлдсэн бөгөөд 2010 оны хоёрдугаар сарыг хүртэл биеэ эмчлүүлсэн гэдэг. 2011 оны гуравдугаар сард ОХУ-ын нутаг дэвсгэрийг орхиод Доку Умаров Туркт очин хүчээ сэлбэсэн аж. Туркт тэрбээр эгэл даруу, нам гүмхэн амьдардаг бөгөөд тэндэхийн тусгай албад түүнийг хараанаасаа салгадаггүй байна. Дэндүү үнэрч гэдгээрээ алдартай Умаров энд ч болгоомжлохоо мартдаггүй юм. Хэн нэгний хайр найргүй гар түүний сүрэгт харъяалагддаг шалгарсан дайчдыг нь толгой дараалан устгаж байгаа билээ. Стамбул хотын цэвэрлэгч

2011 оны есдүгээр сарын 16-ны өдөр, Стамбул хот. Баасан гарагийн мөргөлийн дараа гурван чечень эр европчуудын дүүрэг болох Зейтинбурны нарийхан гудамжаар яаралгүй алхаж байлаа. Мөргөлийн сүм холгүй байтал тэдний араас намхавтар эрэгтэй дөхөж очжээ. Нэг секундын зайтайгаар гурван ч удаа буун дуу гарсан аж. Чечень эрчүүд ар араасаа татганан унав. Алуурчин эр эргэж ч харалгүйгээр хурдан алхлаад олны дунд орж алга болов.

Туркийн телевизийн үдшийн мэдээгээр нэгэн үл таних этгээд Умард Кавказийн эмир Доку Умаровын туслах 33 настай Берг-Хаж Мусаевыг болон түүний хоёр хамгаалагчийг буудан хороосон талаар гарчээ. Мусаев шархдсан тул Турк улсад эмчлүүлэхээр ирээд байсан аж. Төдөлгүй Оросын телевизүүд Стамбул хотод алагдсан чеченүүд нэгдүгээр сарын 24-ний өдөр “Домодедово” нисэх онгоцны буудалд үйлдэгдсэн алан хядах ажиллагаанд хамааралтай байж болох талаар мэдээлж эхэлсэн юм. Сонирхолтой нь, тэгэхэд Оросын номер нэг алан хядагч Умаров ямар ч айх аюулгүйгээр Туркийн засаг захиргаанаас өөрийн хүмүүсийн аюулгүй байдлыг хангаж өгөхийг шаардсан байдаг. “Хэрэв та нар ийм арга хэмжээ авах чадваргүй бол бид өөрсдөө Аллах бурхны тусламжтайгаар үүнийг авах болно” гэж тэрбээр мэдэгдэв. Цагдаагийн эх сурвалжийг дурдан Туркийн хэвлэлүүд энэхүү аллагыг Оросын мэргэжлийн алуурчин үйлдсэн гэж бичжээ. ОХУ-ын тусгай алба хилийн чанадад байгаа Чеченийн алан хядагчдыг устгах тусгай бүлэгтэй байдаг аж. Энэ бүлгийн дайчдыг “цэвэрлэгч” хэмээдэг бөгөөд тэднийг Оросын нэгэн томоохон олигарх санхүүжүүлдэг бөгөөд төв байр нь Берлин хотод байрладаг талаар хэвлэлүүд шуугив. Нэг долоо хоногийн дараа Туркийн цагдаагийн газар энэ гэмт хэргийг илрүүлсэн талаараа мэдэгджээ. Алуурчдын бүлэгт найман алуурчин багтаж байсан бөгөөд Надим Аюпов, Александр Жарков нар толгойлж байсан мэтээр мэдээлсэн байна. Жарковын буудалласан буудлын өрөөнөөс цагдаа нар түүний бичиг баримт, дуран, шөнийн дуран болон 9 мм калибртай гар бууг нь олсон аж. Тэрбээр аллага болохоос өмнөхөн Туркт очсон байлаа. Цагдаа нар түүнийг барихаар есдүгээр сарын 19-ний өдөр очсон боловч Жарков буудлын өрөөндөө байсангүй. Тэрбээр цагдаа нар буудалд орсныг мэдэнгүүтээ оргон зайлжээ. Буудлын өрөөнөөс олдсон гар буунд шинжилгээ хийтэл энэ буугаар гурван чечень эрийг хороосон нь тодорхой болов. Жарковын паспортыг үзээд цагдаа нар түүнийг 2009 онд Стамбул хотод Чеченийн алан хядагч Али Осаев буудуулж амь насаа алдахад Туркт ирж байсныг нь олж мэджээ. Жарков тэр үед 55 настай байлаа. Төдөлгүй Стамбулын цагдаагийн газар “цэвэрлэгч”-дийн нэг болох Увайс Ахмадовыг сулласан байна. Гэхдээ Оросын “цэвэрлэгч” нараас илүүтэйгээр Чеченийн хээрийн командлагч нар өөрсдөө хоорондоо тэмцэлддэг байсан юм. Тэд өөрөө өөртөө хаан гэдэг шиг нөгөө нэгнийгээ үздэггүй байсан аж. Цаазаар авах тушаал

2010 оны есдүгээр сар, Лондон хот. Темза мөрний хойд эрэг дээр Лондон хотын Ситигээс баруун тийш орших нэгэн жижигхэн сууцанд шейх Абу Басыр Ат-Тартуси алс холын Кавказаас ирсэн ах, дүү нартаа тушаал буулгахаа бодож суув. Өрөөний цонхоор Лондон хотын лалын шашны төв сүмийн алтан орой харагдаж, ламтан лалын шашинтнуудыг мөргөлөө хийхийг уриалж байлаа. Шашны тэргүүн тушаал гаргасан бол түүнийг үг дуугүй биелүүлэх учиртай аж. Ингэхдээ тэргүүн ариун Коран судрыг иш болгох ёстой байдаг. Жижигхэн цаасан дээр лүндэн буулгаж бичих бөгөөд тэр даруй хүчин төгөлдөр мөрдөгдөх ёстой юм. Шейх уг зарлигтаа Кавказын Имаратын тэргүүн Докку Абу Усманд үг дуугүй захирагдаж байхыг лалын шашинт дайчдад тушаажээ. Тэрбээр уг тушаалдаа “Кавказад зарим нэг үйл явдал боллоо. Дагестаны шашны тэргүүн Сейфуллах амиа золиослохоосоо өмнө Докку Умаров лалын шашинтнуудын хууль ёсны тэргүүн гэдгийг бүгдэд ойлгуулсан. Гэвч зарим нэг нөхөд өнөөг хүртэл Умаровт захирагдахгүй байгаа бөгөөд үүнийг бид зогсоох ёстой. Москва хотод ч гэсэн зарим нэг үйл явдал болсныг та бүхэн мэдэж байгаа. Өөрийгөө золиослон байж ариун үйл бүтээсэн хүн маань 40 орчим хүнийг авч одсон. Та бүхэн шейх Докку Абу Усманы үгийг үг дуугүй дагах ёстой. Түүний эсрэг хөдөлсөн хэн боловч цаазаар авах ял хүртэнэ. Аллах бурхнаасаа би гуйж байна. Умаров Кавказын ард түмнүүдийг ивээлдээ авч нэгэн туган дор цуглуулах учиртай” гэж бичжээ.

2010 оны есдүгээр сарын 5-нд түүний энэ тушаалыг “Кавказ-Центр” сайт дээр тавьсан байна. Шейх Абу Басыр ат-Тартусин ихээхэн нэр хүндтэй нэгэн бөгөөд түүний нэрийг дэлхий даяар мэддэг юм. Тэрбээр 1959 онд Сири улсын Тартус хотод аш-Шамын газар нутагт мэндэлжээ. Палестин улсаас эхнэр авсан энэ эр дөрвөн хүүхэдтэй аж. Аллах бурхны шилдэг дайчдын нэг шейх Абу Басыр нь жихадыг хаа сайгүй хийж явжээ. Үүнийгээ тэрбээр өөрийн намтартаа ийн бичжээ. “… Сири улсад лалын ариун хөдөлгөөн болох жихад үүсэнгүүт би түүнд элссэн анхны дайчдын нэг болов. Тийм учраас намайг буруу номтнууд эрж хайж эхэлсэн. Аллах бурхан биднийг ивээлдээ авч 1980 онд бид оргон зайлсан. 1981 оны эхээр надад хүмүүс “Чи Афганистанд ирсэн анхны араб дайчин” гэж хэлсэн билээ. Хэд хэдэн удаа аялалд гарч явсны эцэст би Иорданд буцаж очсон. Энэ нь 1987 он юм. Тэнд би хэдэн жил амьдрахдаа нэлээдгүй бүтээл туурвисан. Тэндэхийн тусгай албад намайг мөрдөж эхэлсэн. Ингээд би Йеменд очиж амьдрав. Тэнд би хоёр жил гаруйн хугацаанд амьдарсан. Дараа нь тусгай албад миний орон гэрт халдлага хийн олон бүтээлийг маань хурааж авсан. Ингээд би арга буюу тэндээс явах хэрэгтэй болсон. Гэхдээ хаашаа явахаа мэдэхгүй байлаа. Би Малайзад очин хууль бусаар хэдэн сарыг өнгөрүүлэв. Тэнд би гэр бүлтэйгээ тайван амьдрахыг хүссэн. Харамсалтай нь надад тийм боломж олдоогүй. Би удтал бодсоны эцэст Их Британид очихоор шийдсэн” хэмээн тэрбээр бичжээ. 2000 оны эхээр лалын дайчдын үзэл санааны багш тэрбээр Лондон хотод найдвартай нуувчтай болсон юм. Тэрбээр мөргөлийн сүмийн дэргэдэх жижигхэн сууцыг түрээслэж аваад алс хол газарт ариун ажиллагаа явуулах зөвшөөрлийг өгч эхлэв. Ойрхи Дорнодын улс орнуудад очих эрхгүй болсон энэ шейх эр ОХУ-д олон тооны аллага хийх тушаалыг өгчээ. Эх сурвалж www.wikimon.mn

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zochin:
Endees avah gants zuil bgaa ni,,, hun uuriin uzel bodoltoi, tuundee unench bh yavdal yum.
2013-01-06
orosuud americuud er ni ikh guren tend amidarch bui t1uudees bolj mergeldeen sergeldeen uusdeg hen 1 ni nadad taagui handbal hariu uildel hiih ni baigaliin jam zeb ene zarchmiig bari mgl chuud bid denduu hubia hicheesen uls ummaaa har hyatad shar orosuudiin esreg bos negd temzeh heregtei
2013-01-06
orosuudiig hashraa er ni ih gurnii deerengui uzel gargasan heniig ch bol gesgee ene bol huuli
2013-01-06
sharaa:
orchuulga gej nai alga, unshigdahgui yum.
2013-01-05
amidraldaa iim huiten adgiin tsarai harj baisangui.munhud tamd or..
2013-01-05