
Английн “Манчестер Сити”-гийн довтлогч Серхио Агуэро Аргентиний хөлбөмбөгийн амьд домог болсон Диего Марадонагийн бага охиноос салжээ. Марадонагийн охин, 22 настай Жаннина хүү Бенжаминаа дагуулан Манчестераас явж Мадридад очсон гэнэ. Харин Агуэро Аргентиний дуучин бүсгүй Карина Тейедатай амрагийн харилцаатай болсон тухай цуу дэгдэж эхэлжээ.
Жаннина салсан тухайгаа твиттерт “Бид салсан” хэмээн тун товчхон дурьдсан байна. Энэ үгэнд нь хүмүүс олон тооны сэтгэгдэл бичсэнээс нэг нь “Агуэро чиний хаана ч хүрэхгүй ээ. Тэр чинь тэнэг амьтан” хэмээн хараасан байх аж. Гэхдээ л Жаннина дөрвөн жилийн турш хамт амьдарсан ханийгаа элдвээр хэлүүлэхийг хүсээгүй тул хариу бичжээ. “Битгий тэг ээ, тэр чинь миний хүүгийн эцэг. Чиний хэлсэн шиг тэнэг амьтан биш ээ. Хосууд салахад хоёулаа л буруутай байдаг” гэж Жаннина бичсэн байна.
Р.Гэгээ
www.new.mn
СЭТГЭГДЭЛ БИЧИХ