Эхлээд ОБЕГ-т онцгой байдал зарлая
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг өнгөрсөн долоо хоногт ОБЕГ-ын ажилтай танилцахдаа толгой сэгсэрсээр байгаад өнгөрөв. Улсын төсвийн хөрөнгөөр туйлж байдаг энэ том айл урагшгүй дарга нараасаа болоод өөдөлсөн цаг үгүй. Цас зуд, гал түймрийн аюулын үед олон сайхан аврагч залуугийн амь насыг золиосолж, энэ газрын удирдлагууд нь эх орныхоо өмнө өргөсөн тангарагтаа эгээ л өөрсдөө үнэнч явсан юм шиг үлдэж хоцордог. Цаг нь тулсан юман дээр голд нь орж байсан нь эрхэм гишүүн асан Л.Гүндалайг төрөлх нутаг Хөвсгөл далайд сураггүй алга боллоо гэхэд УИХ-ын гишүүн, Онцгой байдлын асуудал хариуцсан сайд асан У.Хүрэлсүх нисдэг тэргээр очиж, моторт завьтай тэднийг “аварсан” түүхтэй. Гэтэл саяхан нялх хүүхэдтэй бүсгүй шөнөжин аврал эрж хашгиран Сэлэнгэ мөрөнд осолдоход онцгойнхон яаж ч чадаагүй. Байгуулагдаад арав гаруйхан жилийн нүүр үзэж байгаа ОБЕГ гэдэг айл нэг иймэрхүү даржин түүхтэй.
Гэтэл манай хойд хөрш ОХУ-д улсын хэмжээний онцгой байдлын аврах ангийг Сергей Шойгу гэдэг тува залуу анх байгуулж, өргөн уудам энэ орны аль хүнд хэцүү газарт очиж мөн ч олон хүний амийг аварсан. Удалгүй яам болтлоо өргөжиж, дэлхийн газар хөдөлсөн, гал түймэр гарсан, гамшиг зовлон нүүрлэсэн юм болгонд домог болтлоо баатарлагаар ажилласныг олон улсад андахгүй болжээ. Одоо Сергей Шойгу ОХУ-ын Батлан хамгаалахын сайдаар ажиллаж байна. Том улстай жижиг орныг жишлээ гэж болох авч сэтгэл, зүтгэл хоёрыг их, багаар хэмждэггүй юм.
Энэ албыг төрөөс салбар болтол нь дэмжиж, тусгай хуультай хүртэл болгон, ихээхэн хөрөнгө мөнгө зарцуулсныг ард түмнээс нуусаар ирсэн ч авлигач дарга нарынх нь авч идсэн, ашиглаж завшсанаар хэмжих юм бол толгойд багтахгүй. Түрүүчээсээ шоронд шомбойгоод байна. Анх 2000 онд Онцгой байдлын асуудал хариуцсан сайдын орон тоог Засгийн газарт бий болгосноор тус салбарыг У.Хүрэлсүх, Ж.Отгонбаяр нарын дандаа УИХ-ын гишүүд хашсаар ирсэн. Дараа нь Шадар сайдын шууд мэдэлд хариуцуулсан. ОБЕГ-ын дарга нараар хоёр ч генерал, нэг хурандаа ажиллаж байсан. Одоо л Шадар сайд Д.Тэрбишдагва өөрийн туслах байсан Т.Дуламдорж гэдэг унаган мяраагаа гээгээгүй банди тавьсан болохоос биш. Тэр нь нэгийн даваанд эх, хүү хоёрын алтан амиар албаа эхлэх шив.
Улсын нөөцийн эд барааг хуулиараа бол тоолж болдоггүй нууц юм гэнэлээ. Тэр их бараа таваар бас хугацаа нь дуусч муудсан ч, хэдий хэрийг нь актлаад хэдий хэмжээний юмаар сэлбэсэн нь ч бас нууц. Шарсан мах анддаггүй шар зурхайч биш болохоор хэзээ ч өнтэй өвөл болно гэдэггүй дандаа муу ёрлож байдаг. ОБЕГ-ын үе үеийн дарга нарын ганц буруугүй юм нь энэ. Тэгээд хадлан тэжээлийг мянга мянган тн-оор нь наадмын дараа бэлтгэх нэрийдлээр улсын төсвөөс маш их мөнгө авна. Харин мөнөөх их нөөцийн өвс тэжээл хаана овоолоостой, юунд зарцуулсан, эсвэл дараа жилийн өвөл ашиглаж болох уу, үгүй юу гэдэгт даанч тооцоо байхгүй. Зөвхөн ганц хадлангийн цаана хүмүүсийн цалин хөлснөөс гадна түлш шатахуун, унаа машин, хадгалж хураах газар гээд мундахгүй.
Нэгэн үе ургац тааруу тусламжийн улаан буудай гэж гадаадаас вогоон вогооноороо ирнэ. Түүгээр ч улсын Нөөцийн газрынхан туйлж өгсөн дээ. Түүнд амташсан хүн нь одоо Шадар сайдын суудалд залраад аргаа нарийсгаж, ухаанаа хурцалж байгаа биз. Ер нь онцгой байдлаар далимдуулсан тусламжийн хуваарилалт нь их шог. Ухаандаа дөнгөж сая цас зудтай гуравхан аймагт тусламжийн цуваа гарахад нэг нь Д.Тэрбишдагвын нутаг Архангайг зорив. Цас зудтай гуравхан суманд түргэн тусламжийн машин хуваарилахад нэг нь Сүхбаатарын Эрдэнэцагаан. Цаагуураа Сангийн сайд Ч.Улааны гар оролцож байгаа хэрэг. Нөгөө Сангийн сайд асан Н.Хаянхярваа хөгшчүүдийн саяыг сонгуулийн өмнө Дархан-Уулд нэгмөсөн өгч гялайлгасан шиг. Наадуулчинь наанаа яаж ч худлаа гэж гүрийсэн цаагуураа ямар ч хүн хар ухаанаараа шууд ойлгоно. Хуваарилалт нь их шог.
Энэ өвөл цаг хүндрэх нь хэдийнэ ойлгомжтой болсон. ОБЕГ-ын дарга нар хэдэн машинаа гараашдаа хөдөлдөггүй гээд, хэдэн багаж төхөөрөмжөө хоцрогдсон гээд, зуд эсэргүүцэх аврагчдаа Суданд сургаж байгаа гэж хээвнэг ярив. Энэ салбарын удирдлагуудын яриа хөөрөө дандаа л иймэрхүү байсан. Зуд, түймэр, үер тэр болгон болох биш, газар хөдлөлт, цунамийн гамшиг ер нь нүүрлэхгүй ховорхон тэнгэр заяат ард түмэнд хосгүй сайхан эх нутаг заяасан нь үнэн. Нэг л өдөр хэрэглэх ОБЕГ-ыг улс гамгүй тэжээжээ. Дарга нар нь бүр ч гамгүй идэж ууж. Тэдний нэр ус, улсад учруулсан хохирлыг монголчууд нэгэнт цээжээр мэдэх учраас нуршаад яахав.
Эхлээд ОБЕГ-т онцгой байдал зарлая.
Х.Аянга
СЭТГЭГДЭЛ БИЧИХ