Монголд эмнэлгийн аюулгүй байдлыг сайжруулахад тусална

img

Япон Улсын Засгийн газар Ядуурлыг бууруулах Япон сангаас 700000 ам.долларын буцалтгүй тусламжийг Азийн хөгжлийн банкаар дамжуулан Монголын эрүүл мэндийн салбарын хөгжлийн хөтөлбөр-5 төслийн бэлтгэлийг хангах техник туслалцаанд зориулан олгохоор болсныг баталгаажуулан гэрээнд гарын үсэг зурах ёслол боллоо. Гэрээнд Эрүүл мэндийн дэд сайд Ж.Цолмон, Азийн хөгжлийн банкны Монгол улс дахь Суурин төлөөлөгчийн газрын захирал Роберт Шөэлхаммер, Сангийн яамны Зээл тусламжийн бодлого, хамтын ажиллагааны газрын орлогч дарга Т.Доржханд нар гарын үсэг зуржээ. Буцалтгүй тусламжийн хөрөнгийг Монгол улс дахь цусны аюулгүй байдал, эмнэлгийн хог хаягдлын зохицуулалт, эмнэлгээс үүдэлтэй халдварын өнөөгийн байдалд дүн шинжилгээ хийж, бодлогын зөвлөмж боловсруулахад ашиглах юм. “Дээрхи асуудлуудыг шийдвэрлэх эрх зүйн болон зохицуулалтын орчныг Монгол улсын Засгийн газар бүрдүүлээд байгаа хэдий ч үйл ажиллагааны санхүүжилт, хөрөнгө оруулалт хангалттай бус, тогтолцооны удирдлагын болон хүний нөөцийн чадавхи сул байна” гэж АХБ-ны Зүүн Азийн газрын Эрүүл мэндийн салбар хариуцсан тэргүүлэх мэргэжилтэн Клод Бодарт нөхцөл байдлыг дүгнэн хэлэв. Техник туслалцааны энэхүү төслийг хэрэгжүүлэхэд Монгол улсын Засгийн газар бэлэн бус хэлбэрээр 100.000 ам.долларын санхүүжилт хийнэ. Ядуурлыг бууруулах Япон санг Япон улсын Засгийн газар АХБ-тай хамтран 2000 онд байгуулсан ба тус сан нь хүн амын нэн ядуу бүлгийнхэнд тусламж дэмжлэг үзүүлэх, АХБ-ны буцалтгүй тусламжийн болон зээлийн төслийн бэлтгэл ажлыг санхүүжүүлдэг байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

eruul mendiin ded said gej partyd oroltsoh gej bgaa yum huvtsalhiin alanii ajil hiij bgaa bol huvtsasaa tohiruulj umsmuur yum kkkk
2011-11-07