
Шинэ оны эхний долоо хоногт дэлхий дахинаа болж өнгөрсөн онцлох мэдээ мэдээлэл, үйл явдлын тоймоос хүргэхээр бэлтгэлээ. Өнгөрөгч долоо хоногт дэлхий нийтийн анхаарлын төвд Венесуэлийн ерөнхийлөгч Уго Чавесийн биеийн байдал сайнгүй байгаа тухай болон Хойд Солонгосын залуу удирдагч Ким Чен Ун ард түмэндээ хандан анх удаа мэндчилгээ дэвшүүлсэн зэрэг улс төрийн үйл явлууд болсон юм. Түүнчлэн Сири улсад иргэний дайн эхэлсэн цагаас хойш нийтдээ 60 мянга гаруй хүн дайны хөлд үрэгдсэн гэсэн аймшигтай тоон мэдээллийг албан ёсоор гаргалаа. Эдгээр болон бусад мэдээллийн тоймыг дэлгэрүүлэн хүргэж байна.
Сирийн амиа алдагсдын тоо 60 мянга давжээ
Хоёр жилийн хугацаанд Сири улсад дайны улмаас 60 гаруй мянган хүний амь нас үрэгдсэн харамсалтай мэдээллийг НҮБ-ын дүрвэгсдийн асуудал эрхэлсэн Дээд комиссар Нави Пиллай энэ сарын 2-ны өдөр Нью-Йорк хотноо мэдээлсэн юм.
Олон улсын хамтын нийгэмлэгийн шинжээчид долоон эх сурвалжийн мэдээг таван сарын турш цуглуулан нэгтгэн дүгнэж энэ тоог гаргасан гэж Reuters агентлаг онцолж байна. НҮБ-ын дүрвэгсдийн асуудал эрхэлсэн Дээд комиссар Нави Пиллай ийм олон хүн амь үрэгдсэний гол хариуцлагыг Сирийн ерөнхийлөгч Башар Ассадын дэглэм хариуцах ёстой гэж хатуухан байр суурьнаас хэлж байгаа.
“Асуудлыг тайван замаар зэвсэггүйгээр хүмүүсийн эсэргүүцлийг хүчээр дарах замыг Засгийн газар сонгоогүй бол ийм их хохирол гарахгүй байлаа” гэж тэрээр мэдээлэл өгөх үедээ дурдсан. Түүнчлэн үүнд мөн босогчид ч буруутай гэдгийг хэлсэн.
Уго Чавесын бие сайнгүй байна
Венесуэлийн ерөнхийлөгч Уго Чавесийн бие тааруухан байна гэсэн мэдээлэл өнгөрөгч долоо хоногт тус улсын ард түмний сэтгэлийг зовоосон мэдээ байлаа. Түүний уушиг бохирдсоны улмаас эрүүл мэнд нь муудаж эхэлсэн хэмээн албаны эх сурвалж хэлж байгаа юм.
Хиймэл агааржуулалтын аппарат нь бохирдсноос халдвар авсан байж болзошгүй хэмээн эмч нар мэдээлснийг тус улсын эрүүл мэндийн сайд Эрнесто Виллегас иргэддээ уламжилсан юм. Өдгөө 58 настай Уго Чавесийн хувьд дөрөв дэх удаагаа хорт хавдраа авхуулахаар мэс засалд ороод гарсан нь энэ.
Тэрээр өнгөрсөн сарын 11-нд Куба улсын нэгдсэн эмнэлэгт мэс засалд орж, амжилттайгаар өвчнөө ялан дийлсэн. Хагалгаа амжилттай болсон ч гэсэн өнөө хэр Чавес ард түмэнтэйгээ уулзаж амжаагүй байгаа.
Уго Чавес энэ сарын 10-нд албан ёсоор Ерөнхийлөгчийн тангараг өргөх байсан ч түүнээс өмнө эрүүл мэнд нь хэвийн байдалд орох эсэх нь эргэлзээтэй байгаа. Бараг түүнийг албан тушаалаа хүлээлгэн өгч магадгүй гэсэн таамаг ч гүйж байна.
Хойд Солонгосын ерөнхийлөгч ард түмэндээ мэндчилгээ дэвшүүллээ
Хойд Солонгосын залуу удирдагч Ким Чен Ун шинэ оныг угтан, телевизээр ард түмэндээ мэндчилгээ дэвшүүлсэн нь олон улсын анхаарлыг зүй ёсоор татсан үйл явдал боллоо. Энэ нь 19 жилийн хугацаанд Хойд Солонгосын удирдагч телевизээр мэндчилгээ дэвшүүлж буй анхны тохиолдол болж байгаа юм.
Ким Чен Ун баярын мэндчилгээндээ “Ирж буй 2013 он бол шинэчлэл, өөрчлөлтийн жил байх болно” хэмээгээд, цаашид иргэдийн амьжиргааны төвшинг дээшлүүлж, эдийн засгаа хүчирхэгжүүлэн, хоёр Солонгосын хоорондох зөрчил мөргөлдөөнийг арилгах асуудалд анхаарлаа хандуулах тухай мэдэгджээ.
Мөн тэрээр цэрэг, армийн хүчээ хүчирхэг хэвээр хадгалахаа мэндчилгээндээ дурьдсан байна.
Умард Солонгосын удирдагч Ким Чен Уны энэхүү баярын мэндчилгээ тус улсын гурван гол сонин дээр хэвлэгджээ. Ким Чен Унаас өмнө 1994 онд түүний өвөө Ким Ир Сен телевиз, радиогоор дамжуулан ард түмэндээ хандан баярын мэндчилгээ хүргэж байсан байна. Түүнээс хойш энэ уламжлал тасраад байсныг тэрбээр дахин үргэлжлүүлж эхэлжээ.
Бүсгүйн үхэл энэтхэгчүүдийг хөдөлгөв
Өнгөрсөн сарын 16-нд Энэтхэгт харгис гэмт хэрэг үйлдэгдэж хохирогч бүсгүй амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан. Дели хотод гарсан хүчингийн хэргийн золиос болсон 23 настай бүсгүйн үхэлд буруутай этгээдүүдийг шүүх хурал өнгөрсөн пүрэв гаригт албан ёсоор эхэлсэн.
Бүлэг этгээдүүдийн гарт өртсөн хохирогч бүсгүй өнгөрсөн долоо хоногт Сингапурын эмнэлэгт амьсгал хураасан юм. Энэтхэгийн албаны эх сурвалжуудын мэдээлж байгаагаар гэмт этгээдүүд хүний амь насыг хэрцгийгээр хөнөөсөн, хүчин, хүн хулгайлсан гэх мэт хэд хэдэн онц ноцтой хэрэгт яллагдах тодорхой болоод байгаа.
Хэрэг гарсны дараа Энэтхэгт амиа алдсан бүсгүйн үхэлд холбогдох этгээдүүдийг буруутгасан эсэргүүцлийн жагсаал удаа дараа болж, гэмт этгээдүүдэд цаазаар авах ял оноох хэрэгтэй хэмээн үзэж байгаагаа илэрхийлсээр байгаа юм.
Шинэ Дели хотын “Saket” дүүргийн шүүхийн шүүгч Суман Налвагийн мэдээлснээр оюутан бүсгүйг хүчирхийлсэн таван хэрэгтнийг баривчлаад байгаа бөгөөд тэдний гэм буруутайг нотлох хангалттай баримт байгааг онцолсон байна. Түүнчлэн цагдаа нар дээрх хэрэгт шүүхээр ял сонсохоор болсон таван гэмт этгээдээс гадна дахин нэг буруутай этгээдийг мөн мөрдөн шалгаж байгаа тухай мэдэгдсэн байна. Шүүх хурлын шийдвэр энэ долоо хоногт тодорхой болно.
Малала охины аав консулын ажилтан болов
Өнгөрөгч онд талибанчуудад буудуулж толгойдоо хүнд гэмтэл авсан Малала охин Их Британийн Брингхамийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа. Түүний биеийн байдал өмнөхөөсөө сайжирч эмнэлгээс хэсэг хугацаанд гарсан. Гэхдээ энэ сарын сүүлээр эсвэл ирэх сарын эхээр гавлын ясны хагалгаанд орно. Харин охиноо сахиж байгаа түүний эцгийг Пакистаны засгийн газраас Лондонд суух боловсролын атташегаар томилон ажиллуулах болсныг албан ёсоор зарлажээ.
Малалагийн аавыг Зиаудуддин Юсуфзай гэдэг. Тэрбээр охиныхоо боловсролд ихээхэн анхаардаг бөгөөд түүнийг анх 11 настайгаасаа BBC агентлагт захидал бичиж эхлэхэд нь ч охиндоо тусалж байсан аж. Пакистаны ерөнхийлөгч Асиф аль-Зардари өнгөрөгч сарын 08-ны өдөр Малала охиныг эргэхээр Хатан хаан II Элизабетийн нэрэмжит Брингхамийн эмнэлэгт ирж байсан. Энэ цагаас эхлэн ноён Зиаудуддин Юсуфзайг энэ албан тушаалд томилох санал гаргасан гэнэ.
Харин энэ томилгоог ноён Зиаудуддин саяхан хүлээн авч улсынхаа боловсролын салбарыг төлөөлөх атташегаар ажиллахаар болж байгаа юм. Энэ албан тушаалыг дор хаяж хоёр жилийн турш хаах бөгөөд мөнхүү хугацаанд гэр бүлээрээ Лондон хотод амьдрах юм.
Э.Мөнхнасан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ