Дөрвөн сар, нэг урт шөнийн “үлгэр” жаргалаа

img

Их хоккей эргэн ирэх нь.  2013 оны нэгдүгээр сарын 6-ний “нэг Беттмэн, бас нэг Фер” давхацсан билэгт сайн өдөр 113 хоног үргэлжилсэн NHL буюу Үндэсний хоккейн лигийн ажил хаялт өндөрлөж буйг NHL –ийн босс Гэри Беттмэн, Тоглогчдын холбооны Гүйцэтгэх захирал Дон Фер нар албан ёсоор мэдэгдлээ. Нэг талаас  Лигийн удирдлага  буюу багийн эздийн зөвлөл, нөгөө талаас тоглогчдын холбооны хамтран ажиллах гэрээ өнгөрсөн намар дуусаж, шинэ Хамтын ажиллагааны гэрээ үзэглэхэд аль аль тал өөрийн эрх ашиг, эрх ашиг ч гэж дээ үнэндээ бол олсон мөнгөө хэрхэн хуваах тал дээр санал зөрөлдсөн учир “ажил хаялт” эхэлсэн билээ. Хэд хэдэн удаа хоёр талын төлөөлөгчид  амжилтгүй хэлэлцээр хийж, энэ улирлын 652 тоглолт цуцлагдаж, “Бүх Оддын тоглолт-2013” , Шинэ жилийн өдөр болдог уламжлалт “Классик” тоглолт хойшлогдож, Нэгдсэн Улсын Ерөнхийлөгчөөрөө хүртэл гуйлгуулж, нилээн олон саяын алдагдал хүлээсний эцэст урьд шөнийн 16 цаг үргэлжилсэн хэлэлцээрээр  ашгүй нэг хэл амаа ололцов бололтой. Шинэ хамтын ажиллагааны гэрээг 10 жилийн хугацаатай, гэхдээ 8 жил болоод өөрчлөлт оруулж болох нөхцөлтэй байгуулахаар тохирсон гэнэ. Тэгэхээр муугаар бодоход 2020 он хүртэл дахиад ажил хаячихгүй бололтой эд нар. Хоккейноос олох орлогоо ч ( бараг 3 тэрбум доллар) эн тэнцүү тавь тавин хувиар хувааж авахаар санал нэгдсэн байна.  Энэ хугацаанд Лиг өдөр бүр 18-20 сая доллар, тоглогчид 8-10 сая долларын алдагдал хүлээж байснаа ч зарлалаа. Гэсэн хэдий ч тоглогчид цалингийн дээд хэмжээг баг тус бүрт жилд 64,3 сая доллар болгуулж чадлаа. Лиг болон хоккейчид төдийгүй хоккейн ордонд байрладаг баар, ресторан, дэлгүүр, хоолны газруудын орлого 11-35 хувиар буурчээ.    Канадын брэнд шар айраг үйлдэрлэгч Molson Canada компанийн борлуулалт 9 хувиар буурсан ч гэх шиг. Гэхдээ энэ бүхэн “ёстой яршиг л байна” . Эд нэр орлогоо хэзээ нэгэн цагт, ямар нэг хэлбэрээр  нөхөөд л олно. Харин хамгийн их, хохирлыг нь тогтоож боломгүй ихээр хохирсон хүмүүс бол мэдээж хоккей сонирхогчид, үзэгчид. Баг эзэмшигч тэрбумтнууд, жилдээ хэдэн саяаар тоологдох цалин авч буй тоглогчид хоккейн үнэнч фанатууд, үзэгчидгүй бол саяар, тэрбумаар тоологдох орлого, ашигаа хаанаас олох билээ дээ. Фанатууд та нар шиг  цалин нэхээгүй, орлогоо ч чамлаагүй ээ. Харин ч  халаасаа гөвөн байж хоккейн ордонд очих л хүмүүс. Тэдэнд зөвхөн ганцхан гоё тоглолт л үзэх чухал. Тиймээс уран гоё тоглолт, хэзээ ч  давтаггдашгүй тийм л тоглолтуудыг хүлээж байна шүү , Эрхэм хоккейчид оо!     “Таван цагариг”-ийн АНУ дахь тусгай сурвалжлагч Ц.Энхтүвшин

СЭТГЭГДЭЛ БИЧИХ