УИХ-ын Тамгын газраас мэдээлэл хийлээ
УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Д.Энхтуяа долоо хоног бүрийн эхний өдөр хэвлэл мэдээллийн ажилтнуудад тойм мэдээлэл хийдэг уламжлалынхаа дагуу энэ өдөр шинэ оны анхны мэдээллээ Төрийн ордны хуралдааны Г танхимд хийлээ.
Тэрбээр эн түрүүнд сэтгүүлчдэд шинэ оны мэнд дэвшүүлж, энэ оны ажилд нь амжилт хүсээд 2013 оны эхний долоо хоногт УИХ-аар хэлэлцэн шийдвэрлэсэн асуудал, шинэ оны хоёр дахь 7 хоногийн ажлын хуваарь, ойрын үед улс оронд болох гол гол үйл явдлын талаар мэдээллээ.
Тухайлбал, өнгөрсөн долоо хоногт Сэтгэцийн эрүүл мэндийн тухай хуулийг шинэчлэн баталсан нь УИХ-ын дарга З.Энхболдын тэмдэглэснээр “хүн амын эрүүл мэнд, түүний дотор сэтгэцийн эрүүл мэндийг хамгаалах талаар олон улсын жишигт нийцсэн хууль” болсныг тэрбээр тэмдэглээд энэ долоо хоногт УИХ-аар Хадгаламжийн даатгалын тухай, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Банкин дахь мөнгөн хадгаламжид баталгаа гаргах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд зэрэг олон нийтийн хүсэн хүлээж буй чухал хуулиудыг хэлэлцэх аж.
Мөн Төрийн албаны зөвлөлийн дарга, гишүүнийг чөлөөлөх, томилох тухай, “УИХ-ын даргын ажлын хэсгийн орон тоог батлах тухай” УИХ-ын тогтоол хүчингүй болсонд тооцох тухай тогтоолуудын төслийг хэлэлцэх бөгөөд шинэ төслөөр УИХ-ын даргын ажлын хэсгийн 6 хүний орон тоог 9 болгож, тодорхой салбар чиглэлээр хэнд ямар ажил хариуцуулсныг дурдаад энэ долоо хоногийн чуулганы нэгдсэн хуралдаанд Монгол Улсын Ерөнхийлөгч мэдээлэл хийх гэж байгааг дуулгалаа.
Жил бүрийн нэгдүгээр сарын 13-нд ардчилсан, шинэ Үндсэн хууль баталсны ойг тэмдэглэдэг уламжлал ёсоор энэ жил Үндсэн хуулийн 21 жилийн ойн хүрээнд УИХ-аас нэлээд олон чиглэлийн ажил зохион байгуулахаар төлөвлөж байгаа, урьд өмнө ойд зориулсан хүчит бөхийн барилдаан болдог байсан бол энэ жилийн хувьд сонихоргчдын шатрын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулах гэж байгаа талаар Д.Энхтуяа дарга мэдээлж ойн арга хэмжээг сурталчлахад идэвхтэй хамтран ажиллахыг сэтгүүлчдээс хүслээ.
Тэрбээр мөн УИХ-ын гишүүдийн ирцийн байдлаас болж өнгөрсөн долоо хоногт зарим байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдаан хойшлогдсоныг дурдаад олон нийтийн анхаарлыг татаж буй гишүүдийн ирцийн асуудалд хяналт тавих талаар ч хэвлэл мэдээллийнхэн хамтран ажиллана гэдэгт найдаж байгаагаа илэрхийллээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ