
Иргэний нисэхийн ерөнхий газрын Нислэгийн мэдээллийн үйлчилгээний алба COSCAP олон улсын байгууллагатай хамтран олон улсын сургалт зохион байгуулж байгаа аж. Жаргалант цогцолборт энэ сарын 7-11-ний хооронд зохион байгуулдаж буй тус сургалтыг дэлхийн нэртэй агаарын хөлөг үйлдвэрлэгч Аэробус компани ивээн тэтгэсэн байна. Энэхүү сургалтын үеэр нисэхийн мэдээллийн үйлчилгээний анхан шатны асуудлаар монгол мэргэжилтнүүд гадаадаынханд хичээл заахаараа онцлог гэнэ. Монголд анх удаа зохиогдож буй уг сургалтад Ази, Номхон далайн бүсийн Малайз, БНАСАУ, Тайланд, Монгол зэрэг орны иргэний нисэхийн салбарын мэргэжилтнүүд оролцож байна.
Дашрамд дуулгахад, Монголын иргэний нисэхийн салбар нисэхийн мэдээллийн үйлчилгээний чиглэлээр Ази, Номхон далайн бүсдээ тэргүүлэгчдийн эгнээнд зүй ёсоор багтан бүтээгдэхүүн, үйлчилгээндээ орчин үеийн дэвшилтэт техник технологийг нэвтрүүлсэн аж. 2010 онд ИКАО-гаас Монгол Улсын иргэний нисэхийн салбарын үйл ажиллагаанд хийсэн аюулгүй ажиллагааны өргөтгөсөн аудит шалгалтад амжилттай дүн үзүүлэн, улмаар ИКАО, COSCAP зэрэг олон улсын байгууллагаас бүсийн төвүүдэд монгол мэргэжилтэн ажиллуулах, USOAP хөтөлбөрт шалгагч авах саналыг манай талд тавиад байгаа аж. Хамтын ажиллагааны шинэ түвшинд хүрснээр манай иргэний нисэхийн мэргэжилтнүүд урьд нь гадаадын багш нараар заалгадаг байсан бол өнөөдөр гадаадын мэргэжил нэгт хүмүүст зааж сурган, мэдлэг оюунаа түгээх чадвартай болсны тод илэрхийлэл хэмээн Нислэгийн мэдээллийн үйлчилгээний албаныхан хэлж байна.
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ