Элвис Пресли

img

Элвис Пресли 20 дугаар зууны дуучдын дотроос хамгийн содон, ер бусын дуучин байсан бөгөөд түүнийг  “Рок-н роллын хаан” гэж зүй ёсоор нэрлэдэг юм. Тэр 1935 оны нэгдүгээр сарын 8-нд АНУ-ын Миссисипи муж улсын Тьюпелло хотод төржээ. Тэднийх  баян биш, шүтлэгтэй айл байж. Жаал хүү сүмийн найрал дуунд дуулж эхлэсэн бөгөөд бүр 10 настайдаа ардын дуу дуулснаар яармагийн шагнал авсан байна. 11 настайд нь түүнд гитар бэлэглэж, харин хэдэн жилийн дараа  дуу хөгжим нухацтай сонирхох болжээ. Түүний дуртай дуунуудын дотор кантри, негрийн хөгжим ордог байж. Дунд сургууль төгссөнийхөө дараа тэр ачааны машины жолоочоор ажиллах болсон ч,  өөрийн сонирхолыг мартаагүй байна. Элвис  ээждээ бэлэг болгон  цорын ганц хувиар гаргасан пянзандаа хэд хэдэн дуу бичүүлжээ.  Харин нэг жилийн дара “That’s all right”  гэдэг анхны синглиэ 20 мянган хувиар гаргаж, маш түргэн борлогдсон байна. Скотти Мур, Билл Блек нартай хамтран Элвис Преслийн бий болгосон хөгжмийн шинэ хэв маяг сүүлд нь “рок-н-ролл”  гэсэн нэр авсан юм. Үүний дараа гарсан “Blue Suede Shoes”, “I want You, I Need You,  I Love You” зэрэг сингл  дутуугүй амжилттай болжээ.  Пресли өсвөр насныхан болон залуусын  шүтээн болсон юм.  Түүний хувцаслалт, зан аяг, хөдөлгөөн  нь тэдний хувьд дууриал болж байжээ. Элвисийг кинонд тоглуулахаар урих болж,  1960-аад оны сүүлч – 1970-аад оны эхээр тэр концертын идэвхитэй үйл ажиллагаа явуулж байв. 1973 оноос хойш түүний биеийн байдал муудаж, эмийн дасалд орсноор 1977 оны наймдугаар сарын 16-нд нас баржээ. Гэвч олон арван жилийн дараа ч түүний дуунууд амьдарч, дэлхийд олон сая хүний хайр, хүндэтгэлийг хүлээсээр байна. С.Золбоо

СЭТГЭГДЭЛ БИЧИХ