Ерөнхийлөгчийн зөвлөхүүд орон нутагт иргэдийн саналыг сонсов
Ерөнхийлөгчийн зөвлөхүүд 12 дугаар сарын 15-20-нд Говь-Алтай, Булган, Сүхбаатар, Дундговь аймагт ажиллаж, нутгийн захиргааны болон өөрөө удирдах ёсны байгууллагын удирдлага, ажилтнууд, иргэдтэй, нийт 1100 орчим хүнтэй биечлэн уулзаж, саналыг сонсон, Ерөнхийлөгчийн бодлого, үйл ажиллагааны талаар мэдээллээ. Орон нутгийнхны тавьсан санал, асуулт үндсэндээ ижил төстэй байжээ. Нийтдээ 260-аад хүнтэй биечлэн уулзсан байна. Уулзалтын үеэр иргэдийн оролцоо, үндэсний аюулгүй байдлын шинэ үзэл баримтлал, орон нутгийн төсвийн бие даасан байдал, хүний эрх, Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төслүүд, тэдгээрийн хэд нь батлагдсан, хэд нь хэлэлцүүлгийн шатандаа яваа талаар ярижээ. Ерөнхийлөгчийн бодлого, үйл ажиллагаанд иргэн төвтэй, байгальд ээлтэй, өрсөлдөх чадвартай Монгол гэсэн чиглэлийг гол болгож байгааг онцолсон.
Мөн иргэний танхим байгуулах, иргэдээр асуудлаа хэлэлцүүлж, саналыг нь сонсох, мод тарих, хуримтлалын бүлгийг дэмжин дэлгэрүүлэх, жимс жимсгэнэ, хүнсний ногоо, сүү сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, үндэсний бүтээн байгуулалтын дээд шагнал –Төрийн гэрэгэ бий болгох, монголын уламжлалт сэтгэлгээ, ёс заншлыг 2011-2012 оны хичээлийн жилээс сургалтын хөтөлбөрт оруулах, монгол бичгийн хэрэглээг нэмэгдүүлэх зэрэг зарлигийг хэрэгжүүлэх талаар ярилцлаа. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж бүрэн эрхээ хэрэгжүүлж эхэлснээсээ хойш 9 зарлиг гаргасан байна.
Н.Батаа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ