
ЦЕГ-т хуурамч юань худалдан авч хохирсон хэмээн гомдол мэдүүлэх иргэдийн тоо нэмэгдэх хандлагатай байгаа аж. Цагаан сар ойртож, хөлтэй бүхэн урд хөрш рүү зүглэдэг энэ үед хуурамч юаний гүйлгээ нэмэгдэхээс сэргийлэн ЦЕГ-аас мэдээлэл хийсэн юм. Энэ асуудлаар ЦЕГ-ийн Олон нийттэй харилцах төвийн дарга, хурандаа Т.Сайнжаргалаас тодрууллаа.
-
Иргэдийг хохироосон хуурамч юань ямар замаар тэдний гар дээр очсон болохыг тодруулсан уу?
-Монголоос Хятад улсад зорчих зорилгоор юань солиулсан нь хуурамч байсан юм билээ. Мөн тус улсын жижиглэнгийн худалдаа эрхлэгчид 50, 20, 5 юань хариултад өгдөг. Энэ нь хуурамч мөнгөн тэмдэг байх тохиолдол цөөнгүй байна. Үүнтэй холбоотойгоор Эрүүгийн цагдаагийн газрын ажилтнууд шалгалт хийж эхлээд байна. Хуурамч юань нь энгийн нүдээр харахад таних боломжгүй, жинхэнээсээ огт ялгагдахгүй. Харин нёон гэрэл, мөнгөн тэмдэгт уншдаг машинаар шалгаж байж хуурамч болохыг тогтоосон.
-Хичнээн хэмжээний хуурамч юань иргэдийн гараар дамжин орж ирээд байна вэ?
-Одоогоор Чингэлтэй дүүргийн Цагдаагийн хэлтэст ирсэн таван иргэний гомдлын дагуу шалгаад 7000 орчим хуурамч юань илрүүлээд байна. Иргэд Монголдоо эргэн ирээд тус улсаас авсан мөнгө тэмдэгтээ “Найман шарга” валютын захад солиулахаар очихдоо хуурамж болохыг нь мэдсэн гэдэг. Тухайлбал, 4000 юань солиулахад 1000 нь хуурамч, 1500 юанийн 300 нь хуурамч байх жишээтэй.
-Энэ асуудлаар Хятадын талд мэдэгдсэн үү?
-Мэдэгдсэн. Мөн тус улсаас жижиглэнгийн худалдаа эрхлэгч иргэдэд 50, 100 юанийн хуурамч дэвсгэрт нийлүүлэх нь нэмэгдэж байгаа гэдгийг анхааруулсан. Удахгүй Цагаан сар болно. Иргэд ч олноороо тус улсыг зорих нь нэмэгддэг. Үүнийг далимдуулан худалдаа хийж буй иргэдийг хохироосон үйлдэл нэмэгдэж болзошгүй. Тиймээс иргэд юань солиулахдаа нууцлал, жинхэнэ эсэхийг нь шалгаж авах, баталгаатай газарт юань солиулах хэрэгтэй. Мөн Хятадын найдвартай, баталгаатай банкаар дамжуулан валютаа солиулахыг ЦЕГ-аас анхааруулж байна. Түүнчлэн хохирсон иргэдийн хохиролыг барагдуулахын тулд анх юаниа солиулсан газруудтай нь ярьж байгаа. Гэхдээ энэ нь иргэдэд юань сольж өгсөн байгууллагыг давхар хохироож байгаа хэрэг тул иргэд өөрсдөө анхааралтай байх ёстой.
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ