“Нүүрстөрөгч багатай хөгжлийн түншлэл”-д гарын үсэг зурав

img

Монгол-Японы Засгийн газар хооронд “Нүүрстөрөгч багатай хөгжлийн түншлэл” байгуулах баримт бичигт гарын үсэг зурах ажиллагаа өнөөдөр Төрийн ордонд боллоо. Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд С.Оюун, Япон улсаас Монголд суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Такэнори Шимизү нар гарын үсэг зурсан юм. Үүний дараа Төрийн ордны Б танхимд “Хамтарсан кредит олгох механизм ба уг түншлэлийн хүрээнд хамтран ажиллах боломжит чиглэлүүд” сэдвээр мэдээлэл хийв. Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь конвенцийн талуудын 2009 оны 15-р бага хурлаас дэлхийн агаарын температурын өсөлтийг аж үйлдвэр эрчимтэй хөгжиж эхлэхээс (1750 –аад он) өмнөх үеийнхээс 2 градусаас хэтрүүлэхгүй барих талаар улс орнууд нэгдсэн тохиролцоонд хүрсэн бөгөөд уг зорилтыг биелүүлэхийн тулд агаарт ялгаруулж байгаа хүлэмжийн хийн ялгаралтын хэмжээг  одоо байгаа түвшингээс хэд дахин бууруулах шаардлагатай байгаа аж. Энэ зорилтод хурэхэд одоо ашиглаж байгаа хүлэмжийн хийн ялгаралтыг бууруулах арга зам, механизмууд нь хангалтгүй байгаа тул хүлэмжийн хийн ялгаралтыг бууруулах өөр шинэ арга зам, механизмыг бий болгон ашиглахыг конвецид нэгдсэн орнуудад зөвшөөрсөн юм. Энэ дагуу Япон улс “хамтарсан кредит олгох механизм”-ыг санаачлан хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. БОНХЯ Япон улсын холбогдох байгууллагуудтай энэ чиглэлээр хамтран ажиллахаар янз бүрийн түвшинд уулзалтуудыг зохион байгуулж ирсэн бөгөөд Катар улсын Доха хотноо “Нүүрстөрөгч багатай хөгжлийн түншлэл” байгуулж, холбогдох баримт бичигт гарын үсэг зурах талаар тохиролцож хоёр талын Байгаль орчны сайд нар хамтарсан мэдэгдэл гаргасан байна. Энэ мэдэгдэлийн дагуу Засгийн газрын хуралдаанаар Япон улстай нүүрстөрөгч багатай хөгжлийн түншлэлийг байгуулах эсэхийг хэлэлцэж БОНХ-ын сайд С.Оюунд уг түншлэлийн баримт бичигт Монголын улсын Засгийн газрыг төлөөлөн гарын үсэг зурах эрх олгох талаар Ерөнхий сайдын 2012 оны арванхоёрдугаар сарын 15-ны 98 дугаар захирамж гарсан байна. Уг түншлэлийг байгуулснаар хамтарсан кредит олгох механизмыг хэрэгжүүлэх эрх зүйн ерөнхий суурь орчин бүрдэх бөгөөд уг механизмын хүрээнд хамтран ажилласнаар цэвэр хөгжлийн механизмын нэгэн адил хүлэмжийн хийн ялгаралтыг бууруулж буй төслүүдэд ялгаралтын бууралтын баталгаажсан хэмжээгээр кредит буюу урамшуулал олгох боломж бүрдэнэ. Хамтарсан кредит олгох механизмын гол зорилго нь: •    Нүүрстөрөгч бага ялгаруулдаг байгальд ээлтэй технологи, бүтээгдэхүүн, тогтолцоо, үйлчилгээ, дэд бүтцийг түгээн дэлгэрүүлэх болон хүлэмжийн хийн ялгаралтыг бууруулах үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд нь хөгжиж байгаа орнуудад Япон улсын зүгээс тусламж дэмжлэг үзүүлэх, •    Хөгжиж буй орны тогтвортой хөгжилд дэмжлэг үзүүлэх, •    Монгол зэрэг хөгжиж буй оронд хэрэгжүүлж буй хүлэмжийн хийн ялгаралтыг бууруулах төсөл, арга хэмжээний хүрээнд хүлэмжийн хийн ялгаралтыг бууруулах буюу шингээж буй бодит хэмжээг тоон утгаар тооцоолох, энэ хувь хэмжээг олон улсын гэрээ хэлэлцээгээр хүлэмжийн хийн ялгаралтаа бууруулах үүрэг хүлээсэн тухайн дэмжлэг үзүүлсэн,  өндөр хөгжилтэй орон (тухайлбал Япон улс) үүргээ биелүүлэхдээ ашиглах, •    Хүлэмжийн хийн ялгаралтыг бууруулах буюу шингээлтийг нэмэгдүүлэх замаар дэлхийн дулааралтыг сааруулахад чиглэсэн дэлхий дахины хүчин чармайлтад хувь нэмрээ оруулж, НҮБ-ын уур амьсгалын өөрчлөлтийн тухай суурь конвенц (НҮБУАӨСК)-ийн эцсийн зорилгыг биелүүлэхэд хувь нэмэр оруулах зэрэг  болно. Түүнчлэн ХКОМ нь манай орны хувьд 2011 онд УИХ-аар батлагдсан “Уур амьсгалын өөрчлөлтийн үндэсний хөтөлбөр”-ийн стратегийн 3-р зорилт болох “Байгаль орчинд ээлтэй технологи нэвтрүүлэх, үйлдвэрлэл хэрэглээний үр ашиг, бүтээмжийг дээшлүүлэх замаар хүлэмжийн хийн ялгаралтыг үе шаттайгаар бууруулж, нүүрстөрөгч бага ялгаруулдаг эдийн засагт шилжих эхлэлийг тавих” ажлыг хэрэгжүүлэх, мөн Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь конвенцийн талуудын 15-р бага хурлаас гаргасан Копенгагены тохиролцооны дагуу Монголын өргөн мэдүүлсэн “Хүлэмжийн хийн ялгаралтыг бууруулах зохистой арга хэмжээ”-ний жагсаалтад багтсан арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэхэд шууд чиглэгдэнэ. Япон улсын хувьд 2020 он гэхэд өөрийн хүлэмжийн хийн ялгаралтыг 1990 онтой харьцуулахад 25 хувиар бууруулахаа олон улсын хэмжээнд албан ёсоор мэдэгдсэн бөгөөд хамтарсан кредит олгох механизмын хүрээнд хэрэгжүүлэх төслүүдэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх, байгальд ээлтэй технологи нэвтрүүлэх, тухайн улсын чадавхийг бэхжүүлэхэд нь дэмжлэг үзүүлнэ. Ингэснээр тухайн төслийн хүрээнд бий болох хүлэмжийн хийн ялгаралтын бууралтын кредитийг өөрийн орны хүлэмжийн хийн ялгаралтыг бууруулах зорилтод ашиглах боломжтой болно. Манай орны хувьд энэхүү механизмыг ашиглан эрчим хүч, зам тээвэр, барилгын салбарт сэргээгдэх эрчим хүч ашиглах, эрчим хүчний үйлдвэрлэл, хэрэглээний үр ашгийг дээшлүүлэх, тээврийн хэрэгслийн түлшийг солих зэрэг хүлэмжийн хийн ялгаралтыг бууруулах ач холбогдол бүхий төслүүдийг Япон улсын өндөр технологи, тусламж, дэмжлэгтэйгээр хэрэгжүүлэх бололцоо бүрдэнэ гэж үзэж байна. П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ