Ливэрпүүл vs Манчестер: Зөвхөн хөлбөмбөгийн тулаан биш!
Энэ нят гаригт болох Английн хамгийн том дерби буюу Ливэрпүүл - Манчестер Юнайтедийн тоглолт болохтой холбогдуулан www.liverpoolfc.mn - ий Админ Бадруулын бичсэн нийтлэлийг та бүхэндээ хүргэе. Нэр хүнд, цар хүрээ, гаргасан амжилтаараа Англид төдийгүй дэлхийд алдартай энэ 2 клубын дайсагналцал зөвхөн хөлбөмбөгийн талбай дээр өрнөдөггүй. Бүр 2 багийг байгуулагдахаас ч өмнө Манчестер болон Ливэрпүүл хотуудын таарамжгүй харьцаатай байсан нь мэдэгддэг. Ливэрпүүл бол далайн тээвэр, худалдаа наймааны боомт бүхий алдартай хот байсан бол Манчестер нутгийн баруун хойд хэсгээр орших аж үйлдвэр давамгай хөгжсөн хот байлаа. Харин хожим Манчестер хот руу Мерси мөрнөөр дамжсан Манчестер Шип Канал хэмээх суваг нээгдэж Ливэрпүүл боомтын маш олон хүн ажилгүй болж амь амжиргаанаасаа салж байжээ. Энэ үеэс л Манчестерийг үзэн ядах эхлэл тавигдсан байна. Өнөөдөр Манчестер Английн баячууд амьдардаг хамгийн тансаг хот болсон бол Ливэрпүүл ч мөн адил олон мянган жуулчдын хөл холхисон хот болж “Европын соёлын нийслэл”-ээр шалгарсан юм.
Харин орчин үед ч 2 хотын өрсөлдөөн хөлбөмбөг болон бусад зүйлсээр үргэлжилсээр л байна.
Эмгэнэлт явдал
2 хот, 2 клубыг төдийгүй дэлхий нийтийг сэрдхийлгэсэн эмгэнэлт явдал Ливэрпүүл болон Манчестерт аль алинд нь тохиолдсон юм.
1958 оны 2 сард Манчестер Юнайтэдийн Европын цом /одоогийн Аваргуудын лиг/-ын хагас шигшээд Югославын “Црвена Звезда” буюу “Улаан Од” хэмээх багтай тоглон 3-3 аар тэнцэж нийлбэр дүнгээр цааш шалгаран нутаг буцах болсон юм. Юнайтедийн тоглогчдыг суулгасан онгоц Белградаас нисэн Мюнхэнд түлш сэлбэх ёстой байсан бөгөөд энэ үеэр цаг агаар муудаж нисгэгч 3 ч удаа буух оролдлого хийсэн боловч харамсалтай нь онгоц байшин мөргөж осолджээ. Энэ ослоор Манчестерийн 8 тоглогч амь эрсдсэн ба дасгалжуулагч Матт Басби маш хүнд бэртсэн байна. Харин хожим Манчестер Юнайтедийн домог болсон тоглогч 21 настай Бобби Чарлтон хөнгөн бэртлийн улмаас багийн бүрэлдэхүүнд багтаж нисээгүй байжээ.
1989 оны 4 сарын 15-нд Ливэрпүүл болон Ноттингэм Форэст багийхан холбооны цомын хагас шигшээд учраа таарсан юм. Уг тоглолт болох цэнгэлдэх Шэффилд Уэнздэй багийн цэнгэлдэх байсан бөгөөд Ливэрпүүлийн фэнүүдэд суудлын тооноос илүү билет зарсан нь аймшигт ослын гол шалтгаан байсан билээ. Ердөө 6-хан минут үргэлжилсэн тоглолтод хайртай багаа дэмжихээр ирсэн 96 хөгжөөн дэмжигч буцаж харьж чадаагүй юм. Амь үрэгдсэн 96-гийн дотор 8 настай балчираас 80 настай буурлууд хүртэл байсан бөгөөд хожим Ливэрпүүл клубын домогт ахлагч болсон Стивэн Жэррардын үеэл Жон Пол байсан юм. Тухайн үед Ливэрпүүийн дасгалжуулагч байсан домогт Кэнни Далглиш бүх амь үрэгдсэн хүний оршуулгад оролцсны дараа ажлаа хүлээлгэн өгсөн билээ. Энэ ослын талаар Английн “Сан” сонин фэнүүд өөрсдөө буруутай мэтээр нийтэд дэлгэж бичсэн бөгөөд өнгөрсөн 12 оны 9-р сар хүртэл 23 жилийн турш "жинхэнэ үнэн"-ийг нуун дарж байсан юм. Харин 2012 оны 9 сарын 12-нд Хиллсборогийн хэргийг хянах хөндлөнгийн комиссын дүгнэлтээр сэтгэл шаналгасан удаан он жилүүдийн дараа манай хөгжөөн дэмжигчдийг буруутгаж байсан явдал ор үндэсгүй зүйл байсан гэдэг нь нотлогдож Ерөнхий сайд хохирогсдын гэр бүлийнхэнд хандан Засгийн газрын өмнөөс уучлалт гуйж, комиссын дүгнэлтийг Ерөнхий прокурорт шилжүүлэх шийдвэр гаргасан билээ.
Гайхалтай эргэн ирэлт + Европын аварга
1999 оны Аваргуудын лигийн финалд Манчестер Юнайтед болон Германы Байэрн Мюнхэн багууд учраа таарсан билээ. 2 багийн тоглолт Испанийн Камп Ноу цэнгэлдэхэд болсон бөгөөд тоглолтын эхэнд оруулсан Марио Баслерийн гоолоор Байэрнчууд тэргүүлж эхэлсэн. Улмаар тоглолтын турш тэд илүүрхсээр үндсэн цаг дуусч Германчууд баяраа тэмдэглэхээр зэхэж эхлээд байлаа. Тоглолтын 90 дэх минутад гоолын эзэн Марио Баслерийг сэлгээнд суувуу үгүй юу Манчестерийн од гийж сэлгээгээр орж ирсэн Тедди Шерингэм гоолдон тоог тэнцүүлсэн. Мюнхэнчүүд шокноосоо гарч амжаагүй байхад мөн л сэлгээгээр орж ирсэн Норвеги довтлогч Оле Гунье Сульшер гоолдож тэд нэгэн гайхалтай эргэн ирэлтийг хийж түүхэндээ 2 дахь удаагаа Аваргуудын лигд түрүүлсэн билээ.
2005 оны 5 сарын 25. Энэ ертөнцийн хамгийн аугаа финалын тоглолт.. /Хүн бүр энэ тоглолтыг мэдэх учир энд нуршаад яахав/. Туркийн Стамбул хотын Ататурк цэнгэлдэхэд болсон Аваргуудын Лигийн гайхалтай финалд эхний үед 3 гоолоор хожигдож явсан Ливэрпүүл итгэмээргүй эргэн ирэлт хийж түүхэндээ 5 дахь удаагаа түрүүлэн “Дэлдэн чихтэй цом”-ыг үүрд хадгалах эрхтэй болсон. Испани дасгалжуулагч Рафаэль Бэнитэз Ливэрпүүлд ирсэн эхний жилээ энэ гайхалтай тэмцээнд түрүүлж байсан бол Ливэрпүүл 21 жилийн дараа Европын аварга хэмээх эрхэм алдараа дахин баталсан юм. Харин 25-хан настай багийн ахлагч Стивэн Жэррард “жинхэнэ ахлагч” гэж ямар хүн байдгийг дэлхий даяар харуулсан билээ.
Хөгжим
Ливэрпүүл хотод алдарт “Битлз” хамтлаг байгуулагдан дэлхий даяар нэр алдар нь түгсэн бол Манчестер хотод ч мөн “Оазис” хамтлаг нэр алдраа мандуулсан.
Жон Леннон, Пол Маккартни, Ринго Стар, Жорж Харрисон нар 1960-70 онд дэлхийг донсолгож байсан бол харин орчин үед ах дүү Лиам болон Ноёл Галахар нарын “Оазис” хамтлаг Их Британид рокын ертөнц дэх хаанчлалыг эргүүлэн авчраад байгаа гэж үздэг. Гэвч тэд Манчестэр хотын өөр нэгэн баг болох Манчестер Сити клубын фэнүүд бол Пол Маккартни ч Эвертоны фэн гэгддэг.
Английн хамгийн том дэрби
2 багийн тоглолтыг “Гранд дэрби”, “Баруун хойд зүгийн дерби” гэх мэтээр нэрлэдэг. Ливэрпүүл Аваргуудын Лигд 5 түрүүлсэн рекорд эзэмшдэг бол Юнайтэд Ливэрпүүлийн эвдэгдэшгүй хэмээгдэж байсан лигийн 18 түрүүг гүйцэн 19 болгож эвдээд байгаа. 2 багийн тоглолт орон нутгийн цагаар үд дунд болдог бөгөөд энэ нь 2 багийн үнэнч галзуу хөгжөөн дэмжээгчид үймээн дэгдээхээс сэргийлснээс үүдэлтэй. 2 багийн хооронд шилжилт хөдөлгөөн бараг болдоггүй. Хэдхэн жилийн өмнө САФ: Би амьд байгаа цагт Ливэрпүүлд тоглогчоо зарахгүй хэмээн мэдэгдэж улаануудтай нэгдэх дөхөөд байсан Г.Хайнц хэмээх тоглогчоо өөр баг руу явуулж байсан билээ. 2 багийн хоорондох хамгийн сүүлийн наймаа нь 1964 онд Манчестерийн довтлогч Фил Чиснал улаануудтай нэгдснээр бүртгэгджээ. Харин шууд бус шилжилтүүд нэлээд байдаг бөгөөд хамгийн сүүлд Улаануудын унаган хүү Майкл Оуэн чөтгөрүүдтэй нэгдэхэд хэрхэн хүлээж авсныг бүгд мэдэж байгаа бизээ. Сүүлийн үед гараад байгаа зөрчлөөс дурьдах юм бол Луис Суарэз, Патриц Эвра нарын расизмын асуудлууд байна. Мөн Жонжо Шэлвигийн ярилцлага, сэлэбрээшн гээд л хөвөрч өгнө. Цаашдаа ч хөвөрсөөр байх биз ээ...
Эх сурвалж www.liverpoolfc.mn
СЭТГЭГДЭЛ БИЧИХ