Зүүдний тайлал: Зүүдэн дэх тэнгэрийн байдлаар зам мөрөө шинжихүй

АМГАЛАН НАМУУН ХӨХ ЦЭНХЭР ТЭНГЭР
Ийм зүүд нь хүний анхаарлыг ахуй амьдралын нь тал руу чиглүүлэх нь олонтаа тохиолддог. Цэлмэг хөх тэнгэр нь хүнийг хүнд ачаа дарамтаас нь, шийдвэрлэж чадамгүй мэт санагддаг асуудлаас нь ангижруулан чөлөөлж өгдөг. Энэ нь амжилт олох, амьдралын хүнд хэцүү нөхцөл байдлаа ялан дийлэх, ажил хэрэгтээ дээд зэргээр тус болох, шинэ чухал туршлага суух, яруу тод сэтгэгдэл төрөх эх суурь болдог. Тийм зүүд зүүдлэгдвэл аз жаргалын бэлэгдэл болно. Хөх цэнхэр тэнгэрт хөнгөн цагаан үүл зүүдлэгдвэл таныг алс холын аян зам хүлээж байгааг хэлж буйн шинж тэмдэг юм. Энэ нь, магадгүй, таны мэдлэгийн хүрээг мэдэгдэхүйцээр тэлэн өргөжүүлэх, уран бүтээлийн эрч хүчийг сэргээж өгөх нэн сонирхолтой аялал ч байж болох. Хар бараан үүл зүүдлэгдвэл аян замд тань санаандгүй байтал саад тотгор учирч, нэг үгээр хэлбэл, хараахан бүх юм өөгүй тэгшхэн байхгүй гэдгийн дохио болно. Хэрвээ тэнгэр бараг бүхэлдээ үүлэнд бүрхэгдсэн байвал таны өмнө “улаан гэрлэн дохио” байгаагийн шинж бөгөөд та ойрын ирээдүйн төлөвлөгөөгөө хянан үзэхийг шургуу зөвлөж буй хэрэг юм. Харин маргааш нь ер нь гэрээсээ гарсны хэрэггүй. Эс тэгвэл хүнд хэцүү байдалд орох юмуу бэртэж гэмтэх, үгүй наанадаа л цагаа хий дэмий үрэх болно. Өтгөн хүрэн улаан үүл зүүдлэгдвэл гэр бүлийн дотор юмуу эсвэл ажил дээрээ хэрэлдэж маргалдахын шинж. Ягаан болон улаан үүл зүүдлэгдвэл жинхэнэ хайр дурлал ойртож байгааг мэдээлж буй хэрэг.АЯНГАТАЙ ААДРЫН ХӨШИГЛӨСӨН ҮҮЛ
Аянга цахилгаантай аадар бороо зүүдлэгдвэл ерөнхий утгаараа таны хүсэл зориг хүчтэй болж, зан чанарын тань хүчтэй шинж байдал илэрхийн дохио болно. Энэ нь тэмцэлдэхийг бэлэгдэн харуулж, өмнөө тавигдсан зорилгодоо хүрэхийн тулд зайлшгүй гэтлэн давбал зохих бодит бэрхшээлийг зааж өгч буй хэрэг юм. Аадрын үүл түргэн нүүж байвал таны эргэн тойронд болж буй хов жив, атаа жөтөө, өшөө хорслоос сэрэмжлүүлж байгаагийн дохио бөгөөд хэрвээ хажуу тийшээ шуургалан нүүвэл эрхэлж буй ажил хэрэгтээ нууцлаг механизм байгаагийн шинжийг илэрхийлж буй хэрэг болно. Аадрын үүл алаг өнгөтэй байвал өрсөлдөгчидтэйгээ тэмцэлдэн, хялбархан ялахыг дохиолж буй хэрэг бөгөөд харин хар өнгөтэй байвал өвчинд нэрвэгдэхийн дохио болно. Гэхдээ организмдаа анхаарал тавьбал өвчлөхгүй байж болно. Аянга цахилгаантай аадар улам ширүүсэн лавширвал дэлхийд бодитой аюул сүйрэл ойртож байгаагийн шинжийг илэрхийлж буй хэрэг болно. Зарим тохиолдолд аадар нь сөргөлдөөн, уур хилэн, бухимдлыг дохиолон илэрхийлдэг. Бидний өвөг дээдэс үүнийг бурхан тэнгэрийн таалал тохиож байна гэж үздэг байжээ. Гэвч сөрөг уршиг дагавраас зайлсхийж болдог байна. Үүний тулд амьдрах хэв маягаа бодитой тунгаан цэгнэж, буруу замаар явахгүй, буруу үйлдэл хийхгүй, буянтай сайн үйлс бүтээдэг болвол муу юмнаас зайлсхийж болдог байна. Давын өмнө сөрөг муу бодол санаанаасаа ангижирч, бүтээлч ажил өрнүүлэхэд зориг шулуудах хэрэгтэй.ОД ТҮГСЭН ШӨНӨ
Энэ гайхамшигтай сайхан зүүд нь бүхэл бүтэн сонирхолтой тайлбарыг агуулж байдаг. Нэгд гэвэл, тийм шөнө нь тухайн хүн хайртай үр хүүхэд, ач зээ нараа тойруулан өтөл настай болтлоо урт удаан хугацаагаар элбэг хангалуун амьдрахыг зөгнөн мэдээлдэг. Магадгүй, энэ нь таны ирээдүйнхээ талаар байнга санаа зовинож явдаг бодол санааны хариу ч байж болох. Нөгөө талаар, зүүдэнд орсон ийм шөнө нь аливаа фантааз сэтгэлгээг сэргээж, адал явдалд бэлтгэхэд уриалж байж ч болох юм. Од түгсэн шөнө нь хүслээ гүйцэтгүүлж, мөрөөдлөө биелүүлэхийн төлөө тэмцэх эрч хүч, хүсэл зоригийг нэмэгдүүлэх ёстойг мэдээлж байж болох юм. Хэрвээ тийм зүүд зүүдлэгдсэний маргааш өглөө нь гэхэд л амьдралаа шууд өөрчилмөөр санагдвал гайхах хэрэггүй. Түрүүчийн эзэмшсэн мэргэжлийн нэгэн хэвийн уйтгартай хэв маяг, амьжиргааныхаа явцуу хүрээ зэргийг гэнэт ухаарч ойлгосноор та уран зургаас жинхэнэ таашаал авч, өлсгөлөн хүүхдийг асарч энэрэх арга замаа олж чадах болно. Дашрамд дурдахад, аль эртнээс мөрөөдсөөр ирсэн хайр сэтгэлийн халуун дотно уулзалттайгаа учирч болохыг од түгсэн шөнийн зүүд зарим үед зааж өгдөг.ТЭНГЭРИЙН ЦЭЭРЛҮҮЛЭЛ
Зүүднийхээ тэнгэрт үзэж харсан аюул занал, тухайлбал, харь гарагийнхны довтлох, сүүлт одын унах, галт бороо орох зэргийн аль нь ч байлаа гэсэн таны итгэл найдвар баларч, урдаа нээгдсэн бололцоог ашиглан мэргэжлийн үйл ажиллагаандаа амжилт олох гэж бүтэлгүй оролдлого хийх гэж байгааг хэлж өгч байгаа юм. Манай гараг руу асар том сүүлт од харван ирж байгаа тухай зүүд нь амьдралын замаа буруу сонгосон тухайд нь дохио өгч буй хэрэг юм. Та өөр талбарт байвал хүмүүст илүү их туслаж чадах ба харин зорилтоо биелүүлж эс чадвал хувийн зан чанарыг тань үнэ цэнэгүй болгоно. Үүний уршгаар өвдөж шаналах юмуу эсвэл сэтгэлээр унаж гутарна. Тэнгэр зүүдлэгдэхийн учир холбогдлыг ухаж ойлгоё гэвэл энэ нь юуны өмнө хязгааргүйн тусгал гэдгийг ойлговол зохино. Тийм зүүд зүүдлэгддэг хүнд олон зүйлийг ойлгож мэднэ. Гэхдээ тийм зүүд бас эсрэг учир холбогдолтой байж болзошгүй. Тийм учраас түүний учрыг тодруулахдаа өөрийнхөө мэдрэмжийг “чагнах” нь чухал. Жишээлбэл, тэнгэрээс гал унаж байна гэж зүүдэлбэл гарцаагүй сайн юм болохын дохио гэж олон хүн хүлээж авдаг. Яагаад гэвэл ид шидийн хүч харанхуйг гэрэлтүүлэн хөөж, амьдралын замыг гийгүүлэн зааж байна гэж үздэг. Гэтэл уг гал хэрвээ зүүдэнд үзэгдсэн хүн дээр унавал хэн нэг хүн өшөө авах гэж байгааг хэлж өгч буй хэрэг. Тэнгэрийн гал эмэгтэй хүнийг гэрэлтүүлбэл эсэн мэндээр хүү төрүүлэхийг бэлэгдэж байгаа хэрэг. Харин тэнгэрээс бамбар, од, сүүлт од унавал ойр дотны хэн нэгнээ алдах юмуу эсвэл өвдөхийн дохио байж мэднэ. Сар юмуу эсвэл нар ойчвол эцэг эхийн аль нэг нь нас барахыг дохиолж байж болзошгүй. “Тэнгэрийн зүүд” нь хүн төрөлхтөний болон эрхэс гарагийн ирээдүйн хөшгийг нээж өгөх нь олонтаа тохиолддог. Энэ нь улс төрчдийн далдуур санаа, олон нийтийн үймээн самуун, дайн байлдааны тухай асуултуудын хариулт болдог... Харин жирийн хүмүүст бол энэ нь янз янзаар тусдаг.ЗҮҮДЭНДЭЭ ТЭНГЭРИЙГ ХЭРХЭН ДУУДАХ ВЭ?
Хэрвээ хүнд аз жаргалтай амьдрал, хүсэл мөрөөдлийн биеллийг зөгнөн мэдээлж буй зүүд байвал түүнийг зориудаар дуудаж болохгүй гэж үү? Ид шидийн нууцыг судалдаг ухаантан мэргэд үүнд хариулт өгч байна. Өнөөгийн байдлаар зөн совингийн зүүдээр дамжуулан бодит шинжийг залж жолоодох тодорхой арга механизмуудыг нээн олж чаджээ. Жишээ нь, дараахь бүдүүвчийг хэрэглээд үзээрэй: 1. Унтахаар хэвтэхээсээ өмнө дор хаяад 2 цаг бясалгал хийгээрэй. Ингэхийн тулд гаднын бүх хүчин зүйлийн нөлөөг байхгүй болгон, орон дээрээ завилан сууж, сэтгэл уймруулсан бүх бодол санаанаасаа ангижрахыг зөвлөж байна. 2. Бясалгал хийх үеэрээ өөрийгөө унтаж байна хэмээн бодож, цэлмэг хөх цэнхэр тэнгэрт юмуу эсвэл шөнийн тэнгэрт хүрч, түүний энергийн урсгал мэдэрч байна гэж санаарай. Тэгэхдээ газрын бүх координатын, үүний дотор цагийн тухай ойлголтыг бүү санаарай. 3. Ухаан санаагаа дэлхийн координатын системээс болон түүнтэй холбоотой мэдрэмжээс чөлөөлөөд нойрсох үедээ уг бодол санаагаа хадгалж сураарай. 4. Бясалгалын үеийн байдлаасаа нойрсох байдалд шилжих үедээ тэнгэртэй холбогдон нэгдэх мэдрэмжээ хадгалж сураарай. Эх сурвалж “ТВ 7 хоног” сэтгүүл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ