“Эрх зүйн боловсролын шинэчлэл” олон улсын хурал болно

img

Хууль зүйн яам, Хууль зүйн үндэсний хүрээлэн хамтран “Монгол Улсын эрх зүйн боловсролын шинэчлэл” олон улсын хурлыг маргааш Төрийн ордонд зохион байгуулахаар болжээ. Энэхүү хуралд АНУ, ХБНГУ, БНСУ, Япон, Тайваний төлөөлөгчид урилгаар оролцож, өөрийн улсын  эрх  зүйн  боловсролын тогтолцоог шинэчлэхэд хуримтлуулсан туршлагаас хуваалцах аж. Түүнчлэн Хууль зүйн үндэсний хүрээлэн, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн удирдлага илтгэл тавьж хууль зүйн их, дээд сургууль, хуулийн байгууллагын төлөөлөл оролцох юм байна. Энэ хүрээнд АНУ-ын Колумбын их сургуулийн профессор Рэндэлл Эдвардс “АНУ-ын эрх зүйн тогтолцоо ба эрх зүйн боловсрол” сэдвээр, АНУ-ын Вашингтоны их сургуулийн профессор Вероника Тэйлор “АНУ-ын Law School загвар: хөгжил, сургамж, чиг хандлага” сэдвээр илтгэл тавих аж. Мөн Японы БАР-ын холбооны Эрх зүйн боловсролын хорооны захирал Мисава Эйши “Япон улс дахь эрх зүйн боловсрол, Law School-ын загварыг нэвтрүүлсэн туршлага, сургамж” сэдвээр, БНСУ-ын Сөүлийн Их сургуулийн профессор Ён Жүн Квон “БНСУ-ын эрх зүйн боловсрол, Law School-ын загварыг нэвтрүүлсэн туршлага” сэдвээр, Тайваний Пенгү хотын ахлах прокурор Вү Сүн Лүн “Тайваний эрх зүйн боловсрол, Law school-ын загварыг нэвтрүүлэх боломж” сэдвээр, ХБНГУ-ын Саксон-Анхалт мужийн Вольмерштет хотын анхан шатны шүүхийн шүүгч, доктор Эвелин Хеннинг “Европын орнуудын хуульчийг мэргэшүүлэх тогтолцоо” сэдвээр тус тус илтгэл хэлэлцүүлэх юм байна. П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ