
Дорноговь аймгийн Улаанбадрах суманд оны өмнө 10 гаруй мал хордож үхсэн байсан. Тус сумын нутаг дэвсгэрт “Арева” компанийн охин компани “Кожеговь” /2010 онд Монголд анх удаа уран олборлосон/цацраг идэвхит ашигт малтмалын хайгуулын лиценз эзэмшдэг аж. Байгаль орчин ногоон, хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Батболд цацраг идэвхит ашигт малтмал хайж байгаа үйл ажиллагаатай холбоотойгоор нийгэмд гарсан мэдээллийн дагуу холбогдох хүмүүстэй уулзсан юм. Уулзалтад БОНХ-ийн сайдын зөвлөх Ш.Пүрэвсүрэн, Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн газрын дарга Д.Энхбат, Цөмийн энергийн газрын дарга Г.Манлайжав, Цөмийн хяналтын хэлтсийн дарга Б.Батгэрэл, Цөмийн болон цацрагийн хяналтын улсын байцаагчид болон Монголын Байгаль орчны иргэний зөвлөлийн Хяналтын хорооны дарга Ж.Ганбаатар, зөвлөлийн Цөмийн ажлын хэсгийн зохицуулагч Ч.Мөнхбаяр нар оролцжээ.
Цөмийн энергийн газрын хяналтын улсын байцаагчид тухайн бүс нутаг өнгөрсөн арванхоёрдугаар сарын 27-нд очиж цацрагийн хэмжилт хийж, химийн бодис болон бактерлогийн нөлөө байж болзошгүй гэж үзээд дээж аван шинжилгээнд өгчээ. Шинжилгээний дүн 7-8 хоногийн дараа гарах аж. Дүн гарсны дараа Цөмийн энергийн газар, Байгаль орчны иргэний зөвлөл хамтран мэдэгдэл хийхээр боллоо. Мөн ирэх дөрөвдүгээр сард химийн бодис хадгалалт, хэрэглэлт, технологийн зөрчил байж болзошгүй гэж үзэж байгаа тул “Кожеговь” компанийн цацраг идэвхит бодис хайж байгаа үйл ажиллагаанд өргөн хүрээтэй шалгалт хийхээр тохирсон юм.
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ