Охид бэлгийн мөлжлөгийн золиос болж байна
Сүүлийн жилүүдэд дэлхийн хүн амын тоо өсөн нэмэгдэж тэр хэрээрээ хүйсийн тэгш байдлын тухай асуудал газар авсаар байгаа билээ. Охидын эрхийг хамгаалах байгууллагуудын анхаарлыг энэ жил зүүн өмнөд азийн орнуудын охидын эрх болоод тэдний боловсролын асуудал ихээр татаж байна.
Эдгээр орнуудаас тухайлан Энэтхэг улсын охидын эрхийн асуудлаар CNN агентлаг сурвалжилжээ.
Энэтхэг улс хүн амын нягтрал ихтэй. Хүн амын тоогоороо дэлхийд хоёрт ордог ч хүйсийн тэгш байдал алдагдахад хүрээд буй. Мөн иргэдийн амжиргааны төвшин хоёр туйлд хүрсэн гэж хэлэхэд болно. Ядуурлын хэмжээ дундаж төвшнөөс илүү гарах хандлагатай болоод байгаа нь тус улсын тулгамдсан асуудал болжээ. Үүний хэрээр боловсрол эзэмших байдал зарим төвшнийхөнд огт хамааралгүй зүйл болсоор байна
Мөн бага наснаас эхлэн охидод бэлгийн дарамт хамгийн их учирдаг гэдгийг судалгаагаар тогтоосон юм.
Энэтхэгийн Хүний эрхийн үндэсний хорооноос гаргасан судалгаагаар 2005 оноос өнөөг хүртэл бүртгэгдсэн мэдээллээр 44 мянган бага болон өсвөр насны охин алга болсон ба тэдгээрийн 11 мянга нь өнөө хэр ямар ч ор сурагггүй алга болжээ. Харин хулгайлагдсан болоод хүчирхийлэлд автсан охидын 40 гаруй хувь нь бэлгийн мөлжлөгөд өртөж байсан тухайгаа мэдээлсэн байна.
Охидын хүчирхийлэл 13 настайгаас эхэлж байна
Судалгаанд оролцсон охидын дийлэнх хувь нь 13 наснаас эхлэн ямар нэг байдлаар бэлгийн хүчирхийлэл, дарамтад орж эхэлдэг аж.Үүнийг хүн амын тоотой харьцуулан авч үзвэл нийт охидын 40 хувь нь бэлгийн хүчирхийлэлд өртөх сурч боловсрох эрхээ боолгож байна гэсэн үг юм. Сургуулиас завсардсан, хөдөлмөр эрхлэхийн зэрэгцээ 15-16 наснаас нь биеийг нь үнэлүүлэх асуудал тулгардаг. Дээрхи судалгаанд оролцсон охидын ихэнх нь 16 насандаа анхныхаа хүүхдийг төрүүлсэн байгаа юм.
Түүнчлэн охидыг багаас нь худалдаалах, бусдад бэлэглэх, хууль бусаар боолчлох зэрэг үзэгдэл их. Энэ мэт боолчлолын төрлийн хүчирхийлэл төв суурин газраас зайдуу хөдөөгийн тосгонуудаар их байдаг аж. Худалдаалагдсан охид ажил хөдөлмөр хийхээс илүүтэйгээр бэлгийн мөлжлөгт өртдөг ажээ.
Энэтхэгийн өмнөд бүсийн Андра Прадешаймагт охидын наймаа их байдгыг харуулсан байна. Энэ төрлийн хүний наймаа гэрлэлт гэсэн нэрэн дор явагддаг бөгөөд наймаанд өртсөн охид айлд байж боолын ажил эрхлэхээс гадна бэлгийн мөлжлөгийн бай болсоор байна. Ойролцоогоор жилд 300 орчим мянган охид эмэгтэйчүүд иймэрхүү замаар гэмт хэргийн золиос болдог ажээ. Тэдгээр охидын дөнгөж 3000 нь л эрхээ хамгаалуулах, хариуцлага тооцуулах, эцэг эхийн хараа хяналтад байдаг юм байна.
Энэ тухай нутгийн эрх мэдэлтнүүд болоод цагдаа нар мэддэг хэдий ч төдийлөн ач холбогдол өгөлгүй өнгөрсөөр өнөөг хүрчээ.
Өөр нэг хэлбэр бол янхны газарт зарах явдал. Охидыг эмсийн хүрээлэнд зарах бөгөөд биеийг нь үнэлүүлснийхээ хариуд амьдралд үл хүрэлцэх мөнгө өгч тэднийг мөлждөг аж. Ерөнхийдөө зөвхөн хоолны мөнгө төдийхнийг л охидод өгдөг гэнэ. Энэ бүхэн нь туйлын ядуу амьдралтай холбоотой. Эмсийн хүрээлэн дарамт ихтэй учир зодуулах гэмтэж бэртэх явдал их байдаг гэж тэндхийн охид ярьдаг. Энэ дарамтыг тэсэлгүй амиа хорлох үзэгдэл ч сүүлийн жилүүдэд их болсон байна.
Мөн учраад буй бас нэгэн томоохон асуудал бол ДОХ-ын тархалт юм. Энэтхэгт 10 эмэгтэй хүүхэд тутмын гурав нь ДОХ-ын халдвартай байна гэсэн статистик мэдээ бий. Энэ нь үндэсний аюулгүй байдалд болон удмын санд нөлөөлөхүйц хэмжээнд хүрээд байгаа юм.
Эмэгтэйчүүдийн боловсрол орхигджээ
Энэтхэгт эмэгтэйчүүдийн эрх тийм ч дээгүүрт тавигддаггүй. Энэ нь боловсрол эзэмшихтэй ч холбоотой. Охидыг багаас нь эхнэр болгон богтолж сургуулиас гаргах нь энгийн үзэгдэл. Дунд сургууль төгсөөд л айлын эхнэр болохдоо бэлддэг гэхэд хилсдэхгүй. Их дээд сургуульд сурах нь ихэнх охидын хувьд мөрөөдөл болон хоцорсон байна. Хүн амын 64.8 хувь нь л бүрэн бичиг үсэг тайлагдсан бөгөөд тэдний дийлэнх нь эрэгтэйчүүд юм.
Охидын хувьд сургуулиас гарч айлын эхнэр болсон бол зөвхөн гэрийн ажлаа хийх л үүрэг ногддог. Үүнтэй ч нийгмийн бүтэц нь эвлэрсэн аж. Боловсролд зарцуулах зардал их өндөр учир тэр бүр суралцах боломж ч бага. Жишээ нь охин хүү хоёртой айл байлаа гэж бодоход хүүгээ л сургаж, сургуульд явуулдаг. Харин охид гэртээ үлддэг. Тэднийг зөвхөн гэрийн ажилдаа л сайн байхыг сургадаг аж. Зарим боломжтой гэр бүлүүд байсан ч охидоо хөвгүүдээс илүүд үзэн дээд боловсрол эзэмшүүлэх нь ховор. Үүнтэй зэрэгцэн ажлын байрны ч олдоц муу учир энэтхэгт охидод сонголт бага.
Энэ бүх дарамтын чанартай үйлдэл бүхэн эртнээс уламжлан ирсэн ёс заншил, зан үйлтэй холбоотой өнөөдрийг хүрсэн байна. Эдгээр дарамт, эмэгтэй хүний эрхийг уландаа гишгэсэн үйлдлүүдийг зогсооход Засгийн газар нь ч хүч хүрэхгүй байгаа нь он удаан жил ужгирсан дарамтын системтэй холбоотой гэж хэлж болно.
Олон олон охидын нулимс хацрыг нь бус зүрхийг нь зүсээн урсаж байгаа ч тэднийг аврах авралын гар тэдэн рүү сунах болоогүй байна.
Э.Мөнхнасан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ