
БНСУ-д зорчих, нэвтрэх ямар нэгэн визагүй монгол залуу тус улсын Инчон хот дахь Олон улсын нисэх онгоцны буудлаас зугатаасан хэрэг саяхан гарчээ. Тэрбээр олон улсын нисэх онгоцны буудлын IV давхарын дамжин өнгөрөх танхимын таван метрийн өндөрт байрлах төмрөн хамгаалалтыг эвдэн зугатааж чадсан ч, өчигдөр Сөүл хотын нэгэн нийтийн байранд найз охины хамт баригдсан аж. Тус улсад хууль бус аргаар нэвтэрсэн Монгол улсын иргэн E(21) өмнө нь тус улсад хууль бусаар ажиллаж, амьдарч байсан эцэг эхийнхээ хамт Сөүл хотод бага, дунд ангиа дүүргэсэн гэнэ. Тиймээс Солонгос хэлээр маш сайн ярьдаг бөгөөд ийнхүү баригдахаасаа өмнө Итали улсад кино найруулагчаар суралцаж байсан аж. Тэрбээр өнгөрсөн наймдугаар сараас эхлэн найзалж буй Солонгос улсад суралцаж байгаа Монгол найз охинтойгоо уулзахаар энэхүү алхамыг хийсэн хэмээн мэдүүлсэн гэнэ. Ингэхдээ Италийн Ром хотоос Туркийн Истанбул хүртэл нисч, тэндээсээ Улаанбаатар хүртэл нисэх байсан ч, чиглэлээ өөрчлөн Солонгос улс руу хууль бусаар нэвтрэн орох оролдлого хийсэн ажээ. Түүнийг нисэх онгоцны буудал дээрээс найз охин руугаа утасдсан ул мөрөөс эхлэн мөрдсөн бөгөөд найз эмэгтэйнхээ хамт байршлаа солин цагдаагийнхнаас зугатааж байсан гэнэ. Одоогоор түүнд Солонгос улсад хууль бусаар нэвтэрсэн хэргээр хуулийн хариуцлага хүлээлгэхээс гадна, нисэх онгоцны буудлын хүлээлгийн танхимаас хууль бусаар гарсан оролдлого хийсэн хэрэгт нь хоёр сая воны торгууль оногдуулах юм байна.
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ