Батлан хамгаалах, хууль сахиулах алба хаагчдын нэгдсэн эмнэлэг /хуучнаарТөрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэг/-ийн эрүү нүүрний мэс заслын эмч, дэд хурандаа Н.Баярсайхантай ярилцлаа. НҮБ-ын энхийг сахиулах үйл ажиллагаанд оролцож, Сьерра Леоненд алба хааж байсан түүнтэй өнөөдрийн “халуун” сэдвээр хөөрөлдсөн юм.
-Та эрүүл мэндийн салбарт хэчнээн жил ажиллаж байна вэ. Сүүлийн үед эмчийн хариуцлагагүй үйлдэл, ёс зүйтэй холбоотой асуудлууд олны анхаарлыг татах боллоо?
-Би 1983 оноос хойш эрүүл мэндийн салбарт ажиллаж байна. Тангараг өргөсөн эмчийн хувьд ард түмнийхээ эрүүл энхийн манаанд гуйвж, дайвалгүй зогсч ирлээ. Манай хилийн цэрэг чинь их онцлогтой. Би эмчийн тангаргаас гадна эх орныхоо төлөө тангараг өргөсөн хүн. Монгол Улсынхаа торгон хилээр явахдаа очоогүй отряд, застав, хилийн пост гэж байхгүй. Өнгөрсөн хугацаанд улсынхаа хилийг хоёр бүтэн нэг хагас тойрчээ.
Харин сүүлийн үед эмчийн хариуцлагагүй үйлдлээс болж иргэд хохирч байгаад харамсаж байна. Эмч хүн өргөсөн тангарагаа хэзээ ч умартаж болохгүй.
-Цэргийн эмч энгийн эмч хоёрын хооронд ялаа их бий биз?
-Тэгэлгүй яахав. Цэргийн эмч хариуцлага өндөртэй. Гэхдээ би энгийн эмч хариуцлага султай гэж хэлээгүй шүү. Ямар ч байсан цэргийн эмч тушаалаар ажил гүйцэтгэдэг учраас шуурхай, дайчин, аливаа ажилд хандах хандлага, гүйцэтгэлээрээ ялгардаг юм.
-Та Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэгт 30 гаруй жил ажилласан хүний хувьд Засгийн газрын шийдвэрийг хэрхэн хүлээн авав. Өөрөөр хэлбэл, Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийг Цэргийн госпитальтай нэгтгэсэнд ямар байр суурьтай байгаа вэ?
-Бид төрийн тусгай албан хаагчид гэдгээ мартаж болохгүй. Холбогдох яам, төр засгийн бодлого, шийдвэрийг дагаж, үг дуугүй биелүүлэх ёстой гэж эмч хүнийхээ хувьд, цэргийн хүний хувьд бодож байна. Анх учрыг нь олоогүй байхдаа манай эмнэлгийг Цэргийн госпитальтай нэгтгээд шинээр баригдаж байгаа өргөтгөлийн барилгыг оффис болгоно гэхэд их эмзэглэсэн. Ажилгүй болох нь, цомхотголд орох нь гээд хүмүүс бухимдаж, сандарч, айдастай болж эхэлсэн. Тиймээс дор бүрнээ эсэргүүцлээ илэрхийлсэн байх. Цэргийн эмч бидний хувьд ч ялгаагүй, эхэндээ буруу зөрүү ойлголттой байсан учраас эмнэлгийн зориулалттай барьсан барилгаа зориулалтаар нь ашиглахын төлөө тэмцэж байлаа. Харин Засгийн газрын тогтоол гарч, хоёр эмнэлгийг нэгтгээд Батлан хамгаалах, хууль сахиулах алба хаагчдын нэгдсэн эмнэлэг болгосны дараа бодлоо өөрчилсөн. Төрийн бодлого, шийдвэрт хүндэтгэлтэй хандсан, нөгөөтэйгүүр бид хууль сахиулах салбарт ажиллаж байгаа төрийн тусгай албан хаагчид гэдгээ умартаж болохгүй. Тушаал, шийдвэрийг дагаж мөрдөх учиртай.
-Тэгвэл төрийн тусгай албаны мөрдэстэй эмч нар төрийн бодлого шийдвэрийг эсэргүүцэхдээ ард иргэдийн нэрийг барьж улстөржиж байна гэж шүүмжлэх хүмүүс байна. Үүнтэй та санал нийлэх үү?
-Энгийн эмчтэй харьцуулахад бидэнд улстөржиж, жагсаал цуглаанд оролцох эрх хязгаарлагдмал байдаг. Бид сахилга батын, цэргийн, дотоод албаны дүрмийн хүрээнд л ажиллах ёстой хүмүүс. Тиймээс эмч нар улстөржиж байна гэдэг шүүмжлэлийн тухайд, санал нийлэхгүй. Харин зарим нэг нөхөд эмнэлгээ аврахын тулд улстөрчдөөс тусламж гуйсан. Харамсалтай нь тэд Орон нутгийн сонгуулиар энэ асуудлыг улстөржүүлж, хэсэг бужигнуулсан даа. Тэрнээс биш, анх эмнэлгийн асуудал их тайван эхэлсэн шүү дээ.
-Зарим албан хаагчдад удирдлагын зүгээс дарамт ирж байгаа тул аргагүй эрхэнд аялдан дагаж байна гэх мэдээлэл байна. Тухайлбал, танд хэн нэгнээс ямар нэгэн дарамт шахалт ирэв үү?
-Дарамт шахалт ирээгүй. Гэхдээ шинэчлэлийн Засгийн газрын бодлого, шийдвэрийг дэмжиж байгаа эмч, эмнэлгийн албан хаагч олон бий гэдгийг хэлмээр байна.
-Төгсгөлд нь таниас нэг зүйлийг асууя. Та энхийг сахиулах үйл ажиллагаанд оролцсон цөөхөн эмч нарын нэг. Хаана алба хаасан бэ?
-НҮБ-ын мандаттай энхийг сахиулах ажиллагааны хоёр дахь ээлжийн эмчээр үүрэг гүйцэтгээд ирсэн. Сьерра Леоненд алба хаасан. Би 50 насныхаа босгон дээр энэ ажиллагаанд орсон юм.
Д.Цэцэг