Бага ангийн багш Ш.Цолмон:Багш нар заах арга зүйгээ өөрчилж, хурдан хөгжиж байна
Шинэчлэлийн Засгийн газрын мөрийн хөтөлбөрт туссан боловсролын салбарын гол ажил нь сурагч, оюутан, багш хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх бодлого хэрэгжүүлж, тогтолцооны шинэчлэл хийх явдал юм. Шинэчилсэн хөтбөлбөрөөр хичээллэж эхлээд байгаа БЗД-ийн 44 дүгээр дунд сургуулийн бага ангийн багш Ш.Цолмонтой ярилцлаа.
-“Хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх” шинэ хөтөлбөрөөр хичээллээд сар гаруй болж байгаа гэсэн. Сургалтын үр дүнгийн талаар ярихгүй юу?
-Энэ шинэ хөтөлбөр хэрэгжснээр хамгийн түрүүнд багш нар өөрсдөө өөрчлөгдөж, ажлын байранд хөгжих үндсэн нөхцлийг бүрдүүлж өгсөн. Хоёрдугаарт хүүхэд нэг бүрт сурах хүсэл, эрмэлзэл тэмүүллийг бий болгосон. Хичээлд дургүй хүүхдүүдийн нүдэнд гал асч байгаа нь илт харагдах боллоо. Багш нар багаар ажиллаж, тэр хэрээр хамт олон дунд эвтэй, эерэг орчин бүрдэж байна. Үүнийгээ дагаад эцэг, эхчүүд ч гэсэн багш, сурагчидтай нийлж баг болж ажиллаж байгаа. Тиймээс би энэ хөтөлбөрийн хэрэгжилтийг багшид ч, хүүхдэд ч, эцэг, эхэд ч үр дүнгээ өгч байна гэж дүгнэж байгаа. Багш нар шинэ боломжуудыг хайн, эрэлхийлж тэрхүү боломж дээрээ туршиж үзээд хүүхдэд юу хэрэгтэй байгааг мэдэрч хүүхдийг зөв төлөвшүүлж, зөв дадал хэвшилтэй, зөв бодолтой хүн болгохын төлөө ажиллаж байна даа.
-Танай ангийн хүүхдүүд чухам яаж өөрчдөгдөв?
-Би гуравдугаар ангийн багш. Миний хүүхдүүд ангиараа шүлэг уншиж сурлаа. Эх орны сэдэвтэй шүлэг цээжилсэн. Шүлэг цээжилж, яруу тод уншихдаа гол нь биш. Түүгээр дамжуулан эх орон гэж чухам юу болох, эх орноо хэрхэн хамгаалах ёстой юм, эх орны хил хязгаар гэж юуг хэлээд байгаа юм бэ гэхчилэн танин мэдэхүйн талаасаа ойлголттой болж газрын зурагтай харьцаж сурсан.
-Өмнө шүлэг цээжлүүлдэггүй байсан юм уу?
-Мэдээж цээжлүүлдэг байсан. Өмнө нь бид хүүхдүүдэд шүлгийг зүгээр цээжлүүлэхийн тулд л цээжлүүлдэг байсан юм байна. Гэтэл шүлгээр дамжуулан бүх хичээлийг ойлгох чадвар сууж байгааг өнгөрсөн нэг сарын хугацаанд олж харлаа. Шүлэг цээжилсэн хүүхэд ой тогтоолт сайжрахын зэрэгцээ уран яруу унших, зөв сайхан бичих гээд олон талын ач холбогдолтой. Монгол эх хэлээрээ зөв сайхан ярьж сурсан хүн ямар ч шинжлэх ухааны мэдээллийг зөв ойлгож эхэлдэг. Шуудхан хэлэхэд өмнөх сургалт бол багш хүүхдэд мэдлэг өгөх төдий л явж иржээ. Учир нь багш нар хичээл заах цаг, минут, стандартдаа баригдаад хүүхэд нэг бүртэй тулж ажиллах боломжгүй байсан. Бөөнд нь заагаад тэдний юу сурч мэдснийг шалгалтаар л дүгнэдэг байлаа. Одоо бол энэ төсөл хүүхэд бүрийг чадваржуулах үндсийг бий болгож байна. Хүүхэд хэр чадваржиж, ахиц амжилт гаргаж байгаагаар нь багшийн ажлыг үнэлдэг болж байна.
-Шүлэг уншаад л бүх хичээлд өв тэгш суралцана гэдэгт шүүмжлэлтэй хандах хүмүүс бий?
-Хуучин арга барилаар л сэтгээд байна л даа. Тэр хүмүүсийг буруутгах аргагүй. Манай эцэг, эхчүүдээс Иргэний боловсрол хичээл орохгүй байна гэсэн гомдол гаргаж бүр “Ард түмний индэрт” хандсан. Тэгэхэд би шинэ хэрэгжиж буй төсөл хөтөлбөрийг танилцуулаад, хүүхдүүдээ богино хугацаанд хэрхэн өөрчлөгдснийг харуулахад эцэг, эх бидний сургалтын арга барилыг аяндаа хүлээн зөвшөөрсөн. Энэ сургалтын хамгийн гол зорилго нь хүүхдийн алдааг буруушаахаас илүү сурлагын ахиц амжилтыг үнэлэх явдал. Ахиц амжилтаа үнэлүүлсэн хүүхэд өөртөө итгэлтэй болдог. Өөртөө итгэлтэй хүн өөрийгөө нээж их зүйлийг ойлгож ухаарах чадвартай болдог. Өмнө нь бид 100 үгтэй цээж бичиг бичүүлээд тэндээс 10 алдсан хүүхдийг “алдсан” л гэж буруушаахаас “90 үг зөв бичсэн байна” гэж урамшуулдаггүй байсан. Одоо энэ арга барил 100 хувь эргэж тухайн хүүхдийг 90 үг зөв бичсний төлөө урамшуулж “Чи аравхан алдсан байна. Сайн байна” гэхэд тэр хүүхдийн нүдэнд баяр баясал тодроод, өөртөө итгэх итгэл төрөхийн сацуу дараа 95 үг зөв бичихийн төлөө зорилт тавьж байх жишээтэй.
-Өмнө нь багш нар яагаад ингэж сургаж болоогүй юм бол. Жишээ нь та энэ арга барилаар хичээлээ заах боломж байгаагүй юу. Юу саад болоод байсан юм бэ?
-Багш нарт тогтсон агуулга, стандарт заагаад өгчихдөг байсан. Заасан агуулга стандартын дагуу л бид сургалтаа явуулах ёстой. Багш хүүхдэд юм заах мэдээлэл түгээх зорилготой байсан болохоос эргээд тухайн хичээлийг яаж заавал ямар үр дүнд хүрэх вэ гэдэгт гол анхаарлаа хандуулж ажилладаггүй байсан юм байна. Учир нь багш ажлаа цаасаар үнэлүүлдэг, өдөр болгон төлөвлөгөө, конспект бичдэг байсан. Одоо бол цаасаар шалгуулахгүй, хүүхэд нэг бүрийн чадавхиар шалгуулах учраас хүүхэд бүрт чадвар эзэмшүүлэхээр ажиллаад эхэлж байна. Өөрөөр хэлбэл, баригдмал хайрцагласан орчныг тэлж чадлаа. Мэдээж хэрэг багш болгонд янз бүрийн санаанууд байсан хэрнээ тогтсон агуулга, стандарт гэдэг юм чинь биднийг бариад байж л дээ.
-Энэ хөтөлбөрт гурван сургууль дээр л хэрэгжиж байгаа. Бусад тэр дундаа хөдөөгийн багш нар ойлголт дутмаг байгаа байх. Тэдэнд хандаж та юу хэлэх вэ?
-Надтай хамт багшаар төгссөн хамт олон энд тэнд багшилж байна. Зөвхөн багш гэлтгүй бусад мэргэжлийн найз, нөхдөдөө би энэ тухай их ярьж байгаа. Сургалтад сууж, энэ хөтөлбөрөөр гардан сургалт явуулж байгаа болохоор ч тэр юм уу бүр хүн болгонд яримаар санагдаад байдаг болсон. Богино хугацаанд багш, сурагчдад ахиц амжилт гарч байгаад сэтгэл өндөр байна. Хүүхдүүдийн ахиц амжилт, өөрийн дур сонирхол зэргээс дүгнэж бодоход энэ хөтөлбөр багш нарыг үндсэн ажилд оруулаад ирж байна. Бичиг цаас, төлөвлөгөө конспектод цагаа царцуулахгүй, хүүхэдтэй ажиллах цаг олгож өглөө. Бид олон өдрийн сургалтад хамрагдаж байгаа ч улам их зүйл мэдэж, шинэ мэдээлэл сонсч, тэрнийгээ амьдрал дээр туршаад, шавь нар маань нүдэн дээр ахиц амжилт үзүүлээд ирэхээр үнэхээр сэргэлт ирж, ажиллах урам зориг орж байгаа.
-Шүлгийг хүүхэд бүр цээжлэх боломжтой л доо. Харин математикийн хичээлийг хүүхэд нэг бүрт ижил түвшинд сургах боломж хэр байдаг юм бол?
-Боломжтой л гэж үзэж байна. Жишээ нь, эх орны тухай шүлэг цээжлүүлэхэд хүүхдүүд газрын зураг аваад ирсэн. Тэр зургийг математикийн хичээл дээр ч ашиглах боломжтой. Жишээ нь, Улаанбаатараас Дорноговь хүртэл хичнээн км вэ гэдгийг тооцож болж байна. Тэгвэл цагт 50км хурдтай явдаг машинаар Дорноговь руу явахад хэдэн цаг яваад очих вэ гэхээр ямар ч хүүхэд бодчихож байгаа юм. Цаашлаад Улаанбаатар газар зүйн хувьд аль бүст, Дорноговь аль бүст харьяалагддаг, цаг агаарын хувьд ямар ялгаатай вэ гэхчилэн байгалийн ухаан, хүн орчны хичээл давхар орж байгаа юм. Дээрээс нь Монголын газар нутгийн хил хязгаарыг нь тогтооно, 21 аймаг аль, аль зүгт байдгийг мэдээд авч байна. Бүүр цаашлаад “Хотын төвөөс манай гэр хүртэл хэдэн км вэ гэдгийг аавын машинтай явж үзье” гээд тэр тооцоог гаргаад ирсэн хүүхэд байна. Тэгэнгээ машины марк хүртэл тогтоогоод ирж байх жишээтэй. Шүлэг сайн цээжлээд монгол хэлээрээ сайн уншаад ойлгоод сурчих юм бол өгүүлбэртэй бодлогын утга санааг ч хялбархан ойлгодог болно. Том хүмүүс ярьдаг даа. “Уг нь би энэ шүлгийг мэддэг байсан юм. Одоо мартчихаж” гэж. Энэ бол чадвар суугаагүй зөвхөн мэдээлэл аваад тухайн үедээ цээжлээд, бодоод өнгөрөөчихсөн л хэрэг. Тэгтэл одоо үгийн утгыг нэг бүрчлэн ойлгоод ирэхээр хэзээ ч мартахааргүй ойлгож байгаа юм. Шинэчлэлийн энэ хөтөлбөр цаашдаа үр дүнгээ өгнө гэдэгт итгэлтэй байна. Одоо даасан энэ ангиа тавдугаар анги төгстөл нь дахин хоёр жил шинэ хөтөлбөрөөр хөгжүүлээд аливаад нухацтай, зөв сэтгэлгээтэй, зөв ярьж чаддаг, зөв ойлгодог монгол хүнийг төлөвшүүлнэ гэдэгтээ итгэж байна.
Д.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ